Яруу найрагч Э.ЭНХБОЛД: Хүн хайрынхаа төлөө тэмцдэг шиг яруу найрагчид “Цагаан уул”-ын төлөө уран бүтээлээрээ тэмцэлдсээр байх болно

utu“Цагаан уул” яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Энхболдтой ярилцлаа.

-Хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд түрүүлсэнд тань юун түрүүнд танд баяр хүргэе?

-Баярлалаа. Монголын Залуучуудын Холбооноос залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор зохион байгуулагддаг хайрын шүлгийн “Цагаан уул” яруу найргийн наадам өнөө жил 16 дахь удаагаа боллоо. Миний хувьд зургаан жил оролцож байна. Анх оюутан ахуй цагаасаа оролцож эхлээд хоёр, гурав, дөрөв, тавдугаар байрт шалгарч, “Хайрын дууч” өргөмжлөл хүртэж байсан. Өнөө жил хоёрдугаар сарын 14-н буюу бидний хэлж заншсанаар гэгээн хайрын валентины өдөр болсноороо онцлог болсон. Ханьдаа, хоёр хүүдээ барьсан энэ өдрийн хамгийн том бэлэг “Цагаан уул” наадмын тэргүүн шагнал байлаа. Энэхүү яруу найргийн наадамд оролцож байгаа гэдгээ эхнэртээ хэлээгүй. Ямар нэгэн байрт шалгарвал ханьдаа барих бэлэг минь энэ байг гэж бодсон юм. Яруу найргийн наадмын шилдэг таван найрагч шалгаран үлдсэн байхад найзын маань гэргий хань Р.Ариунжаргалд маань “Танай хүн энд бут авч байнаа. Ирж үзэхгүй яасан юм” гээд хэлчихсэн байсан. Тэгээд л миний гэргийдээ барих сюрприз задарсан даа. Өмнө хэд хэдэн удаа шагналт байрт шалгарч байсан болохоор нэг их догдлохгүй байх болов уу гэтэл маш их баярласан байсан.

-Өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. Та аль нутгийн хүн бэ?

-Ус нутаг маань гэвэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх гээд буйдхан нэгэн тосгон байдаг юм. Тэнд хүй цөглөж, хүн болсон. Анир гүмхэн энэ л хөндийд 18 жил амьдарч ном, эрдмийн мөр хөөж их хөлийн газар Улаанбаатарт ирж байлаа. Аавыг маань Д.Энхбаатар гэдэг. Сум, аймаг, улсдаа нэртэй багш хүн бий. Одоо ч гэсэн Хэрхийнхээ сургуульд хэдэн хүүхдүүдтэйгээ бужигнаж байгаа. Ээжийг маань И.Ичинноров гэдэг. Насаараа холбоонд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би хоёр дүүтэй. Нэг нь аавын мэргэжлийг өвлөсөн багш болсон. Бага дүү бөхөд учиргүй дуртай, сумын заан нөхөр бий.

Миний хувьд эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Хүн бүрт төрж өссөн нутаг ус нь бүхнээс эрхэм байх нь дамжиггүй. Миний хувьд ч гэсэн сэтгэлдээ Ширхэнцэг хайрхан, Их, Бага хоёр Мандал, Ноён уулаа тээж явдаг. Харин Хараа гол минь сэтгэл дундуур минь цаг ямарт харгилан урсдаг даа. Төрсөн нутаг хүнийг багад хүн болгож төлөвшүүлдэг юм болов уу гэж боддог. Хараа голын хөвөө, Ширхэнцэг хайрханыхаа өврөөс хүн чанар, хайр, итгэл, энэрэлийг түүсэн. Тэгж л хүн болсон. Монголын утга зохиолд өөрсдийн зам мөрийг гаргаж, орон зайгаа үлдээсэн С.Базарсад агсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Р.Ганбат, “Мөнгөн цом”-ын эзэн яруу найрагч С.Чулуунбаатар гээд аваргууд төрсөн. Хажуу суманд буюу Баруунхараад орчин цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Гомбын Сэр-Од төрсөн. Тиймээс Хараа голын хөвөөнөөс үеийн үед утгын мэргэд төрөх учиртай байж ээ гэж боддог. Гэхдээ би эдгээр хүмүүсийн хажууд бол Хараа голын жараахай юм.

-Хэзээнээс эхэлж шүлэг, яруу найрагт шимтэх болсон бэ?

-Сумандаа сургуульд сурч байхдаа уул, усныхаа тухай шүлэг бичиж байсан. Цэвэрхэн бичигтэй, шүлэг оролддог гээд ангийнхаа хөвгүүдийн захидлыг их бичнэ. Хүний өөрийн шүлэгнээс хольж байгаад ямар ч байсан захидал бичиж, захиа зөөгч нарт нь өгнө. Тэр үед захидал, шүлэг гэж ямархуу юм холиож байсан юм бол бүү мэд. Шүлэг их муу бичдэггүй байсан байх. Ямар ч байсан тухайн үед хүүхдүүдийг хооронд нь үерхүүлээд л байсан юм.

Анх найм дугаар ангийн сурагч гар бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орж түрүүлчихээд ирлээ. Өглөө нь хичээлдээ иртэл “Аймагт Г.Сэр-Одын нэрэмжит Дунгийн эгшиг яруу найргийн наадам болно, орох уу” гэдэг юм байна. Би ч “тэгье” гээд л уран зохиолынхоо хичээл дээр гурван шүлэг бичээд явж байлаа. Тэгэхэд хоёрдугаар байрт шалгарсан нь урмын ташуур болсон. Түүнээс хойш яруу найрагт сэтгэл зүрхээ өгсөн дөө.

-“Цагаан уул” наадамд зургаан жил дараалан оролцсон гэлээ. Тус наадам бусад яруу найргийн наадмуудаас хэр ялгаатай болдог вэ?

-Хайрын шүлгийн наадам гэдгээрээ мэдээж яруу найргийн наадмуудаас ялгаатай. Мөн уг наадамд залуучууд оргилсон хайр, түүнээс гарах агуу хүч мэдрэгддэг. Залуучуудын дунд зохион байгуулагддаг тул тэднийг бие биенээ хурцлах, хайртай хүндээ сэтгэлийнхээ үгийг хэлэх ховорхон завшаан болдог. Яагаад ч юм “Цагаан уул” наадам сэтгэлд ойр байдаг болоод ч тэр үү хүндэтгэлтэй хандаж, хүндэтгэлтэй оролцохыг боддог. Саяхан нэгэн цахим сайт дээр “Цагаан уул” наадмыг “Болор цом”-оос илүүд үзэх болжээ гэсэн мэдээ тавигдсан байна лээ. Илүү шударга болдог тул “Болор цом”-оос илүүд үзэх болжээ гэдгийг уншаад үнэний ортой юм гэж бодож л суулаа. Энэхүү наадамд “Болор цом”-ын эзэд уралдаад байдаггүй ч “Болор цом”-ын үе үеийн эзэд төрсөн байдаг. Миний хувьд залуу хүн бадарсан хайрын шүлгээ хэдэн жил уншъя гэж бодож оролцдог байсан. Мэдээж нэгэнт л уралдаж байгаа хүн түрүүлэхийг хүсэлгүй яахав. Энэ хүсэл маань ч биеллээ.

tett

-Өөрийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэнэ гэдэг нэг бодлын сайхан ч айдас дагуулдаг байх. Таны хувьд тайзан дээрээс шүлгээ дуудаж байгаа тэр агшныг юутай зүйрлэх бол?

-Яруу найрагчид нэг шүлэг төрөхөд л хүн төрж байгаа мэт баярладаг хүмүүс. Цээжинд тултал зангирсан тэр үгс үзэг, цаас хуримлуулсны дараа задардаг. Тэр үед нэг сайхан уужим амьсгал авчихмаар санагддаг. Мэдээж тархи, зүрхний гүнээс гарсан тэр л шүлгээ тайзан дээр гараад унших шиг жаргал хаа байхав. Бүргэдтэнгэртээ жаргалтай байдаг бол яруу найрагчид зовж бүтээсэн шүлгээ тайзан дээрээс дуудах үедээ хамгийн аз жаргалтай байдаг. Ялангуяа эх орон, хайрын шүлгийг тайзан дээрээс уншихад сэтгэлд ямар нэгэн далдын хүч ирж байгааг мэдэрдэг. Хайр, эх орон гэдэг яруу найрагчдын мөнхийн сэдэв. Цаашлаад мөнхийн эрч хүч юм шиг байгаа юм.

-Энэ жил хэр хүлээлттэй байсан бэ?

-Учиргүй түрүүлчих юмсан гэж улайраагүй ч өмнө нь хэд хэдэн жил дээгүүр давхичихсан тул гайгүй орчих болов уу гэсэн горьдлого байсан. Гэхдээ найрагч бүр ногт ганзагалж ирж байхад өөрийгөө болон уран бүтээлээ л сайн бэлдэж ирэх нь чухал. “Цагаан уул” наадамд яг түрүүлнэ гэж бодоогүй ч ерөнхийдөө боломж байгааг мэдэрч байсан гэхэд болно. Өмнөх жилүүдэд уг наадамд түрүүлэх боломж байсан ч зөв ашиглаж байгаагүй.

-Тодруулбал?

-Шүлгийн сонголтоо буруу хийсэн. Хамгийн сайн найз цагаа тулахаар амиа хоохойлж өөрийгөө боддог юм билээ. Тэртээ 1990-ээд оны үед манай найрагчид “Болор цом” наадмын сүүлийн даваанд шалгарчихаад “Энэ гурваас алийг нь уншвал дээр вэ” гээд асууж явсан гэсэн. Үнэхээр тэднийх нь зөвлөсөн шүлэг цом чирээд л ирдэг байсан гэдэг. Өмнө нь хоёр ч жил “Цагаан уул”-д хамт орж байсан найзуудаасаа аль шүлэг нь дээр вэ гэхэд аль мууг нь хэлж байсныг сүүлд нь мэдсэн. Тэгж л итгэл гэдэг зүйл хугарахдаа хүртэл амархан юм байна гэдгийг ойлгосон. Би итгэмтгий хүн. Тийм болохоор энэ зангаасаа болоод хааяа буруудчих гээд байдаг. Одоо гэхдээ нас яваад ирэхээр хүн тохь суудаг бололтой. Аливаад өөрийн ухаанаар хандах нь нэмэгддэг юм байна.

-Энэ жилийн наадмын онцлог юу байв?

-Гэгээн хайрын өдөр болсноороо нэгдүгээрт онцлог болсон. Нөгөө талаас нийслэлээс шалгарсан 30 найрагч дээр орон нутагт зохион байгуулагдсан “Цагаан уул” наадмын тэргүүн шагналтнууд нэмэгдэн 50 найрагч шүлгээ уншсан нь цар хүрээний хувьд бүр ч илүү болсон болов уу. Жил ирэх бүр найрагч залуусын уншиж буй шүлэгнүүд сайжирч байна. Гэхдээ нэг зүйл анзаарагдсан нь оролцогчид яруу найраг уншиж байна гэдгээ ойлгохгүй байна уу эсвэл уншлагын хэлбэр нь тийм болоод байгаа юм уу их загнаж, зангаж уншдаг болж. Өөрийн яруу найргийнхаа яруу сайхныг гаргахаас илүүтэйгээр үзэгч, сонсогчдоо зандарч байгааг сонсоод төдийлөн сайхан санагддаггүй. Энэ гэхдээ тухайн хүн бүрийн өөрсдийнх  нь бодол, арга барил байдаг биз.

-Өрсөлдөгчдийн хувьд ямар санагдсан бэ. Урьд жилүүдийн өрсөлдөгчдийн талаар?

-Дээр хэлсэнчлэн залуу хүн бүрт уг наадмын үүд хаалга нээлттэй байдаг тул өргөн цар хүрээг хамардаг. Тэр бүгдээс шигшиж дараагийн шатанд тайзнаа уншуулдаг тул ар өврийн хаалга байдаггүй биз. Тиймээс жинхэнэ уран бүтээлчид, уран бүтээлээрээ өрсөлдөх орон зайг бий болгож өгдөг. Цагаан уул наадам жил жилдээ өөрийн гэсэн онцлогтой болдог. Олон сайхан хайрын тухай уран бүтээлийг нээж өгдөг юм. Ирлэсэн тонгорог шиг ид бүтээн туурвиж байгаа залуусын дунд жил бүр гал цацардаг. Өнөө жил ч гэсэн өрсөлдөгчид ширүүн байлаа. Цагаан уул наадмын дэд байрт шалгарсан найрагч Н.Минжинсайхан бид хоёр ноднингийн цагаан уул наадмын хоёр, гуравдугаар байрт шалгарч байсан. Өнөө жил нэг, хоёрдугаар байрт шалгарлаа. Эхний таван байрт шалгарсан залуусаас найрагч Н.Минжинсайхан, Т.Дарханхөвсгөл, Э.Гантулга бид яруу найргийн буянаар танилцаж өнөөдрийг хүртэл дотно нөхөрлөөд явж байна. Тусгай байрт шалгарсан Д.Сосорбарам бол сүүлийн үед утга зохиолд гарч ирж яваа залуу сайхан уран бүтээлчдийн нэг. Утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг “Цагаан уулын эхний таван байрт шалгарсан таван залуу Монголын утга зохиолын залуу үеийнхний цээжинд яваа найрагчид юм” хэмээн шагнал гардуулахдаа хэлж байсан. Яруу найргийн наадмуудын хамгийн хүчтэй өрсөлдөгчид хамгийн дотны найзууд байдаг юм билээ. Үүнийг мэдэрдэг зарим нэг нь тайзнаас буугаад явахад найз хэвээрээ байхад, зарим нэг нь өс санаад үлдэх явдал ч бий.

“Цагаан уул” наадам жилийн жилд хамгийн хүчтэй өрсөлдөгчидтэй болдог. Цаашид ч тийм байх байх. Хүн хайрынхаа төлөө тэмцдэг шиг яруу найрагчид “Цагаан уул”-ын төлөө уран бүтээлээрээ тэмцэлдсээр байх биз дээ.

-Өөр энэ төрлийн наадмуудад нэлээд амжилттай оролцож байсан гэсэн. Тэр талаараа хуваалцахгүй юу?

-Өнөөдрийг хүртэл олон яруу найргийн наадмын тайзнаас шагнал хүртэж байсан. Саяхан өргөмжлөлүүдээ үзэж байсан чинь 20 гаруй яруу найргийн наадмын өргөмжлөл, цом байна лээ. Зарим яруу найргийн наадмаас хасагдчихаад гомдолтой явсан он жилүүд байлгүй яахав. Хоёрдугаар курсын оюутан байхдаа яруу найргийн наадмуудад шүлгээ өгчихөөд тэгэхэд байр эзлэх нь бүү хэл тэнцсэн болов уу гээд горьдлого тээгээд очиход нэр байдаггүй л байсан. Хоёрдугаар курсээ төгсөхийн өмнөөс яруу найргийн наадмуудад тэнцэж анх удаа “Гал онгод” гээд яруу найргийн наадамд түрүүлж байсан. Бадарсан гол онгодын нэртэй уг наадам надад ээлээ өгчээ гэж боддог. Тэр өдрийн орой шагналаа авчихаад нэг их мөнгөтэй хүн найзуудтайгаа хамт баяраа тэмдэглэж билээ.

Үүнээс гадна би гар бөмбөгийн I зэрэгтэй тамирчин. 10 жилийн сурагч байхдаа хичээллэдэг байсан юм. Гар бөмбөгийн спортын нэлээдгүй хэдэн медаль байна.

-“Болор цом” наадмыг найраатай наадам гэдэг юм билээ. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?

-Хүн бүр хардах эрхийнхээ хүрээнд юу ч гэж ярьж болно. Гэхдээ учир зүггүй хардах бас аюултай санагддаг. Манай нэгэн найрагч миний хүндэлдэг найрагч дээр очоод “Та энэ жил 50 саяар “Болор цом” авах гэж байгаа юм уу” гэхэд нь “Би 50 саяар “Болор цом” авах тэнэг биш” гээд явсан байна лээ. Үнэхээр ч тэр хүн аваагүй. Энэ мэтчилэн манай найрагчид өөрсдөө найраатай болдог гээд санаанаасаа нэг тоо зохиогоод ярьчихдаг. Сүүлдээ энэ тэдэн төгрөгөөр худалдаж авсан гээд өөрийнхөө ярьсан зүйлд бат итгэчихдэг юм шиг байна лээ. Миний хувьд “Болор цом” наадамд шүлгээ уншиж явсан. Гэхдээ найраа хийгээд мөнгө төгрөг өгч авалцаж буйг нь хараагүй болохоор би тийм гэж хэлж чадахгүй.

Би яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир гэж хүний дэргэд олон жил болсон. Их ч зүйл сурсан. Ах маань “Хүмүүс муу хүн гээд л яриад байдаг юм. Ямар ч муу хүнд сайн чанар байдаг юм. Түүнийг нь хамгийн түрүүнд харж байх хэрэгтэй” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй. Үнэхээр яруу найрагт зүрх сэтгэлээ өгсөн хүмүүс найраа хийж явдаггүй байх. Өнөөдөр М.Уянсүх, Б.Мягмаржав, Б.Баттулга гэх мэт цом хүртээгүй том найрагчид олон бий. Харин “Болор цом”-ыг нэр хүнд, улс төрийн шат болгон ашиглаж байгаа хүмүүс ч байна.

-Яруу найрагч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Яруу сэтгэлтэй, зөв бодолтой, гэгээн мөртэй хүнийг хэлнэ гэчихвэл “Энэ нөхөр сайхан хуцаж байнаа” гэх хүмүүс таарах байх. Гэхдээ энэ миний л бодол. Яруу найрагчид хүний өмнөөс шаналж, зовлонг нь хугасладаг юм шиг санагддаг. Найрагчдад янз бүрийн чамирхал, хээнцэрхэл хэрэггүй. Хүн чанар, авьяас, мэдрэмж байхад аливаа уран бүтээл гараас гардаг.

-Бүтээлчээр даган дуурайна гэдгийг та юу гэж боддог вэ. Хэн нэгний уран бүтээлийг хуулбарлахгүйгээр уран бүтээлээ туурьвисан арга барилаар нь бичих тохиолдол байдаг уу?

-Бүтээлчээр даган дуурайна гэдгийг би ерөөсөө ойлгодоггүй юм. Аливаа технологийн дэвшлийг бүтээлчээр даган дуурайх боломжтой. Миний хувьд яруу найраг, уран бүтээлийг дээд мэдрэмжийн зүйл гэж ойлгодог. Тийм болохоор бүтээлчээр мэдэрнэ гэж байхгүй байх. Ямар ч уран бүтээлч хүний бүтээлээс хулгайлах гэж хийдэггүй. Зарим нэг үед санаа давхардсан зүйлс ажиглагдаж байдаг.

-Өдөр тутмын сонины ажил хэрхэн өрнөж байна?

-Өдөр тутмын сонин тэр дундаа “Өдрийн сонин”-ы ажил барагдахгүй их байдаг. Хань, хоёр хүүгээ унтаж байхад нь ажилдаа явж, унтаж байхад нь гэрийн бараа хардаг. Ямар сайндаа манай найзууд “Чи боль доо. Ямар айлчин юм уу, дэн буудалд байгаа юм уу. Ар гэртаа хааяа анхаарал хандуулж бай” гэдэг юм. Миний хувьд хүн залуу байхад ажил хөдөлмөрт бүхнээ зориулж ажиллахад үр хүүхэд, ханьдаа цаг гаргах тийм сайхан цаг өөрөө амжилтаа дагуулж ирнэ гэж боддог.

-Сэтгүүлч мэргэжлийнхээ талаар?

-Сэтгүүлч мэргэжил сайхан шүү дээ. Жаахан хүүхэд байхдаа кино, жүжигчид, тамирчид дуучдыг хараад “Пээ мөн агуу хүмүүс ээ” гээд л гайхдаг байлаа. Сэтгүүлч мэргэжлийнхээ буянаар уулгалан гайхдаг байсан хүмүүстэйгээ уулзаж танилцаж заримтай нь бүр ах дүү болоод авсан. Багын мөрөөдөл биелэх шиг сайхан зүйл хаа байхав дээ. Намайг яруу найрагч, сэтгүүлч болоход жигүүрлэсэн хүн маань Норовын Гантулга ах. 10 жилийн юугаа ч мэдэхгүй хүүхэд явахад минь хамгийн анх саяхан Ардын уран зохиолч болсон Шагдарын Дулмаа багшийн гарт өгч байлаа. Түүнээс хойш миний уран бүтээл хийгээд амьдралд их том үүрэг гүйцэтгэсэн хүн бол миний эрхэм ах байгаа юм.

 

-Таны онгодыг хамгийн ихээр хөглөдөг зүйл?

-Цаг хугацааны давхцал хамгийн ихээр нөлөөлдөг. Мөн бүх зүйл угтаа хүртэл чинэрсэн намар хийгээд дэлхий ертөнц дахин төрөх хавар цагт шинэ бүтээл ихээр төрдөг.

-Урлагийн бүхий л салбарт хайрын тухай бүтээлүүд бусад сэдвүүдээс илүү ихээр хөндөгддөг. Энэ бол яалт ч үгүй хамгийн хүчтэй, хэзээ ч дуусашгүй сэдэв. Таны бодлоор гадаадын болон дотоодын уран бүтээлчид дундаас хэний ямар уран бүтээл хайр гэдгийг хамгийн төгсөөр илэрхийлсэн санагддаг вэ?

-Уран бүтээлч бүр өөр өөрсдийнхөө хэмжээнд хайрыг төгсөөр илэрхийлэх гэж оролдсон байдаг. Хайр гэдэг үнэхээр мөнхийн сэдэв. Тиймээс энэ тухай мянга мянган яруу найрагч, зураач, уран бүтээлчид өөр өөрийн өнгөөр дуулах болно. Мөнхийн сэдэвт төсгөл гэж байхгүй. Хэрэв төгсгөлтэй байх л юм бол тэр мөнхийн гэдэг утгаа алдана. Өдөр бүр хэдэн мянган хүн хайрыг өөр өөрийн өнцгөөр харж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих