Алдартнуудын амийг авч одсон авто ослууд

Дугуй зохион бүтээснээс үүдэн автомашин гэгч зүйл бий болжээ. Цаг хугацаа урагшлахын хирээр хүмүүсийн амьдралын хэмнэл хурдсаж, өнөөдөр машингүйгээр яаж амьдрахаа ч төсөөлөхөө больж. Гэхдээ машин бас гай гамшиг авчрах нь олон. Бид алдар цуутай олон хүний амийг авч одсон 20-р зууны хамгийн дуулиантай авто ослуудын тухай мэдээ бэлтгэлээ.

Америкийн алдарт бүжигчин, “ чөлөөт “ бүжгийг үндэслэгч Айседора Дункан аймшигт ослын золиос болсон юм. Хэт нүүрэмгий, эрх чөлөөт од маань тухайн үедээ ихэд нэрд гарч байсан яруу найрагч Сергей Есенинийг урхидан, 1920 онд эхнэр нь болоод амжжээ. Тэрээр  эмэгтэйчүүдийн эрх чөлөөний тухай хэд хэдэн ном бичсэн гэдэг. 1927 онд 50 настай бүжигчин Ниццад амарч байхдаа шинэхэн Bugatti машинаараа жаал давхихаар шийдэж гэнэ. Хэсэг хугацааны дараа урт ороолт нь  машины дугуйд орооцолдон түүний хоолойг боожээ. Бүжигчин эмэгтэйн энэ золгүй, эмгэнэлт үхлээс өмнөхөн 2 хүүхэд нь бас автын ослоор өөд болсон байжээ.


Жүжигчин Джеймс Дин ердөө 3 кинонд тоглоод л супер од болжээ. Тэрээр өөд болсныхоо дараа “ Оскар”-т 2 удаа нэр дэвшсэн цорын ганц жүжигчин юм. Түүний эмгэнэлт үхэл, амьдралын тухай элдэв цуу яриа зэрэг нь Динийг домог болгожээ. 1955-09-30-нд Дин авто уралдаанд оролцохоор спорт загварын Porsche 550 «Spyder» машинаараа Калифорн мужийн Холам хотоос холгүй явж байлаа. Гэтэл Калифорны 23 настай оюутан Дональд Торнпсид тойрог дээр Динийг харалгүй эргэснээс тэдний машин халз мөргөлдөж Дин эмнэлэг хүрэх замдаа нас барсан байна.


Нобелийн шагналт зохиолч, францын энэрэнгүй үзэлтэн Альбер Камю маш олон сайхан зүйл хийхээр төлөвлөж байсан боловч түүнийгээ биелүүлэх хувьгүй хүн байжээ. 1960-01-04-нд гэр бүлийн хамтаар Fаcel Vega II машинаараа Париж орохоор явж байтал гэнэт машин нь жолоодлогогүй болж замаас гарч ниссэн байна. Эхнэр охин 2 нь амьд үлдсэн боловч Камю газар дээрээ нас баржээ.


Джейн Мэнсфилд бол өнгөрсөн зууны эрчүүдийн шүтээн болсон цайвар үстэй тачаангуй бүсгүй байлаа. Түүнийг гадаад төрхөөр нь Мэрилин Монротой адилтгадаг байсан бөгөөд 20th Century Fox кинокомпани түүнийг Монрогийн дүрд тоглуулахаар урьсан байжээ. 1967-06-28-нд Джейн Buick Electra машинаараа Шинэ Орлеаныг зорьсон байна. Машинд Джейнээс гадна түүний найз залуу, мөн жолооч, 3 хүүхэд нь байсан гэдэг. Шөнийн 2 цагийн үед тэд ачааны машинтай мөргөлдөж урд сууж явсан 3 хүн агшин зуур амь үрэгдэж, харин арын суудал дээр байсан хүүхдүүд азаар амьд гарсан байна. Джейн 34 настайдаа харамсалтайгаар амиа алджээ.


Монако улсын одоогийн эзэн хаан Альбертын эх Грейс Патриция Келлигийн хувь заяа маш сонин. Тэрээр манай гарагийн олон залуу бүсгүйчүүдийн зөвхөн мөрөөдөж л чадах тэр зүйлийг хийж чадсан юм. Грейс алдартай жүжигчин болж хан хүүтэй гэрлэж тэр нь хаан ширээ залгамжилсан билээ. 1982-09-13-ны нарлаг сайхан өдөр  Грейс Rover P6 3500 V8 машинаа барьж явлаа. Машинд түүний охин гүнж Стефания бас байв. Гэнэт Грейсийн зүрхний өвчин хөдөлж, тэрээр ухаан алдсан байна. Машин нь уулын хавцлаас нисэж Грейс сэхээний өрөөнд нас баржээ. Харин охин нь амьд гарч чадсан байна.


1997-08-31-ний шөнө Париж хотын Альма талбайн дор орших туннельд автын осол гарч “ Ард түмний гүнж “ хатагтай Диана нас барсан билээ. Зууныг донслуулсан энэ ослын шалтгаан одоо ч учир битүүлэг хэвээр. Жолооч нь согтуу байсан, папарацци зурагчдаас өндөр хурдаар зугтааж явсан, ордны хуйвалдааны золиос болсон гээд л олон янзын яриа байдаг.  Mercedes S280 машины энэ ослоос амьд үлдсэн ганц гэрч, гүнжийн бие хамгаалагч Тревор Рис Джонс хүнд бэртэл авч, ой санамжаа алдсан учир ямар нэгэн мэдүүлэг өгч чадахгүй болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих