Хавдрын эмнэлгээр үйлчлүүлэгсэд өмнөх 5 жилтэй харьцуулахад 30 хувь нэмэгдсэн
“Чимээгүй тахал” хэмээн нэрлэгддэг хорт хавдар өвчний хор уршиг, гарах үр дагаврыг манайхан мэдсээр байж тоомжиргүй ханддаг. Үүнээсээ болж өвчнөө даамжруулах тохиолдол их байдаг байна.
Хорт хавдрын төрөл, өвчлөл нэмэгдэхийн хэрээр эмч эмнэлгийн ажилтнууд ард иргэдэд хандан “Хавдар эдгэрдэг өвчин. Хамгийн гол нь эрт оношлуулж, өвчлөлийн эхэн үед эмчлэх нь үр дүнтэй” хэмээн сануулж буй. Гэвч монголчууд ихэнхдээ ажил их байна, эмчид үзүүлэх зав гарахгүй байна, дараа л нэг хэмээсээр өвчнөө хүндрүүлсэн үедээ л эмчид ханддаг нь нууц биш. Тиймээс гэнэт бий болдоггүй, аажмаар өвчилдөг хорт хавдраас хүн бүр өөрийгөө хамгаалж, эрүүл мэнддээ анхаарал тавьж, үзлэг шинжилгээнд тогтмол хамарч байвал урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Хорт хавдар, түүнээс өөрийгөө хэрхэн сэргийлэх талаар ХСҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор Г.Пүрэвсүрэнтэй уулзаж ярилцав.
-Манай улсын иргэд хорт хавдраар өвчлөх нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Хавдрын өвчлөл ямар түвшинд байна вэ?
-Ер нь манай улсад төдийгүй дэлхий нийтээр хорт хавдрын өвчлөл ихэссэн. Ялангуяа хөгжиж буй орнуудад өвчлөлийн гол хувь ногдож байна. Хорт хавдрын өвчлөлийг хүн амын тоонд хувьчилж тооцдоггүй. Манай улсын 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын өвчлөл 164, нас баралт 117 байдаг. Дэлхийн улс орнуудын хавдрын мэдээлэлтэй харьцуулбал дундаж түвшинд гэсэн үг. Буурай хөгжилтэй орнууд хорт хавдраар тэргүүлдэг. Азийн бусад оронд ходоод, бүдүүн шулуун гэдэс, улаан хоолой, Европын улс орнуудад хөх, уушгины хорт хавдар зонхилох жишээтэй. Энэ нь улс үндэстний цаг агаар, зан заншилтай холбоотой.
-Манайд ямар хорт хавдар зонхилж байна вэ. Ээлэгний, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар зонхилоод байх шиг?
-Монгол улсад элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүү, хөхний хорт хавдар нийт хорт хавдрын 80 хувийг эзэлдэг. Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар элэгний хорт хавдрын дараа хоёрдугаарт ордог. Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлбэл ерөнхий хорт хавдрыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулна. Тиймээс 2012 оноос улс орон даяар умайн хүзүүний өмөн, хөхний өмөнг эрт илрүүлэх үзлэг явуулж байна. Умайн хүзүүний хавдар нь бэлгийн замаар халдварладаг хүний хөхөнцөр вирусээр үүсгэгддэг өвчин. Одоогоор энэ вирусын 100 гаруй төрлийг нээгээд байгаа.
-Хорт хавдар ямар шалтгаанаас голчлон үүсдэг вэ?
-Хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлийг гурван бүлэгт хуваадаг. Нэгдүгээрт халдварын гаралтай. В, С вирус элэгний анхдагч өмөн үүсгэдэг. В нь бэлгийн замаар, С нь цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн ариутгал муутай багаж хэрэгсэл, бохир тариур, шингэн сэлбэх, шивээс хийлгэх үед голдуу халддаг. Хеликобактери нь ходоодны харт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Бактериар бохирдсон аяга таваг, халбага сэрээ, бохир гар, хоол ундаар дамжаад ходоодны салст дор очиж байрлана. Ингээд ходоодны салстын улайлт, шархлаа үүсгээд, тэр нь хавдар болно. Хоёрдугаарт хүрээлэн буй орчны хүчин зүйлийн нөлөө байдаг. Ялангуяа агаарын тоосжилт, ажлын байрны тоосжилт, эрүүл ахуйн нөхцөл. Тухайлбал, барилгын үйлдвэрт цемент, шилэн хөвөнгөөс үүссэн агаарын тоосонцор уушгины хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Лаборатори, хими, будгийн үйлдвэрийнхэн мөн органик бодис болох бензолд хордох нь элбэг. Баталгаагүй хоол, хүнс эрсдлийг нэмэгдүүлнэ. Мөн давс их хэрэглэдэг хүмүүс хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг. Яагаад гэхээр давсыг зохих хэмжээнээсээ ихээр хэрэглэхээр ходоодны хеликобактер үржих, өсөх таатай боломж бүрддэг. Хүнсний ногоог муутгахгүйгээр удаан хадгалахын тулд консервант бодис хэрэглэдэг. Тэр нь их осолтой. Гуравдугаарт халдварт бус хүчин зүйл. Энэ нь архи, тамхи, жингийн нэмэгдэл зэрэг хувь хүний зан үйлтэй холбоотой.
-Хорт хавдрын өвчлөл залуужиж байгаа гэдэг. Үүний шалтгаан нь юу вэ?
-Яг залуужиж байгаа гэсэн дүн бүртгэл, нотолгоо баримт байхгүй. Хорт хавдар бол нас ахисан хүний өвчин. Ер нь 50-65 насны хооронд хорт хавдар илэрдэг. Гэхдээ эхлэл нь залуу үе 30-аас дээш насанд эхэлж, шинж тэмдэг нь илрэхгүй явсаар оношлогдох нь 50-иас дээш насанд илэрдэг.
-Ер нь хорт хавдрын шинж тэмдэг яаж илэрдэг юм бэ?
-Аль ч хавдрын үед шалтгаантай уялдаатай шинж илэрдэг. Хавдарт өртсөн эрхтний үйл ажиллагааны хямралаас болж өвчтөн ядарч сульдаж, эцэж турдаг. Царай зүс алдана, хоолонд дургүй болно. Хордлогын шинжүүд давамгайлах нь бий.Өвдөлт үүснэ. Нойргүйдэл, сэтгэл гутрал ч тохиолдоно. Бүх хавдрын үед ийм ерөнхий шинж илэрдэг. Тухайн эрхтний хавдраас болоод бусад шинж илэрнэ. Улаан хоолойн хавдрын өвөрмөц шинж хоол унд орохоо байдаг. Элэгний хорт хавдрын үед арьс салст шарлах, хэвлийд шингэн хуралдах гэхчлэн ургасан эрхтнийхээ үүрэгт саад учруулах маягтай шинжүүд илэрдэг. Умайн хүзүүний хорт хавдрын үед үтрээнээс хэвийн бус ялгадас гарах, сарын тэмдгийн бус, мөчлөггүй цус гарах, цэвэршсэн эмэгтэйн үтрээнээс цус гарах, бэлгийн харьцаанд ороход цус гарах, эсвэл өвдөх шинж тэмдэг ажиглагддаг. Хавдрын явцын үе шатаасаа болж дараа дараагийн шинжүүд цувраад гараад ирнэ.
-Тэгэхээр хавдартай болжээ гэдгээ барагцаалж болох нь ээ?
-Гярхай, няхуур, мэдрэмжтэй хүн бол багцаалдах боломжтой. Дээрх ерөнхий шинж тэмдэг анзаарагдвал эмнэлэгт даруй хандах ёстой. Шалтгаангүй ядарч цуцаад байвал сэжигтэй гэсэн үг.
-Манайд хорт хавдрын эсрэг ямар эмчилгээ хийдэг вэ?
-Эмчилгээний олон төрлийн арга бий. Өвчний үе шатаас их хамаарна. Хавдрыг мэс засал, туяа, хими, эмчилгээний хосолсон аргаар анагаадаг. Харин хорт хавдрын эцсийн шатанд хөнгөвчлөх эмчилгээ хийнэ. Мэс заслын тухайд гэвэл ходоод, элэг, уушгины хорт хавдартай хэсгийг тайрах, толгой, хүзүүнд байрлалтай хавдрыг авах зэрэг эмчилгээ хийдэг.
-Хорт хавдраас иргэдийг сэргийлье гэж яриад л байдаг. Урьдчилан сэргийлэхийн тулд яг юуг анхаарах шаардлагатай вэ?
-Иргэд өөрсдөө л сэргийлэх ёстой. Тухайлбал, тамхи татахгүй байх хэрэгтэй. Уушгины хорт хавдар илэрсэн хүмүүсийн 90 хувь нь архаг тамхичин байдаг. Архаг архидалтаас өөрийгөө татаж, зайлсхийх хэрэгтэй. Элгээ л хордуулж байгаа хэрэг шүү дээ. Шарталт бол бүх биеийн хордлого. Бүх биеийн ходлогыг хоргүйжүүлдэг эрхтэн бол элэг. Тиймээс элэг, бөөр, нойр булчирхайгаа хамгаалъя гэвэл архидалтаас зайлсхийх хэрэгтэй. Хувь хүн хавдраас сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй байгаад үзлэг, шинжилгээ, оношилгоонд сайн дураар хамрагдаж байх ёстой. Аль ч насныхан, тэр дундаа 40-өөс дээш насныхан ядаж жилд нэг удаа үзлэгт заавал орох хэрэгтэй.
-Танай төвийн ачаалал маш их байгаа нь харагдаж байна. Өдөрт хичнээн хүнд үйлчилдэг вэ?
-ХСҮТ-д хоёрдугаар шатлалаас шилжүүлсэн иргэд онош, эмчилгээгээ тодруулж, хавдрын нарийн мэргэжлийн тусламж авахаар ирдэг. Мөн өрх, сумын эмнэлгээс хавдартай байж магадгүй гэсэн бичигтэй хүмүүс хоёрдугаар шатлал алгасаад ирж байна. Манай амбулоториор нэг жилд 90 мянга орчим хүн үйлчлүүлдэг. Үүнээс 7000 гаруй нь хэвтэж эмчлүүлдэг. Амбулториор үйлчлүүлж байгаа болон хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо таван жилийн өмнөхтэй харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн. Хоёр дахь шатлал буюу аймаг, дүүргийн эмнэлгийн хорт хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх чадамжийг сайжруулах хэрэгтэй. Онош, эмчилгээ, эмч, мэргэжилтэн, тусламж үйлчилгээний хүртээмжийг ойртуулж, бэхжүүлэх юм бол гурав дахь шатлалд гарцаагүй шаардлагатай хүмүүс л ирнэ.
Ж.Болор
URL: