Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрт СЗХ- ныхон нөлөөлсөн үү

зураг1 (1)

“Силикат” компанийн захирал Ц.Содбилэг болон тус компанийн өмгөөлөгч Г.Батбаяр, Баасандорж нар өчигдөр сэтгүүлчдэд “Монгол Улсын дээд шүүхийн шүүгч нар хууль зөрчсөн. Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрт Санхүүгийн зохицуулах хороо нөлөөлсөн” хэмээн мэдээлэл хийлээ.

“Дээд шүүх нь ийм тоглоомтой байхаар биднийг хэн өмгөөлж, хамгаалж, үнэн зөв шийдвэр гаргах юм бэ”

Мэдээллийн эхэнд “Силикат” компанийн захирал Ц.Содбилэг ийн ярилаа. Тэрбээр ““Силикат” ХК 2010 онд “БИ ДИ СЕК” компанитай хамтран хувьцаа гаргахаар болсон. Гэтэл тухайн үед манай компанийн 2008 онд бий болсон өр шүүхэд шилжсэн байсан. Тиймээс үүнтэй холбоотойгоор бид “БИ ДИ СЕК” компанийнханд хувьцаа гаргах асуудлаа хойшлуулах, болих талаар бичиг хүргүүлсэн. Гэтэл “Болно, бүтнэ” гээд битүүмжилсэн хувьцаа гаргахаар болж, гэрээг шинэчлэн, Санхүүгийн зохицуулах хорооноос 130 дугаар тогтоолыг гаргуулан авчирсан. Шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн хувьцааг задалж, арилжих асуудал нь өөрөө хууль бус учраас манай хувьцаа эзэмшигчид болон компанийн удирдлагууд гомдол гаргаад өнөөдрийг хүрч байна. Гэвч эцэст нь зургаан шатны шүүхээр явсны үр дүн гарсангүй. Хоёр шатны шүүх битүүмжилсэн хувьцааг хувааж, арилжих нь хууль бус гэдгийг гаргасан атал Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх нь эсрэгээр нь шийдлээ. Өөрөөр хэлбэл, Силикат компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгжиж эхлээгүй хуулийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 130 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр хэмээн шийдвэрлэлээ. Бид маш их гомдолтой байна. Дээд шүүх өнөөдөр ийм шийдвэр гаргах л байсан юм бол 2012 онд биднийг хандахад “Битүүмжлэгдсэн хувьцааг хууль бусаар арилжих нь зөв” гээд биднийг буцаахгүй яасан юм бэ. Яах гэж “Энэ нь хууль бус үйлдэл мөнөөс мөн. Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг анхан шатны шүүхээр хянуул. “Силикат” компани хохирсон байна” хэмээн өнөөдрийг хүртэл биднийг шүүхээр явуулсан юм бэ. Хоёр шатны шүүхээс хууль бус үйл ажиллагаа мөн гэдгийг тогтоогоод явуулахаар жилийн өмнө гаргаж байсан 01 тоот тогтоолынхоо эсрэг юм яриад, ашиг сонирхлын зөрчил агуулсан шийдвэр гаргаж байгааг бид юу гэж ойлгох вэ. Дээд шүүх нь ийм тоглоомтой байхаар биднийг хэн өмгөөлж, хамгаалж, үнэн зөв шийдвэр гаргаж, хууль бус үйлдлийг илчилж, таслан зогсоох вэ. Монгол Улсад шударга ёсыг хэн тогтоох вэ. Гурван жил орчим хугацаанд шүүхдэлцэхэд бид удаа дараа хэвлэлд хандаж, энэ тухай мэдэгдэж байсан. Гэтэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Тагнуул, Татвар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ажилтнуудын нэг нь ч энэ асуудалд анхаарал хандуулаагүй. Дээд шүүх “Битүүмжлэгдсэн хувьцааг хууль бусаар арилжих нь зөв” гэсэн шийдвэр гаргасан нь бидний хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болж байна. Маш их гомдолтой байна” гэв.

 “Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн хууль бус шийдвэрийг дахин хянуулах эрх бидэнд бий”

Харин “Силикат” компанийн өмгөөлөгч Г.Батбаяр “Улсын дээд шүүхэд хуулийг зөв хэрэглэсэн эсэх, захиргааны хэргийн хянан шийдвэрлэх үйл ажиллагаа зөв явагдсан эсэхэд л хяналт тавих эрх бий. Гэтэл хуулийг зөв хэрэглэсэн эсэх тал дээр ямар ч дүгнэлт гаргаагүй атлаа анхан шатны шүүхийн үйл ажиллагааны зарчмаар мэтгэлцэх хэлбэрээр асуудалд хандаж, дээрх шийдвэрийг гаргасан. Дээд шүүхийн дүгнэлт эцсийн шийдвэр мэтээр хүлээн зөвшөөрдөг цаг өнгөрсөн. Мөн 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 12.8 дугаар заалтыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх удирдлага болгон 2013 онд хэрэглэж, нэхэмжлэлийг үндэслэлгүй болгосон.  Энэ нь Дээд шүүхэд л ашигтай бол хуулийг хэзээ ч, яаж ч хэрэглэж болох юм байна гэх ойлголтыг ард түмэнд өгч байгаа юм уу. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар “… Улсын Дээд шүүх нь албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэж заасан байдаг. Гэтэл Дээд шүүхийнхэн уг заалтыг ноцтой зөрчсөн.  Улсын дээд шүүхийн шийдвэрийг дахин хянуулах эрх бидэнд бий. Тиймээс бид хэрэглэгдээгүй хуулийг хэрэглэж, ашиг сонирхлын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Улсын дээд шүүхэд дахин хандана. Шинээр илэрсэн нөхцлийн дагуу шүүхэд хандах эрх бидэнд бий” гэлээ. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы ард ах УИХ-ын гишүүн Лүндээжанцан бий. Энэ утгаараа уг хороо маш их хууль бус зүйл хийж байгаа. Үүнийгээ Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа зөв явагдаж байгаа юм шиг харагдуулж дарахыг хичээдэг. Хэрвээ Дээд шүүхээс “Силикат” компанийн зөв болохыг тогтоовол тус хорооны үйл ажиллагаа доголдож, маш олон шийдвэр, тогтоол асуудал дагуулна. Энэ нь нийгэмд сөрөг үр дагавар авчирна. Үндэсний хэмжээний олон компани босож ирнэ. Иймээс “Силикат”-ын гомдлыг ямар ч хамаагүй аргаар хүчингүй болгох  хэрэгтэй гээд биднийг золиос болгож байна” гэлээ.

“Санхүүгийн зохицуулах хороо хууль зөрчиж, 130 дугаар тогтоол гаргасан нь тогтоогдсон шүү дээ”

Түүнчлэн “Силикат” компанийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Анхан болон дунд шатны шүүх бидний талд шийдвэр гаргасан. Харин Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуульд заасан,  нотлох баримтад тулгуурласан, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж бид үзэж байна. Хэдийгээр доод шатныхаа шийдвэрийг хүчингүй болгох эрх байдаг ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн шийдвэр гарах ёстой. Гэтэл тэгсэнгүй. Учир нь, Санхүүгийн зохицуулах хорооны Эрх зүйн байдлын тухай хууль, 2009 оны 38 дугаар тогтоолын холбогдох заалтуудыг зөрчсөн нь хангалттай нотлогдсон. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо нь “Силикат” компанийн хувьцааг нийтэд санал болгон худалдах тухай 130 тоот тогтоол гаргахдаа “СЗХ-ны 2009 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу нэмж хувьцаа гаргах компанийн хангавал зохих шаардлагуудаас 2.5,1 заалт “Хугацаа хэтэрсэн өргүй байх”, 2.5,3-р заалт буюу “Хороо, Хөрөнгийн бирж, компанийн засаглалыг хангалттай гэж үнэлсэн” гэсэн шаардлагуудыг бүрэн хангаагүй, мөн Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 3539 тоот тогтоолоор хувьцаа битүүмжлэгдсэн, Дархан-Уул аймгийн 1334 тоот хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад илт хууль зөрчин СЗХ-оос “Силикат” компанийн хувьцааг гаргасан” байдаг. Гэтэл Дээд шүүх уг хууль бус 130 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэхийн зэрэгцээ өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэлээ. Тиймээс бид Дээд шүүхийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Улсын ерөнхий шүүгч Ц.Зоригт нарт хүсэлт, гомдол хүргүүлээд байна. Түүнчлэн гурван жил шахам үргэлжилж буй энэхүү шүүх ажиллагааны улмаас “Силикат” компани эдийн засгийн асар их хохирол амсаж, үйл ажиллагаа нь зогсоход хүрч, 200 гаруй ажилтны ар гэр болох 1000 шахам хүн орлогогүй болох дээрээ тулаад байна. “Силикат” компани нь Монголын барилгын салбар БНХАУ-аас бараг 100 хувь хараат байгаа энэ цаг үед блок үйлдвэрлэж, иргэдэд үйлдвэрийн үнээр хүргэдэг үндэсний томоохон компани юм.


URL:

Сэтгэгдэл бичих