Хятадын зөөлөн хүч

485553c32bcb3da8greatИракийн дайнд хэн ялав?
Иракийн дайнд хэн ялсан бэ?! Саддамын дэглэмийг унагаасныхаа төлөөсөнд 4500 цэргээ алдаж, 30’000 цэргээ шархдуулж, нэг триллион доллар зарцуулсан ч ардчилсан, олон улсад нээлттэй шинэ Ирак улсыг бүтээх гэсэн анхны зорилгодоо хүрч чадаагүй АНУ уу,эсвэл 100 мянган иргэнээ алдаж, хоёр сая иргэн нь эх орноосоо дүрвэн гарсан, эдүгээ ч “энх” ирээгүй Ирак уу?Энэ асуултанд зарим судлаачид Америк, Иракийналь нь ч биш, жинхэнэ ялагч нь Хятад хэмээн хариулж байна.АНУ тэргүүтэй холбоотны хүчин Иракт довтолсны маргааш буюу 2003 оны гуравдугаар сарын 20-нд БНХАУ-ын Гадаад яамнаас “Ирак дахь цэргийн үйл ажиллагаагаа зогсоож, Иракийн асуудлыг энхийн замаар шийдэхийг Хятадын Засгийн газраас холбоотны хүчиндуриалж байна” гэсэн мэдэгдлийг хийж байв. Харин дөрвөн жилийн дарааэзлэн түрэмгийллийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн Иракт иргэний дайн дэгдээхэд БНХАУ-ын Засгийн газраас “Байж болшгүй хүчирхийлэл” хэмээн АНУ-ын Засгийн газрыг шүүмжилж байв.

Энэ зуур, хөгжиж буй орнуудын үзэл суртлыг үл хөндөж, дотоод хэрэгт нь үл оролцсон эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогоороо Хятад улс тэдгээр хөгжиж буй орнуудын хувьд Америктай эн зэрэгцэх, заримынх нь хувьд АНУ-аас ч илүү сонголт болж амжжээ. Вашингтоны нэр хүнд унахын хэрээр Бээжингийн зөөлөн хүч тэлсээр… Иракийн дайн Ойрхи Дорнод дахь нэгэн аюулыг дараад зогсохгүй,“Дэлхий ертөнц дээрх бурангуй ёсны төгсгөл”хэмээн Ж.Бушийн тодорхойлсонардчилал, нээлттэй зах зээлийг тус бүс нутагтбүтээн байгуулах үндсэн зорилготой байв. Энэ бол Вашингтоны зүгээс нөхөрсөг бус дэглэмүүдэд өгдөг сонгодог шийтгэл билээ. Харамсалтай нь, Америкийн Ирак дахь адал явдал Бээжингийн гадаад бодлогод тун ч нийцсэн “чимэг” болон хувирчээ.

1978 онд Дэн Сяопин хятадын засгийн эрхэнд гарснаасаа хойш хөгжиж буй орнуудад зориулан тун ч даруухан гадаад бодлого явуулж эхэлсэн нь ихээхэн амжилт олж байна. Хэт хурдацтай өсч буй эдийн засгаасаа шалтгаалан байгалийн баялгаар өлсөж буй тус орон байгалийн баялаг ихтэй өмнөд Америк, Африк зэрэг алс холын орнуудтай идэвхтэй хамтран ажилладаг.Жишээ нь, Зимбабегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе улсынхаа эдийн засаг руу пуужин харвачихаад байхад ч Бээжин түүнээс зэс авсаар л байна. Бирмийн генералууд улсаа өрөнд баригдуулж, ардчилсан бус дэглэмээсээ болон олон улсын тавцанд ганцаардаж байхад ч хятадууд тэднээс баяртай нь аргагүй мод худалдан авч л байсан. Суданы дарангуйлагчдаас нефт авахаасаа ч тэд цааргалаагүй. Хятадууд Зимбабегийн зэсний уурхайнуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тэдгээр уурхайн ажилчид “ажлын нөхцөл муу, авилгал газар авсан” гэлцдэг. Харин Бирмийн жагсагчид Хятадын хөрөнгө оруулалттай далан байгуулах төслүүдийн ажлыг зогсоохыг шинэхэн байгуулагдсан иргэний Засгийн газраасаа шаардаж, эцэст нь амжилтанд хүрсэн. Оршин буй дэглэмийг нь америкчууд огтхон ч таалдаггүй улсорнуудад хятадууд л нөхөрлөлийн гараа сунгадаг. Хятадын энэ гадаад бодлого олон улсын тавцан дахь нэр хүндийг нь улам бүр нэмж байна. BBC-гээс явуулсан санал асуулгын дүнгээр, хятадуудад хандах эерэг хандлага дэлхийн хэмжээнд дөрвөн оноогоор өсч, сөрөг хандлага ньч мөн тэр хэмжээгээр буурсан байв. Тэр ч байтугай эерэг хандлагаараа АНУ, Франц, Европын холбоог хойноо орхин тавдугаар байрт орж иржээ. Нэг бус улсад Хятад гэсэн нэр АНУ гэсэн нэрнээс илүү түгээмэл байгаа нь гайхалтай бус гэж үү?!Шинэхэн сонгогдсон Ерөнхийлөгч Обама Иракаас аажмаар цэргээ гаргах, терроризмын эсрэг дайнаа ахин тодорхойлох зэргээр гадаад бодлогоо илүү аядуу болгож буй нь хятадуудын зөөлөн хүчнээс суралцаж буй явдал хэмээн нэг бус судлаач үзэж байна. Мэдээж, дэлхий ертөнцөд нөлөөлөх гэсэн Вашингтоны бодлого дэлхий дээр ганцаардах хүртлээ төгсөхгүй ч Бушийн үеийн ардчиллыг хэт сурталчилсан бодлогоосоо татгалзах хандлагатай байна.

Хан үндэстний хар тив дэх ноёрхол

Аливаа үндэстний бие даасан байдлыг хүндэтгэн, дотоод хэрэгт нь үл оролцох замаарнөлөөгөө тэлэх хятадуудын бодлого /Үүгээрээ тэд хуучин барууны колончлогчдоос ялгардаг/ хамгийн амжилттай хэрэгжиж буй бүс нутаг бол Африк тив. Дэлхийн II дайны дараа африкийн улсууд Франц, Англи, Белги гээдевропын улсуудын колониос ээлж дараалан гарч тусгаар тогтнолоо зарласан. Ингэснээр барууны улс орнуудын нөлөө энэ тивд үлэмж буурсан юм. Тэдний халааг авагчид нь аж үйлдвэржилт, эдийн засгийн огцом өсөлтөөсөө шалтгаалан түүхий эдийн дутагдалд орсон БРИКС /Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, ӨАБНУ/-ийн орнууд байв. Орос, Хятад тэргүүтэй БРИКС-ийн орнууд нь Африк тивийнхувьд гашуун түүхийнх нь буруутан барууны улсуудтай харьцуулахад хавьгүй цагаан дүртэй байв. Ийм ч учраас Хятад тэргүүтэй БРИКС-ийн орнууд энэ тивийн хувьд мөлжигч барууны улсуудаас авран хамгаалагчид гэсэн имижийг хялбархан бүрдүүлж чадсан юм. БРИКС-ийн орнууд болон Африк тивийн хооронд жилд 500 тэрбум долларын худалдааны эргэлт хийгддэг бөгөөд үүний 60 хувь нь хятадуудад хамаардаг. Хятадын шинэ удирдагч Си Зиньпин Африк тивд хийсэн анхныхаа айлчлалын үеэр “Хятад улс африкийн ард түмэнд илүү сайхан амьдралыг хүсч байна” хэмээн мэдэгдсэн нь хятадууд энэ тивд хэр их ач холбогдол өгч буйг илтгэнэ.Үнэхээр ч хятадуудын хувьд Африк бол маш чухал бүс нутаг. Африк тив дэлхийн газрын тосны найман хувийг эзэмшдэг бөгөөд хятадууд газрын тосны импортынхоо 25 хувийг энэ тивээс авдаг. Одоогоор Африк тив даяар 750 мянгаас илүү хятад ажилчид ажиллаж, 800 корпорац үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ тив рүү хийсэн хятадын шууд хөрөнгө оруулалт 1,18 тэрбум доллараар хэмжигдэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн нэг талтай урсгал биш юм. Шинэ боломж хайсан африк цагаачдын урсгал ч дундад иргэн улсын зүг тасралтгүй хөвөрч байна. Африкийн цагаачдыг хамгийн олноор хүлээн авдаг Гуанжоу боомтод л гэхэд 20 мянган африк гаралтай цагаач амьдарч байна. Үүнээс гадна хууль бус 10 мянган цагаач бий гэнэ. Түүнчлэн африкийн 15 мянган оюутан хятад орны өнцөг булан бүрт Хятадын коммунист намын тэтгэлэгээр суралцаж буй. Тэгээд ч “Бяцхан африк”,“Шоколадан хот” гэх мэт нэр бүхий газрууд хятадад цөөнгүй. Хятадыг зорих цагаачдын дийлэнх нь Нигериэс ирдэг. Гэхдээ тэд бол хар тивээс энд ирсэн анхны зочид биш юм. Бүр 1724 онд анхны хар арьст боолууд Датчийн Зүүн Энэтхэг /Одоогийн Индонези улс бөгөөд тухайн үед Датч буюу одоогийн Нидерландын колони байв/ компаниар дамжин өмнөд африкаас Хятадад ирж байв.

Гэвч тэдний энэхүү хэт дотнослыг шүүмжлэх хүмүүс ч бий. Зарим судлаачид “БРИКС-ийн орнууд барууны үндэстэн дамнасан корпорациудын л нэгэн адил энэ тивд хамгийн их шаардлагатай байгаа аж үйлдвэржилтэд огтхон ч анхаардаггүй бөгөөд зөвхөн байгалийн баялгийг нь л хамж байна” хэмээн шүүмжилж, энэ үйлдлийг нь “шинэ империализм” хэмээн нэрлэдэг. Нигерийн төв банкны захирал Ламидо Сануси “Хятадууд манайхаас түүхий эд материал худалдан авч боловсруулсан бүтээгдэхүүн болгон хувиргаад, буцаагаад бидэнд худалддаг. Африкийн талаарх тус улсын сонирхол Америк, Орос, Англи, Бразил гэх мэт бусад улсуудынхаас ялгаагүй” гэжээ. Үнэхээр ч 2011 онд Хятадынзүгээс Африк руу хийсэн 93 тэрбум долларын экспортын дийлэнхийг боловсруулсан бүтээгдэхүүн эзэлж байсан бол импортын дийлэнх нь түүхий эд материал байжээ. Түүнчлэн хятадын хямд үнэтэй хэрэглээний бараанууд африкийн зах зээлд орж ирснээр нутгийн үйлдвэрлэгчдийг зах зээлээс шахаж байна. 2005 онд л гэхэд Лесотод 10 үйлдвэр хаалгаа барьж, 10 мянган ажилчин ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Африкийн даавуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан судалгаагаар, Хятадаас орж ирж буй хямд үнэтэй хувцастай холбоотойгоор Африкт нийт 250 мянган хүн ажлын байраа алдсан нь тогтоогджээ.Африк нь ийм бэрхшээлтэй нүүр тулж буй анхны бүс нутаг ч бас биш юм. Бразил, Мексик зэрэг өмнөд америкийн улсуудын зах зээлд ч хятадын маш хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн нэвтэрч, үндэсний үйлдвэрлэгчдийнх нь байр суурийг ганхуулж байсан. Гэхдээ өмнөд америкийн улсууд зөв зохицуулалт хийснийхээ хүчинд уг асуудлыг шийдэж чадсан юм. Жишээ нь, Бразил улс Хятадаас орж ирдэг найман төрлийн бөс даавуунд квот тогтоох замаар үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалан үлдэж чадсан байх юм. Тэгэхээр африкчуудын хувь заяа өөрсдийнх нь гаргах шийдвэрээс л хамаарах бизээ.

Хятадаас Африкт суугаа бие төлөөлөгч Зон Жианхуа Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа“Хятад ч, Африк ч аль аль нь өнгөрсөн үедээ харь орны дарлалыг хангалттай үзсэн. Биднийг түүх нэгтгэдэг. Энэ нь Африк тив ба манай улсын харилцаанд маш том давуу тал болдог бол барууны улсуудын Африктай хийх харилцаанд сул тал болдог” хэмээжээ. Африк тив Хятад улсын хувьд АНУ-ын дараа орох худалдааны түнш нь бөгөөд тус тивтэй хийх худалдааны эргэлт нь жилд 22 хувиар нэмэгдэж байна. Гэхдээ хятадуудыг магтан сайшаах хүмүүс ч энэ тивд бий. Өмнөд Африкийн Олон Улсын Харилцааны Институтийн эдийн засгийн харилцааны тэнхимийн тэргүүн Грант Макокера “Шинэ тоглогчийн өгөөмөр занг та ч гэсэн харж байна. Тэд дэд бүтцээс эхлээд санхүүгийн салбарт ч хөрөнгө оруулалт хийж байна” хэмээн ярьж байна. Үнэхээр ч хятадын санхүүгийн корпорациуд барууны хөрөнгө оруулагчдыг бодвол хавьгүй бага хүүтэй зээлийг/15-20 жилийн хугацаатай 1,5 хувийн хүү/ тус тивд санал болгож байна. Тэр ч байтугайХятадын Засгийн газар 2000 оноос хойш энэ тивд өгсөн 10 тэрбум долларын зээлээ хүчингүй болгожээ. Үүнээс гадна Африкийн эрүүл мэнд, хөдөө аж ахуй, инженерийн салбарт оруулсан тус улсын хувь нэмэр үлэмж их. 1963 оноос хойш хар тивийн 47 улсад 15 мянган хятад эмч ажиллахдаа ДОХ-ын халдвар тээгч180 сая гаруй иргэнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. 2003 оны байдлаар хятадын 940 эмч энэ бүс нутагт ажиллаж байв. Гэхдээ л хятадуудын энэ мэт өгөөмөр занг африкийн судлаачид“хожигдсон удирдагч” /Loss Leader буюу зарим нэг бараа бүтээгдэхүүнийг өртгөөс нь хямд үнээр борлуулах замаар өөр бусад бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэх бизнесийн стратеги/зарчмаар тус бүс нутагт нөлөөгөө ихэсгэх гэсэн оролдлого хэмээн сэжиглэнгүй хандах нь бий.

Хятадуудын Африктай хийдэг наймааны багагүй хэсгийг зэвсгийн худалдаа эзэлдэг. Сүүлийн хэдэн жил дайн байлдаанаар тасраагүй суданчууд made in china л хэрэглэж байлаа. Этиоп Эритреагийн хилийн зөрчилдөөний үеэр хятадууд аль алинд нь өгөөмөр зангаа харуулсан. Магадгүй тэд нэгэн цагт африкчуудтай л адил барууныхны империалист бодлогын золиос болж явсан болохоор шинэ зуунд империализмыг хамгийн үр дүнтэйгээр хэрхэн хэрэгжүүлэхийг маш сайн мэддэг болсон байх. Өнөөдөр барууны улс орнууд хятадын шинэ империализмыг буруушааж байна. Гэхдээ эцсийн эцэст империализм гэж юу болохыг тэд өөрсдөө л хятадуудад зааж өгсөн шүү дээ.

2013-04-03

- See more at: http://amarmend.essay.time.mn/content/5007.shtml#sthash.8Q7NChKV.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих