Эхийн одонгоор шоу хийхээ болимоор юм
Энэ оны нэгдүгээр сараас дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдэд Эхийн алдар II, зургаа түүнээс олон хүүхэд төрүүлсэнд нь Эхийн алдар I зэргийн одон олгож, мөнгөн тэтгэмж олгохоор болсон билээ.
Энэ тухай УИХ-ын 57 дугаар тогтоолд эхийн одонгийн мөнгө өмнө нь 50, 100 мянга байсныг хоёр дахин нэмж 100-200 мянган төгрөг болгосон. Үүнд зориулж энэ жил улсаас 30 тэрбум төгрөг төсөвлөсөн юм билээ. Ингэснээр дөрвөн хүүхэд төрүүлсэн эхчүүдэд II зэргийн одонг өнгөрсөн сарын 30-31-ний өдрөөс эхлэн энэ сарын 15-ныг хүртэл олгох гэнэ. Харин дараагийн ээлж буюу хүүхдээ нэг нас хүртэл нь өсгөсөн эхчүүдийн одонг ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн олгох юм билээ.
“Энэ ч сайн хэрэг. Монголын үр сад маш олон болтугай” хэмээн хувиасаа талархалтайяа дэмжиж байсан юм. Гэтэл сонгуулийн өмнөхөн дээрх хуулийг ийн баталсан нь нарийн учиртай байжээ. Учир нь алдарт эхийн одон сонгуулийн шоу болж хувирсан байх юм.
УИХ-ын эрхэм гишүүд өөрсдөө өгч байгаа юм шиг л тойргийнхоо эхчүүдийг цуглуулж, эхийн одонг сүр дуулиантай гардуулах аж. “Намайг сонговол” ингээд одон гардуулна гэж ярих нь холгүй л байна. Зарим гишүүд өөрийн сонгогдсон тойргийн эхчүүдийг орон нутгаас хотод ирэх зардлыг дааж заавал өөрийн биеэр гардуулж өгөхийг чухалчилж байгаа сураг ч байсан. Тэгэхээр эхийн одонг өгөх тухай хууль сонгуулийн шоунд зориулагдсан байж гэж ойлгоход хүрч байгаа юм.
Үүнээс гадна зарим эхчүүд одонгоо авч чадаагүй гэж дууллаа. Энэ нь алдарт эхийн II зэргийн одон дууссан болохоор нэмж хийх шаардлагатай болсон байна. Харин эхийн одонг манай улс өөрсдөө хийж чаддаггүй юм байх аа. Тиймээс Хятад улсаас царайчилж байгаа гэсэн. Тэгэхээр урд хөрш одонг хэзээ хийж явуулна тэр болтол зарим эхчүүд хүлээх болох нь.
Энэ талаар зарим албаны хүний ярьж байгаагаар сарын өмнөөс 130 мянган ээжид одонг олгохоор болж урд хөршид захиалан хийлгэсэн байна. Гэтэл II зэргийн одонг өнгөрсөн сараас олгоод эхэлтэл 130 мянгаас илүү тооны эхчүүд бичиг баримтаа бүрдүүлж ирсэн байж. Тэгээд ч гуйлгын юм хэзээ л хүрэлцээтэй байлаа. Тиймээс зарим эхчүүдэд одон хүрээгүй учраас тэдэнд одон өгөх хугацааг сунгаж, одон өгөхийг нь түр хойшлуулж урд хөрш рүү одон нэмж захиалахаар болсон гэнэ. Харин энэ нь эхчүүдэд чирэгдэл бий болгосон байна.
Тухайлбал, одонгоо авахын тулд хөдөөний эхчүүд аймаг, хот руу ирэх шаардлагатай болж байгаа юм. Гэтэл замын зардалдаа 25-50 мянган төгрөг зарцуулдаг. Түүнчлэн төв суурин газар орж ирснийх гэж дэлгүүр хоршоо орно. Ийн зардал чирэгдэл болж ирээд, сая одонгоо авах гэтэл “Одон дууссан. Тиймээс дараа ирж ав. Одон өгөх болохоор дуудна” гэж буцаасан байх юм. Эхчүүдийн алдарт эхийн одонг олгохдоо Хятад руу явах шаардлагатай болдог сонин юм шүү. Ядаж манайхан одон зэргийнхээ юмыг өөрсдөө хийж чаддаг болмоор юм. Хэрэв үнэхээр дөнгөхгүй байгаа бол Хятад улсад ингэж хөрөнгө оруулахгүйгээр өөрсдийн чадахаараа алдарт эхийн өргөмжлөл гаргуулаад, мөнгийг өгчих хэрэгтэй.
Гэхдээ энд сонгуулийн шоу нь чухал байсан болохоор заавал эхчүүдэд одон хийж өгөх шаардлагатай байсан биз. Тэгээд ч манай улс эхчүүддээ одон олгодог заншил бий л дээ. Гэхдээ дээр үеийн алдарт эхийн одон бол одон байсан юм билээ. Ядаж л хос ээмэг, бөгж хийлгээд зүүхэд хүрэлцэхүйц мөнгөний хольцтой одон байсан. Харин одооны одон энгэрийн тэмдгээс ялгарах юмгүй эдээр хийсэн харагддаг юм билээ. Гэтэл түүнийг заавал урд хөршид үйлдвэрлэж байдаг нь ямар учиртайг хэн мэдэхэв.
Түүнчлэн алдарт эхийн одон авсан гээд хөдөө хотгүй найр наадам болж байгаа сураг байсан. Энэ найранд одонг нь дагуулж өгсөн мөнгө хаана нь хүрэлцдэггүй юм билээ. Ингэж байснаас алдарт эхэд өргөмжлөл гардуулж, мөнгийг нь өгөөд явсан бол ингэж сүр болохгүй зардал чирэгдэл болохгүй байсан биз.
Д.Сүхбаатар
URL: