Английн нууц мэдээллийг хулгайлсан уу
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Английн хатан хааны шоронд хоригдож байна гэх мэдээллийг дэлхийн хэвлэлүүд мэдээлжээ.
Тэдний бичсэнээр Б.Хурц өнгөрсөн есдүгээр сард Англиас Франц руу гарах гэж байхад нь тагнуул хийсэн, хүн хулгайлсан, хар тамхи биедээ авч явсан хэмээн Английн цагдаа нар баривчилсан. Дараа нь хойд Лондонд байрлах “Уандсворт” шоронд хорьсон аж. Энэ талаарх мэдээллийг Английн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албаны хүн задруулсан байна.
Ямартай ч түүнийг Монголд байхгүйг “Ассошэйтед пресс” агентлаг, “Индипендент” сонин дурьдсан байна. Дэлхийн хэвлэлийнхэн Б.Хурцыг Англид байгааг батлан бичиж байгаа нь энэ.
Нэгэн үе хэвлэлээр “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Б.Хурцыг “Чингис” хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардангуутаа Ганц худаг дахь урьдчилан хорих төвд хоригдлоо” гэсэн. Тухайн үед холбогдох албаныхан “Энэ талаарх мэдээллийг задлахгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Хүн бүхэнд Б.Хурц яагаад, ямар учраас Английн цагдаа нарт тагнуулын хэргээр сэжиглэгдэж баригдах болов гэсэн асуулт тулгарч байна. Дэлхийн хэвлэлүүдийн бичсэнээр Б.Хурц Английн холбогдох албаны нууц мэдээллийг хулгайлсан гэнэ.
Гэхдээ тэрхүү мэдээлэл юуны тухай байсан нь тодорхойгүй аж. Түүнийг дөнгөж баригдаад байхад буруутгах шалтгаан олдохгүй болохоор хүн хулгайлсан, хар тамхи биедээ авч явсан хэмээн Лондонгийн цагдаа нар буруутгасан гэх утгатай зүйлийг “Индипендент” онцолжээ.
Тэдний мэдээлснээр Б.Хурцын Англи дахь өмгөөлөгч Гадаад харилцааны яамаа “Дипломат эрхтэй хүнийг баривчиллаа” хэмээн буруутгаж байсан аж. Түүнийг баривчлахад тус улсын Онц ноцтой, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх төвийнхөн оролцсон байна.
“АР”-д бичсэнээр Английн талын албаны хүн “Ноён Б.Хурцыг энэ долоо хоногт батлан даалтад гаргах гэж байсан. Гэхдээ түр хугацаанд хойшлуулсан” гэв.
Түүнийг батлан даалтад гаргавал код бүхий тэмдгийг хүзүүнд нь байрлуулах хэрэгтэй хэмээн Монголын талд мэдэгджээ. Харин Лондонгийн тойргийн шүүгч Мак Комбе түүнийг батлан даалтад гаргах бодолгүй байгаа аж. Учир нь ингэснээр Б.Хурцын амь насанд халтай гэж үзсэн байна. Мөн тэрбээр Б.Хурцыг Английн талаарх нууц мэдээллийг хулгайлсан эсэхийг тогтоохыг үүрэг болгожээ. Энэ талаар “Дели нюьс” дурьдсан байна.
Д.Түвшинтөр http://niigmiintoli.mn/
URL: