Сар шинээр хот, хөдөөгүй замын түгжрэл үүсэв

44f53f3f44cm5b5ooorhkb6rdc-ОРОН НУТГИЙН ЗАМД ХУРД ХЭТРҮҮЛСНЭЭС НАЙМАН ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ-
Засгийн газрын шийдвэрээр энэ жилээс сар шинийн баяраар гурав хоног амрахаар болсон. Үүнийг хөдөө орон нутгийн ахан дүүстээ золгох боломж олгосон зөв шийдвэр гэж үзэгсэд цөөнгүй байв. Энэ хирээр орон нутаг руу автомашины цуваа үүсч Дархан,Эрдэнэтийн зам хотын түгжирлээс дутахааргүй дүр зурагтай байлаа.

Хэний ч нүдэнд содон тусахаар урт дараалал үүсч, зорчигчдыг бухимдуулав. Шинийн 1,2-нд нийслэлийн гэр хороолол руу золгуутын автомашины буухиа чиглэж, өмнөх жилүүдийнхээс илүү замын түгжрэл бий болсон. Тухайлбал, Дамбаас Таван шар орж золгуут хийхэд таван цаг зарцуулав. Шинийн 1-нд хоёр урсгалтай Дарь-Эх, Дамбын авто замаар дээшээ гурван эгнээ, доошоо нэг эгнээгээр зорчиж байхад арга ч үгүй юм. Зорчих ч гэж дээ, бие биенийхээ өмнүүр хөндөлсөөд автобус ч явахын аргагүй байв. Зарим нэг жолооч гоёлын дээлтэйгээ замын зохицуулалт хийж, яарч бачимдсан нэгэн нь “хундага тулгаж” замын түгжрэлд нэмээс болж байсан юм.

Хотын нэг захаас нөгөө захад хүрч золгуут хийх гэсэн иргэд ийнхүү түгжрэл дунд бухимдалтай байлаа. Юун морин цагт амжиж золгох, үдшийн бүрийгээр ахан дүүстээ золгоход хүрэв. Бухимдсан иргэд “Цагаа олоогүй дугаарын хязгаарлалт хийлээ. Шинийн 1-нд даваа гариг тохиож байхад дугаарын хязгаарлалт хийсэнгүй. Автобусныхаа тоог нэмээд, дугаарын хязгаарлалтыг хийх байсан хэмээн “хилэгнэж” байсан. Харин шинийн 2-нд хурмаст цасаар шуурч, зам цас, мөстэй болсон учир 1-нээс ялгарахгүй авто замын түгжрэл үргэлжилсэн. Тэгвэл шинийн 3-нд орон нутаг руу зорчигч ихтэй байлаа. Өмнөх өдөр орсон цас зам бүрхсэнээр түгжрэл бий болсон гэж албаныхан онцолж байна. Энэ хэрээр хурд хэтрүүлэн явснаас зам тээврийн осол өмнөх жилүүдийнхээс гурав дахин их гарсан байна.

Сар шинийн баярын өдрүүдэд буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нээс энэ сарын 2-ныг хүртэл зам тээврийн ослын 1104 дуудлага Шуурхай удирдлагын төвийн утсанд ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослоор 43 хүн гэмтэж, хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэн давхиснаас осол гарч найман хүний амь эрсэджээ. Дархан руу золгуутаар явсан хүмүүс зам тээврийн осол их гарсан талаар хэлж байгаа. Харин ЦЕГ-аас тодруулахад “Зөвхөн Дархан, Эрдэнэт гэлтгүй орон нутгийн замд осол цөөнгүй гарсан. Осол гарах шалтгаан нь хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчих, автомашины бүс бүслээгүйгээс ноцтой осол гарч хүний амь эрсэдлээ. Хамгийн гол нь хурд хэтрүүлснээс осол гарч байна” гэдгийг онцоллоо. “Драгон” автовокзал дээрээс Дархан, Эрдэнэтийн чиглэлд тахi явдаг. Автовокзал руу дөхөж яваа хүмүүсийг амдаж ирээд “Дархан, Эрдэнэт явлаа. Хоёр хүн аваад шууд гарлаа шүү” гэсэн жолооч нар олон байдаг. Тэд зорчигчдоо суулгаж амжив уу үгүй юу “нисдэг”. Үүнээс үүдэж автозамын осол их гардаг талаар байнга сэрэмжлүүлдэг ч яарч, сандарсан иргэд автобус хүлээхээсээ төвөгшөөж тахi- нд суудаг. Мөн тус чиглэлийн автозамыг маш нарын тавьсан гэлцдэг. Өнөөх хятад замчин залуугийн хэлдгээр “Өргөнөөс нь манай дарга нар идсэн. Зузаанаас нь танай дарга нар идсэн” гэж хэлсэнчлэн автозамын стандартаас болж зам тээврийн осол гарч байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Шинээр тавьсан орон нутгийн зам дагуу тэмдэг, тэмдэглэгээ гэж бараг л байдаггүй. Иймд хувиараа хүн тээвэрлэж байгаа автомашинууд хурд хэтрүүлснээс осол гаргадаг. Уг нь Дархан, Эрдэнэт чиглэлд цаг тутамд автобус зорчдог билээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

 


URL:

Сэтгэгдэл бичих