Д.Батмөнх: БНХАУ-аас гахай, тахианы мах импортлохыг бүрэн хориглох мэдэгдлийг хүргүүлсэн
Сүүлийн үед дэлхий нийтэд төдийгүй Монголд мал амьтны гаралтай халдварт өвчний гаралт нэмэгдэж байна.
Ялангуяа энэ жилийн хувьд урд хөршид төдийгүй Монголд шүлхий, А хүрээний H1N1 томуугийн дэгдэлтийн оргил үедээ хүрснийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм. Харин иргэдийн дунд халдварт өвчлөлөөс үүдэн эрүүл аюулгүй хоол хүнс хэрэглэж байна уу гэх эргэлзээтэй асуудал маргаан дагуулж байна. Ялангуяа сүүлийн өдрүүдэд урд хөршөөс импортолдог гахайны мах, өөхөөр дамжин А хүрээний томуу халдварлах эрсдэл тулгараад байгаа талаар мэдээлэх болсон. Тиймээс энэ талаар МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батмөнхтэй ярилцлаа.
-Сүүлийн үед урд хөршөөс гахайны мах, өөх импортлох тушаалыг таныг гаргасан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Халдварт өвчин дэгдсэнийг нь мэдсээр байж таныг энэ тушаалыг өгсөн тухай ч ярьж байгаа?
-Монгол Улсын гахайн өөх, махны дотоодын хэрэгцээнд тулгуурлан импортлогчдын хүсэлт, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газраас ирүүлсэн албан ёсны мэдээллийн дагуу тус улсын Хэйлонжианмужийн “Heilongjiang Northern Hengyang food”, “Heilongjiang Qinggang Changlin meat food”, “Popular meat food” компаниудын гахайн мах, өөхний үйлдвэрүүдэд энэ оны нэгдүгээр сарын эхээр МХЕГ-аас “Хүнсчдийн холбоо”-той хамтран мал эмнэлэг ариун цэвэр, хорио цээрийн эрсдлийн үнэлгээний ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллан санал дүгнэлтээ гаргасан.
Дээрх үйлдвэрүүдийн хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зохистой дадал /HACCP/-ийг хангасан үйлдвэрлэлийн тeхнологи, хадгалалт тээвэрлэлт, сав баглаа, боодол, хаяг шошго, лабораторийн шинжилгээ, арга аргачилал эгзэгтэй цэгийн аюулыг тооцох дотоодын хяналтын орчин нөхцөл олон улсын шаардлагад нийцсэн эсэхийг нарийвчлан шалгаж, тогтоосны үндсэн дээр импортлох эсэхийг шийдвэрлэсэн.
Манай улсад шүлхий өвчний дэгдэлт Сүхбаатар, Дорноговь, Хэнтий аймагт гараад байгаа нөхцөл байдалтай уялдуулан гахайн мах, өөх импортлох тухай МХЕГ-ын даргын 2014 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар тушаалыг хүчингүй болгосон байгаа.
Дээрх эрсдлийн үнэлгээний дүгнэлт, шийдвэрийг болон Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын “Хуурай газрын амьтны код”-ыг үндэслэн БНХАУ-ын Хэйлонжиан мужийн нэр дурьдсан үйлдвэрүүдээс Монгол Улсад гахайн мах, өөх импортлох тухай МХЕГ-ын даргын 2014 оны нэгдүгээр сарын 21-ны өдрийн 26 дугаар тушаалыг гаргасан байдаг. БНХАУ-ын хувьд дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон учраас мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлага хангасан гахайны мах, өөхийг гадаад улс оронд экспортлох үүрэг хүлээдэг.
Тиймээс БНХАУ-ын эрх бүхий хяналтын байгууллагын зүгээс дээрх гурван үйлдвэрээс Монгол Улсад экспорт хийх бүрэн боломжтой гэж үзэж албан ёсоор үйлдвэрийн нэрийг МХЕГ-т ирүүлсэн учраас бид газар дээр нь очиж дахин баталгаажуулсан.
-Тэгэхээр дээрх шийдвэрийг гаргаж байх үед өвчлөл гараагүй байсан хэрэг үү?
-Дээрх шийдвэрийг гаргаж байх үед Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр сүүлийн зургаан сарын хугацаанд БНХАУ-ын Хэйлонжиан мужид мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гараагүй тайван байсан. Гэхдээ манай улсад шүлхий өвчний дэгдэлт Сүхбаатар, Дорноговь, Хэнтий аймагт гараад байгаа нөхцөл байдалтай уялдуулан гахайн мах, өөх импортлох тухай МХЕГ-ын даргын 2014 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаар тушаалыг хүчингүй болгосон байгаа.
-Иргэдийн дунд урд хөршөөс импортлогдсон гахайн мах, өөхөөр А хүрээний томуугийн вирус болон бусад халдварт өвчин дамжих вий гэсэн айдас байна?
-Гарсан шийдвэрийн дагуу гахайн мах, өөхийг БНХАУ-аас өнөөдрийг хүртэл огт импортлоогүй учраас ямар нэг эрсдэл байхгүй гэж ойлгож болно. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа шиг улсын хэмжээнд онц байдал зарлахад хүрээгүй гэдгийг энд дурьдах ёстой. Дээрх гурван үйлдвэрээс гахайн мах, өөх импортлох хүсэлтийг МХEГ-т гурван аж ахуйн нэгж ирүүлсэн. Гэхдээ өвчний байдлыг харгалзаад импортлоогүй байсан.
-Саяхан Замын-Үүдээр их хэмжээний гахайн мах, өөх хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад баригдсан тохиолдол гарсан. Ер нь энэ мэтчилэн тохиолдол цөөнгүй гардаг шүү дээ. Хэдийгээр МХЕГ-ын зүгээс хяналт тавьж байгаа боловч иргэн, аж ахуйн нэгж хууль зөрчих тохиолдол буурахгүй байна?
-Хамгийн сүүлийн мэдээгээр энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр иргэн н.Цэнддулам 125 кг, 20-ны өдөр иргэн н.Мөнхцэцэг 120 кг гахайн мах хууль бусаар хилээр оруулсныг Замын-Үүд боомт дахь ХМХА-ны улсын байцаагч хураан авч устгахаар шийдвэрлэсэн. Одоо бол устгалд ороод аюулгүй болсон гэсэн үг. Гэхдээ энэ нь шийдвэр гарахаас өмнөх тохиолдол юм шүү дээ. МХЕГ-ын нэгдүгээр сарын 21-ний өдрийн тушаалыг цуцлах шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч кг гахайн мах, өөх хилээр нэвтрээгүй гэдгийг Гаалийн мэдээллээс ч авч болно, ХМХА-аас ч авах бүрэн боломжтой. Дөнгөж сая буюу хагас цагийн өмнө Замын-Үүдээс мэдээлэл авахад нэг кг ч гахайн мах, өөх хилээр гаргаагүй гэдгийг надад албан ёсоор мэдээлсэн.
-Манай улсын хилээр ямар шалгуур давж байж нэвтэрдэг юм бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-МХЕГ-т импортлогчдын зүгээс гахайн мах, өөхийг гадаад улс орноос импортлох хүсэлт ирүүлдэг. Энэ тохиолдолд ямар улс орноос ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг импортоор оруулах вэ гэдгийг судалдаг юм. Улмаар худалдааны гэрээ, экспортлогч үйлдвэрийн нэр, хаяг, баталгаажуулалтын баримт бичгийг шалгаж эрсдэлийн үнэлгээ хийсэн эсэхийг үндэслэн хилээр оруулахыг зөвшөөрч “Импортын мэдэгдэл” олгодог.
“Импортын мэдэгдэл”-д экспортлогч талын нэр хаяг тодорхой бичигдсэн байх ёстой. Хилээр оруулах зөвшөөрөл буюу “Импортын мэдэгдэл” авсан хуулийн этгээд гахайн мах, өөхийг хилээр оруулах үeд эрх бүхий улсын байцаагч шалгадаг. Улсын байцаагч монголын талаас олгосон “Импортын мэдэгдэл” БНХАУ-ын талаас олгосон “Quality management system” гэдэг гэрчилгээг өөр хооронд нь тулган шалгадаг.
Харин ОХУ-аас тодорхой заагтайгаар гахайн мах, өөх болон шувуу, шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг импортлохоор тусгасан.
Тухайлбал, улсын нэр үйлдвэрлэсэн газар, тоо хэмжээ, сав баглаа боодол, хаяг шошгын талаархи мэдээллийг тулгах ёстой. Улмаар баримт бичгийн шалгалтаар мэдээлэл зөрүүтэй, хуурамч баримт бичигтэй болон зөрчилтэй нөхцөлд хилээр оруулахыг хориглож экспортлогч талд буцаах, саатуулах, устгах, улсын орлого болгох зэрэг хуульд заасан холбогдох арга хэмжээг авдаг.
-А хүрээний H1N1 томуу манай улсад дэгдэлтийнхээ оргил үед хүрээд байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн байсан. Түүгээр ч зогсохгүй нийслэлд бүртгэгдсэн гэх мэдээлэл байна. Нөхцөл байдал ийм байхад импортод хориг тавьж болдоггүй юм уу?
-Өнөөдөр /өчигдөр/ бид өвчний халдвар намжих хүртэл БНХАУ-аас амьд шувуу, шувууны гаралтай боловсруулаагүй бүтээгдэхүүн болон гахайн мах, өөхийг импортлохыг хориглох албан мэдэгдлийг Шадар сайд Д.Тэрбишдагвад хүргүүлсэн. Бидний хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм. Ингэхдээ БНХАУ-ын импортыг бүрэн хориглосон. Харин ОХУ-аас тодорхой заагтайгаар гахайн мах, өөх болон шувуу, шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг импортлохоор тусгасан. Ер нь бид ХӨСҮТ болон ДЭМБ-аас гаргаж байгаа мэдээллийг тогтмол авдаг.
Сүүлийн өдрүүдэд өвчлөлийн байдал ямар байгааг манайд ирүүлсэн. Тиймээс манай байгууллагын зүгээс ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Гэхдээ одоо яригдаад байгаа А хүрээний томуу нь Монголд өмнө нь бүртгэгдэж байсан төдийгүй вирусын эргэлтэд орчихсон зүйл. Өөрөөр хэлбэл, хоруу чанар нь бага учраас сургууль, цэцэрлэг, албан байгууллагын үйл ажиллагааг зогсоож, улсын хэмжээнд онц байдал зарлах шаардлагагүй гэсэн үг. Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээгээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны хил залгаа ОХУ-ын Забайкалскийн хязгаарт шүлхий өвчин гарсан тухай өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд мэдээлсэн байна. Мөн Герман зэрэг орнуудад олон улсын худалдааны хорио цээртэй өвчлөл гарсан байгаа. Тиймээс бид Шадар сайдад албан мэдэгдлийг хүргүүлсэн.
-Цаашид МХЕГ-ын зүгээс ямар бодлого баримталж ажиллах вэ. Ойрын хугацаанд өвчлөлийг бууруулахаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна?
-ДЭМБ, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын сүүлийн үеийн албан ёсны мэдээллээр шувууны томуу өвчний H7N9, H5N1 хэвшлүүдийн дэгдэлт БНХАУ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад өвчний тархалт ихэсч байна. Тиймээс ч хил дамжин халдварлах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн.
Мөн хилийн боомтод халдвар хамгаалал, хорио цээрийн бэлэн байдалд ажиллах талаар улсын eрөнхий байцаагчийн албан даалгаврыг хилийн боомт болон орон нутагт хүргүүлж, холбогдох мэргэжлийн байгууллага болон хилийн хяналтын бусад байгууллагатай хамтран ажиллах талаар заавар, зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлэн ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Үүнээс гадна Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгуудад гарсан шүлхий өвчинтэй холбоотойгоор шаардлагатай гэвэл Засгийн газрын хуралдаан болон улсын онцгой комиссын шийдвэрээр газар дээр нь очиж ажиллахаар өнөөдөр /өчигдөр/ яригдсан. Дээрээс нь ҮХААЯ-ны зүгээс вакцинжуулалтад анхаарч ажиллана гэдгийг мэдэгдээд байна. Тиймээс Дэлхийн вакцины сангаас тусламж авах гарцыг эрэлхийлж байгаа. Харин орон нутагт ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөц хангалтгүй.
Саяхан Сүхбаатар аймгийн МХГ, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр дөрвөн тонн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис оруулж ирсэн. Багаж, тоног төхөөрөмж, нэг удаагийн хувцас 1000 гаруйг оруулж ирээд тараасан. Өнгөрсөн хугацаанд нийт 496 сая 600 мянган төгрөгийн торгуулийг ногдуулж, хорио цээрийн дэглэм зөрчсөн хоёр хүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна.
Х.Өнөржаргал
Монголын мэдээ
URL: