Мөнхийн өрсөлдөгчдийн сүүлчийн тулаан

 

Уран гулгалтын ертөнцөд Юлия Липницкая гэж бяцхан од мэндлээд олимпын эхний өдрүүд түүний бахдам үзүүлбэрийн тухай яриагаар л амьсгалав. Энэ хооронд жинхэнэ мөсний хатан хаан гэж нэрлэгддэг өмнөх олимпын аварга Ким Юна, түүний мөнхийн өрсөлдөгч, олимпын мөнгөн медальт Мао Асада нарын тухай бараг “мартагдах” дөхлөө. Гэвч тэд хөшигний ард даруухнаар ээлжээ хүлээж байгаад, цаг нь болохоор хийх ёстой үзүүлбэрээ төгс гүйцэтгэхээр чимээгүйхэн бэлтгэж сууна. Тэдний хувьд талбайгаа орхиж буй сүүлчийн олимп учраас “эцсийн хүч”-ээ олон жилийн туршлагын хамт шавхан гаргаж, чадвараа бат­лан үзүүлэх мөч ирээд байгаа бол нөгөө нь олон улсын тавцанд дуулиантайхан гарч ирсэн залуу эрч хүч, инерциэрээ цахиур хагалах байх хэмээн итгэл найдвар төрүүлж байна.
Сочигийн олимпын хамгийн үзүүштэй тэмцээнүүдийн нэг хэд­хэн хоногийн дараа буюу энэ сарын 19, 20-нд эмэгтэй уран гулгагчдын дунд болно хэмээн дэлхий нийтээр хүлээж байна.

Эмэгтэйчүүдийн богино хөтөлбөр болон чөлөөт үзүүлбэрийн хоёр төрөл болох энэ өдрүүдэд чухам мөсөн талбайн хатан хаан хэн бэ гэдгийг харах юм. Шуудхан хэлэхэд, энд өмнөх олимпын алт, мөнгөн медальтнууд болох Өмнөд Солонгосын Ким Юна, Японы Мао Асада болон энэ удаагийн олимпоос анхны алтан медалиа авчихаад байгаа Оросын Юлия Липницкая гурвын хооронд гол өрсөлдөөн өрнөх нь тодорхой.
                                                                                                             Ким Юна

Уран гулгалтын эхний төрлүүдийг өнжиж, зөвхөн шийдвэрлэх “тулаандаа” хүчээ нөөхөөр шийдсэн Ким Юна Өмнөд Солонгосын ард түмний “Зөвхөн алт шүү” гэсэн итгэл найдвар басхүү үүрэг даалгаврыг тээсээр Сочид оройхон ирсэн. Харин хэзээд түүний хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн Мао Асада багийн төрөлд оролцсон ч эргэлтийнхээ дараа унаж, тааруухан оноо авсны дээр, шинэ од Ю.Липницкаягийн сүр дуулианд дарагдаад одоо Сочид бэлтгэлээ нам гүмхэн базааж буй. Өмнө нь, зөвхөн хоорондоо өрсөлддөг байсан хоёр бүсгүй одоо өөрсдөөсөө дутахгүй нэг өрсөлдөгчтэй болсон учраас сэтгэл зүйн дарамт нь төдий хэмжээгээр нэмэгдсэн нь лавтай.

1990 оны есдүгээр сард хоорондоо 20-хон хоногийн зайтай нэг нь Өмнөд Солонгост, нөгөө нь Японд төрсөн энэ хоёр уран гулгагч бүсгүй мөнхийн өрсөлдөгч болохоор төрсөн мэт ховор хувь тохиолтой хүмүүс. Оросуудыг түр “эзгүй” байх хооронд дэлхийн шилдэг эмэгтэй уран гулгагчдын нэгэн үеийг өрсөлдөнхөн эзэгнэж, Ази тивээс олимпын медалийн оргилд хүртэл явж чадсан тэд улс орныхоо төдийгүй тив нэгтнүүдийнхээ бахархал билээ.  Таван наснаасаа уран гулгалтаар хичээллэж, төрөлх Солонгостоо болон Канадад эрчимтэйгээр дасгал сургуулилтаа хийж байсан Ким Юна, гурван наснаасаа балетаар, та­ван наснаасаа уран гулгалтаар хи­чээл­лэн Япон, Солон­гос, барууны дасгал­жуу­­­лагчидтай ажил­лаж байсан Мао Аса­да хоёр хэн хэн нь өнөө үеийн мун­­даг та­мир­­чид. Тэд­ний гол ял­­­­­­­­­­гаа нь Ким Юна­гийн гай­хам­шигтай уран сайхны мэд­рэмж, сэтгэлийн хө­­дөл­гөөн, Мао Аса­дагийн тех­ни­­­­кийн чад­варт  оршдог.

        Мао Асада

Өөр өөрс­дийн энэ л онцлог чад­­­­­­­­­­­­­­­варынхаа ачаар Ким Юна 2010 оны Ван­куверийн олим­поос алтан ме­даль хүр­тэж, 19-хөн на­сандаа өөр ямар ч уран гулгагчийн авч ча­даа­­­­гүй 228,56 гэсэн хамгийн өндөр оноо авч, дэлхийн рекорд, Гиннесийн дээд амжилт тогтоосон бол Мао Асада Ванкуверээс мөнгөн медаль хүртэж, ДАШТ-д хоёр удаа аваргалж,  таван удаа дэлхийн гран-прид түрүүлж чадсан юм. Үүнээс цаашхийг дурдахгүйгээр зөвхөн эдгээр үзүүлэлтээрээ улс орныхоо бахархал, шүтээн нь болж, дэлхийд гайхагдсан хоёр шавилхан бүсгүй хоёул таван насандаа мөсөн талбайд хөл тавьсан шигээ 24 насандаа хоёулаа Сочигийн олимпоор зодог тайлах гэж байна.  Энэ олимпод Ким Юнаг амжилтаа бататгаж, олимпын хошой аварга болно хэмээн эх орон нь хүлээж байгаа бол уран гулгалтаар байж болох бүхий л медалийг хүртсэн ч ганцхан олимпын алтыг л авч амжаагүй Мао Асадаг ч бас эцсийн удаа аваргын төлөө хүчтэй өрсөлдөнө гэж япончууд харж байгаа.


Ванкуверээс алт авна гэж ирээд мөнгөтэй буцсандаа маш их харамссан хэмээн ярьсан М.Асада дахин харамсах алдаа хийхгүйн тулд өнгөрсөн гурван жилд маш шургуу хичээллэсэн гэдгээ Сочигийн олимпын өмнө хэлж байв. Харин К.Юнагийн хувьд харьцангуй тайван байгаа гэнэ. Түүнийг хуучин, шинэ өрсөлдөгчийн аль нь ч тэвдүүлж дөнгөхгүй байгаа бололтой.

Тэрээр Ю.Липницкая гарч ирсэнд төдий л санаа зовохгүй байгаа гэдгээ эх орноосоо мордохын өмнө хэвлэлд ярьжээ. “Олимпод түрүүлэх зорилгоо аль хэдийнэ биелүүлсэн учраас надад одоо онооны төлөө улайран зүтгэх сэтгэл зүйн ачаа, дарамт алга. Мэдээж, хүмүүс намайг амжилтаа бататгаасай гэж хүсч байгаа. Гэвч миний хувьд үзүүлбэрээ чадах чинээгээрээ хамгийн сайн гүйцэтгэн, харамсах зүйлгүйгээр оноогоо хүлээн зөвшөөрөх л үлдсэн” гэж ярьжээ.
Харин Ю.Липницкаягийн тухайд Ким Юнатай олон улсын тэмцээнд таарч байгаагүй бөгөөд одоо Сочид таарах гэж буй нь маш сонирхолтой санагдаж байна гэж ярьжээ. Гэвч К.Юна түүнтэй таарахдаа тийм таатай байх эсэх нь эргэлзээтэй юм. Учир нь, 2005 оноос хойш К.Юна, М.Асада хоёрыг байнга харьцуулж, хооронд нь өрсөлдүүлсээр ирсэн ч тэд тэмцээн уралдааны үеэр аль болох таарахгүй байхыг хичээдэг хэмээн ярьсан удаатай.

Гэхдээ энэ мөнхийн өрсөлдөөн тэднийг байгаагаасаа улам илүү чадвартай болоход хөтөлж, хурцалж байсан гэдгийг Ю.Юна ярьсан байдаг. Тэрээр хэлэхдээ “Өсвөрийнхний тэмцээнд оролцдог байх үеэс л бид хоёрыг байнга харьцуулсаар ирсэн учраас би түүнийг үргэлж өрсөлдөгч гэж хардаг. Гэхдээ тэр миний өрсөлдөгч байснаар би илүү хичээж, эрч хүчтэйгээр дасгал сургуулилтаа хийдэг” гэжээ.
Тэгвэл тэдний хоёулангийнх нь өрсөлдөгч болсон Липницкаягаас мэргэжилтнүүд их зүйл хүсэн хүлээж байна. М.Асадагийн дасгалжуулагчаар нэг хэсэг ажиллаж байсан Татьяна Тарасова түүний тухай “Липницкая сая үзүүлснээсээ ч илүүг хийж чадна. Гурав-гурвын дараалсан үсрэлтийг дахин нэгээр илүү хийж чадна” гээд “Ким Юна ийм эргэлтийг гүйцэтгэж чадахгүй. Липницкая бараг биеийнхээ дүрсийг сарнитал эргэдэг” хэмээн чадварыг нь үнэлсэн байна.  Гэхдээ Липницкаяд ийм чадвар байгаа ч олимпын хэмжээний том тэмцээнд оролцох сэтгэл зүйн бэлтгэл дутмаг.

Тэр одоохондоо залуу, хүчтэй байгаа учраас өрсөлдөөнд юу чухал гэдгийг хараахан ухаараагүй байгаа хэмээн Оросын нэртэй мэргэжилтэн Тамара Москвина ярьж байна. Липницкая энэ удаагийн олимпод магадгүй дахин алтан медаль авч чадахгүй байсан ч түүнд төдийлэн гонсойх зүйл үгүй. Учир нь, “Ялалт, ялагдлыг ялгаагүй амсч үзэж гэмээнэ жинхэнэ од болно” хэмээн Оросын “Советский Спорт” сонинд бичиж.
Ямартай ч, ур чадвар, туршлага, гоо үзэсгэлэнгээрээ эн тэнцүү гурван залуу бүсгүйн өрсөлдөөн Сочигийн олимпын хамгийн дурсамжтай, үзэгч, сонирхогч ихтэй тэмцээн болох нь дамжиггүй.


















mglradio.com


URL:

Сэтгэгдэл бичих