Цагаан сарын барилдааны жил жилийн түүхээс
Далан нэгэн он. Ардын хувьсгалын түүхт тавин жилийн ойн наадмын өнгийг тодорхойлсон барилдаан. Тухайн жилийн цагаан сарын гол шуугиан тавин жилийн ойд хэн түрүүлэх бол, тэр бөх өнгөлнө дөө гэсэн таамаг байсан нь мэдээж. “Ойн одтой бөх л түрүүлдэг юм даа” гэх олны яриа ч амнаас ам дамжсан нь тодорхой. Түүнийг нь бататгах гэсэн мэт Сэрээтэрийн Цэрэн аварга тэр жилийн цагаан сарын барилдаанд түрүүлж олон түмнийг шуугиулаад авсан. Цэрэн аварга дөчин жилийн ойгоор буюу 1961 онд төрийн их наадамд Дарийн Дамдин аваргыг орхин түрүүлж, таван жил босоо явсан амжилтыг нь зогсоож байсан түүхтэй билээ. Тэгээд начин цолноос аварга цолыг шууд хүртсэн байдаг. Цэрэн аварга түрүү үзүүрт Дамдин аваргатай үлдчихээд байхуйд Спортын төв ордонд цугласан олон, эх орныхоо өнцөг булан бүрт “араажав”-аа чагнан суусан бүхэн “ойн одтойгоороо Цэрэн түрүүлнэ дээ” гэцгээж байжээ. Үнэхээр монгол бөхийн гучин хоёр шинжийн гучин нэгийг нь хадгалж төрсөн, даншгийн ах дүү алдарт аваргууд болох Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа нарын уугуул нутаг Булганы Сайханаас тодорсон даян аварга гарцаа байхгүй түрүүлсэн байдаг. Харин тэр жилийнхээ өндөр ойд түрүүлж чадалгүй Хорлоогийн Баянмөнх аваргад унаснаар үзүүр булаасан билээ. Гэхдээ л ойн одтой бөх гэдгээ баталсан түүхтэй.
Далан нэгэн оны сар шинийн барилдааны их шөвөгт Монгол Улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарам, Жамбалын Хайдав нар шалгарсан удаатай. Хайдав арслан тэгэхэд начин цолтой байсан бөгөөд тэр жилийнхээ наадамд долоо давж шөвгөрснөөр улсын арслан цол хүртсэн юм. Тус барилдаанаас зарим нэгийг нь онцолъё л доо. Тухайлбал, Архангай аймгийн Хотонт сумын харьяат улсын заан Ч.Адъяа хоёрын даваанд залуу бөх Должингийн Адъяатөмөртэй оноолт таарч унасан байдаг. Д.Адъяатөмөр начинг бөх сонирхогч олон сайн мэднэ. Өндрөөрөө Оргилболдтой ойрхон очих тэрээр дал, наяад онд хоёр Мөнхийн бэлтгэл хангагч байсан. Мань хүн далан оны цагаан сарын барилдаанд улсын зааныг хоёрын даваанд өвдөглүүлэн шуугиулж байсан бол бүр наян есөн онд тавь шахсан насандаа начин цолны босго алхаж байв шүү. Жамбалын Хайдав арслан, Донровын Долгорсүрэн заан нар начин цолтой, Дамдингийн Галдандагва, Дамирангийн Баатаржав нартай гурвын давааны төгсгөлд тунацгааж жинхэнэ гал авалцсан барилдаанууд үзүүлсэн байдаг. Дөрвийн даваанд Хайдав, Долгорсүрэн хоёр мөн л тунаж байх жишээний.
Далан хоёр он. Х.Баянмөнх аварга түрүүлж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат улсын заан Ундрахын Пүрэв үзүүрлэсэн жил. У.Пүрэв заан ирээдүйн алдарт аварга Дашдоржийн Цэрэнтогтохыг начин цолтой байхад нь гурвын даваанд, Л.Сосорбарам, П.Дагвасүрэн нарын хүчит арслангуудыг дөрөв, тавын даваанд, Д.Дамдин аваргыг зургаагийн даваанд давж ир, бяраар илүүрхэн үзүүрт шалгарсан юм. Идэрхэн заан Пүрэвийгээ тийнхүү шуугиулахад Алтайнхан мөн чиг их баярласан даа. Ялангуяа Соёлын гавьяат зүтгэлтэн Рэгжийбуугийн Нямдорж, утга зохиолын доктор, цаст Алтайн оргилууд шигээ л дүнхийж байдаг Үржингийн Хүрэлбаатар нарын бөхийнхөө төлөө нэгэн үзүүрт сэтгэлтэй явдаг эрхмүүд ихэд хөөрсөн биз. Мэдээж тэр хоёр их л залуу байсан даа. Тэднээс дутахааргүй баярласан нэгэн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, Элчин сайд Дагвын Цахилгаан гуай. Хөхморьт гэхээр л хоёр нүднийх нь нулимс сул асгаад ирдэг алдар суу, авьяас билгийн тэнгэр болсон хийморьтой эр дөрвөн уулын дунд багтахааргүй л баярласан байж таараа. Тэрээр гурван жилийн өмнө манай сонины “Эх орон сумаас эхэлнэ” буланд “Элст манхан нутгаа ингэтлээ юундаа санана вэ” хэмээн Хөхморьтынхоо тухай бичихдээ Пүрэв заанаа хэрхэн тодотгож өгснийг тодхон санаж байна.
Тэрхүү барилдааны гурвын даваанд Дасрангийн Мягмар заан начин цолтойдоо, Төмөрийн Артаг начинг залуу бөх байхад нь тунасан байдаг шүү. Хоёулаа л ирлэсэн тонгорог шиг байж дээ. Одоогийнхоор бол Ч.Санжаадамба, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар нар шиг л байж. Үй зайгүй найзууд болох Д.Долгорсүрэн, Ч.Лундаа нар дөрвийн даваанд тунасан байдаг. Энэхэн зуурт шигтгээ болгохуйд, Чимэдийн Лундаа начинг үе тэнгийн бөхчүүд нь заанаар тогтохооргүй хүчтэн байсан даа хэмээн харамсан өгүүлдэг юм. Тэрээр бие галбир, хувь хүний зан ааш, зүс царай, хүч тэнхээгээрээ үнэндээ гойд нэгэн байжээ. Даанч залуугаараа өнгөрсөн байдаг. Түүнийг анх гарч ирэхэд, хоёр Мөнхийн залгамж халаа ч гэж яригдаж байсан удаатай.
Далан гурван он. Жигжидийн Мөнхбат аварга дөрөв дэхээ түрүүлж, Жамбалын Хайдав арслан үзүүрлэсэн жил. С.Цэрэн аварга, Далайн Жамц арслан нар их шөвөгт шалгарсан байдаг. Тус барилдааны хоёрын даваанд Хэнтий аймгийн харьяат улсын заан Дамдинсүрэнгийн Барамсай Архангайн Х.Галиндэвт, Биндэръяагийн Батхуяг начин, Чимэдийн Гочоосүрэн зааныг залуу бөх байхад нь тус тус тахимаа өгсөн. Сонирхуулахад, Барамсай зааныг Б.Бат-Эрдэнэ аваргын хадам аав гэдэг байх шүү. Өмнөх жилийнх нь үзүүр бөх У.Пүрэв заан гурвын даваанд аймгийн арслан Дондовын Нансалд тахимаа өгсөн байдаг. Жараад оны дунд үе далаад оны эхээр хэдэн “галзуу амьтад” хөдөөнөөс очиж хүч үздэг байсан гэх. Булганы Д.Нансал, “задгай шар” Лхагвадорж, Ц.Волоож, Завханы С.Юнрэн, Мөөеө аваргыг ид байх үед өвдөглүүлж байсан Өмнөговийн Манлайжав, Төв аймгийн Жанчивравдан нар. Дэндүү ааг омогтойгоосоо болж тэд улсын цолгүй үлдсэнийг үеийнх нь бөхчүүд дурсдаг юм аа.
Далан дөрвөн он. Хоёр Мөнх аанай л үлдэж Хорлоогийн хөвүүн дөрөв дэхээ түрүүлсэн түүхтэй. Мядагийн Мөнгөн, Пүрэвийн Дагвасүрэн нарын арслангууд их шөвөгт шалгарсан юм. Тэрхүү наадмын шуугианы нэгэн эзэн нь Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, халхын алдарт бөх Дагвацэрэнгийн Хадбаатар байлаа. Тэрээр гурвын даваанд Увсын Төмөрийн Артаг начинтай тунаж, барагтай л бөхөд тахимаа өгөх дургүй ааг омогтой хүдэр эрийг бяр хүчний илүүгээр давсныг санах нэг нь санаж байгаа даа. Тэр цагаас хойших цагаан сарын барилдаан Хадаатай эхэлсэн дээ. Т.Артаг начныг өвдөглүүлсэн Хадаа хүү дараагийн даваанд Өлзийсайханы Эрдэнэ-Очир арсланд яалт ч үгүй унасан гэдэг шүү. Д.Баатаржав М.Мөнгөн, Д.Галдандагва Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш, Д.Долгорсүрэн, Баянхонгорын Гандолгорын Батсүх нар гурвын давааны сүүл рүү хоорондоо үзэж бөх сонирхогч олныг суудлаас нь өндөлзүүлж байжээ.
Далан таван он. Хоёр Мөнх мөн л үлддэгээрээ үлдэж Хорлоогийн хөвүүн тав дахиа түрүүлсэн байна. Харин их шөвөгт дархан аварга Д.Цэрэнтогтох начин цолтойдоо, Ө.Эрдэнэ-Очир арслангийн хамт шалгарчээ. Д.Цэрэнтогтох аварга Увсын Баатаржав начин, Говь-Алтайн Д.Цэрэндаш начин, Булганы Д.Лхагвасүрэн заан нартай дараалан тунаж барилдан давсан байна. Ийнхүү монгол бөхийн түүхэнд Дашдоржийн Цэрэнтогтох, Дагвацэрэнгийн Хадбаатар нарын аваргуудын үе эхэлсэн нь тэр ээ. Дорнод нутгаасаа үе үе ирж барилддаг байсан Д.Түвшин заан тэр жилийн цагаан сараар зодоглож гурвын даваанд Архангайн Дамбын Шижээ начинд унасан бол, ард олны хүсэн хүлээдэг бөх “цахилгаан” Мөнхөө арслан Алтайгаас ирж барилдан хоёрын даваанд Хөвсгөлийн Базарраднаа гэдэг залууд тахимаа өгсөн байдаг.
Далан зургаан он. Ж.Мөнхбат аварга тав дахиа түрүүлж, Л.Сосорбарам арслан үзүүрлэсэн. Үндсэндээ Төв аймгийн хоёр хүчтэн тэр жилийн цагаан сараар үлдсэн байгаа юм. 160 бөх зодоглосон учир зургаа, долоогийн даваанд бөх сондгойрсон байна. Цолныхоо эрэмбээр Мөөеө аварга зургаад, Со арслан долоогийн даваанд гоц мөргөжээ. Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмар Ёндонгийн Ишгэнээр дөрөв, Дүгэрийн Цэрэндашаар тав, Жамбалын Хайдаваар зургаа давж их шөвгийн гуравт Мөөеө аваргатай хүч үзсэн байдаг.
Төв аймгийн бөхчүүд түрүү зүүр булаалдсан наадамд тус нутгийн хүчтэнүүд доогуур даваанд ч сайн барилдсан байна. Тухайлбал, олноо “Бүрэнгийн бүдүүн гуят” хэмээн алдаршсан Мөнхийн Загдсүрэн начин Д.Барамсай заан, С.Цэрэн аварга нарыг гурав, дөрвийн даваанд өвдөглүүлж Мөөеө аваргад тавын даваанд унасан байдаг. Тэрээр наян хоёр онд Д.Дамдин аваргаар тав давж улсын цолны босго алхсан билээ.
Далан долоон он. Хорлоогийн Баянмөнх аварга түрүүлж, Пүрэвийн Дагвасүрэн арслан үзүүрлэсэн. Тэр хоёр улсын наадмын үзүүр түрүүнд хоёр ч удаа үлдсэн байдаг шүү. “Баянаа бид хоёр залуудаа нэг гэрт амьдардаг байв. Түүнтэй төрийн наадамд хоёр ч удаа үлдсэн юм. Сүүлийн удаад нь өгчих болов уу гэж горьдож байлаа. Гэвч Баянаа яс үзсэн. Аварга гэдэг үнэхээр аваргаараа л төрдөг юм билээ. Би бол арслан болохоор заяагдсан хүн дээ” гэж Дагвасүрэн гуай хуучилдаг юм. Далан долоон оны баярын их шөвөгт Ж.Мөнхбат, Д.Хадбаатар нарын аваргууд үлджээ. Баянаа Хадаа хоёр тунаж барилдсан байна. Хатуухан учраа Хадааг давчихаад Баянаа аварга “Энэ хүнийг ч барахааргүй болж байгаа юм байна даа” хэмээн өөрийн эрхгүй дуу алдаж байсан гэдэг шүү.
Улсын наадамд тоотой ирж барилдсан Дундговийн “харлаг” хэмээх Дамдиндоржийн Жавзмаа начин тэр жилийн сар шинийн барилдаанд зодоглон Увсын Баатаржаваар гурав давсан байдаг. Олон түмнээ “Чапаев” хэмээн алдаршсан Нэмэхийн Дашзэвэг начин нас ахисан хойноо зодоглож улаан нөмрөгтэй гарч байсныг мэдэх хүмүүс нь хэлдэг юм.
Далан найман он. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Дашдоржийн Цэрэнтогтох аварга анх удаагаа түрүүлсэн жил. Үзүүрт нь Ж.Мөнхбат аварга үлдэж, их шөвөгт Х.Баянмөнх аварга, Д.Долгорсүрэн заан нар шалгарсан байна.
Д.Цэрэнтогтох аварга тэр жилийнхээ наадамд мөн л анх удаагаа түрүү магнай болж улсын арслан цол хүртэж байсан билээ. Тухайн барилдааны зарим нэг онцлогоос дурдъя л даа. Өмнийн говийн О.Пүрэв начин гурвын даваанд Жамцын Даваажав гавьяатад унасан байдаг. Олимпийн мөнгөн медальт нэрт бөх Даваажав улсын цолонд хүрээгүй байсан үе л дээ. Гурвын давааны сүүлд Ё.Ишгэн Д.Жавзмаатай, Д.Цэнд-Аюуш Г.Жалаатай, З.Дүвчин Цэвээнжавын Ванчигцэрэнтэй тус тус хүч үзсэн байна. Тэдний хооронд ямархан барилдаанууд өрнөсөн нь тодорхой. Цэнд-Аюуш, Ишгэн, Дүвчин нарын заанууд дөнгөж начин цолтой байв. Манайхны хэлдгээр ирлэсэн тонгорог шиг л байсан болов уу.
Далан есөн он. Хорлоогийн Баянмөнх аварга түрүүлж, Д.Цэрэнтогтох аварга үзүүрлэв. Л.Сосорбарам, П.Дагвасүрэн нарын арслангууд шөвгөрчээ. Тэр жилийн цагаан сарын өнгө нь Ховд аймгийн Алтай сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин Адуучийн Баатархүү байв. Тэрээр уран гараат начин Завханы Г.Баттогтохоор гурав, Гандолгорын Батсүх начингаар дөрөв давж Д.Цэрэнтогтох аваргад унасан байдаг. Мөн тэр жилээ улсын цолонд хүрсэн байх шүү. Дэндэвийн Амгаа заан Зэвэгийн Дүвчинтэй, Дамбажавын Цэнд-Аюуш заан Рэгжийбуугийн Даваанямтай гурвын давааны төгсгөлд хүч үзсэн байна. Үндсэндээ дөрвөн заан хоорондоо тулсан байгаа юм. Наяад оны эхэн бол яалт ч үгүй л тэдний үе. Дээр нь Дамдингийн Баяраа гарьд, Шагдарын Чанрав, Однойн Бахыт, Содномын Эрхэмбаяр, Жанцангийн Чулуун хүчтэй начингууд шуугиулж явсан он жилүүд билээ.
Наян он. Дагвацэрэнгийн Хадбаатар аварга манлайлж айл хотол, улс даяараа магнайгаа тэнийтэл баярласан жил. Хадаа аваргыг түрүүлнэ хэмээн өмнөх жилүүдийн сар шинээр олон түмэн хүлээж байсан. Тэрээр үзүүр түрүүнд Донровын Долгорсүрэн заантай үлдэн монгол гутлыг нь сугартал дүүгүүрдэж хаячихаад яваад өгсөн гэдэг. Идэр залуу хүчтэний бяр тэнхээг хүн бүр шагшиж байсан гэх.
“Угтаалын зон олны сэтгэл, Хүүлэй хаан уул нь түшлээ дээ” хэмээн Хадаа аваргыг мэдэх ойр дотнынхон нь хэлж байсан дуулддаг. Мөн “Алдар”-ын тамирчид Хадаагийнхаа түрүүг дүүрэн баяртайгаар тэмдэглэж байсныг мөн л мэдэх нэг нь хэлдэг юм. Тэр жил хоёр Мөнх шөвгөрсөн байна. Бөхчүүд, бөх сонирхогчдын хэлдгээр цоорч барилдсан хүчтэнүүдийн нэгэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат Однойн Бахыт харцага. Казах түмний төлөөлөл болсон тэрхүү хүчтэн Ч.Амартүвшин, Д.Амгаа, Ё.Ишгэн нарын заануудыг дараалуулан орхин дунд шөвөгт шалгарч Баянаа аваргад унасан байдаг аа. Увсын Довчингийн Нэгдэл начин тэр жил мөн л сайн барилдан бага шөвөгт үлдэж байжээ.
Наян нэгэн он. Жигжидийн Мөнхбат аварга зургаа дахь удаагаа түрүүлж, Дашдоржийн Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн жил. Их шөвөгт Х.Баянмөнх аварга, Говь-Алтайн Дугарын Нэмэхбаяр начин нар шалгарч байжээ. Тэр жилийн шуугианы эзэн мэдээж Говь-Алтайн Нэмэхбаяр. Тэрээр аймгийн арслан цолтой байхдаа сар шинийн барилдааны их шөвгийн дөрөвт гурван аваргатай тийнхүү тунаж байсан удаатай. Ж.Хайдав арслангаар гурав, Д.Долгорсүрэн заанаар дөрөв, Д.Галдандагва начингаар тав давсан байдаг. Бас л луугаруудыг л өвдөглүүлсэн байгаа юм. Түүнийг тэр жилийн наадмаар бас л хуйхлаад өгөх байх гэж үзэгч олон харж байсан ч улсын цолонд хүрч чадаагүй. Наян зургаан онд начин болсон байдаг шүү.
Тухайн жилийн сар шинийн барилдааны үеэр залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон байдаг. Түүнд зодоглосон залуус цагаан сарын барилдаанд хүч үзсэний нэг нь Д.Нэмэхбаяр юм. Түүнээс гадна Өмнөговийн Дашдуламын Багахүү, Булганы Жамцын Бор нар л бас үймээн тарьсан байдаг. Д.Багахүү хоёрын даваанд Д.Лхагвасүрэн зааныг өвдөглүүлж, гуравт Ховдын Адуучийн Баатархүү начинтай тунаад унасан байна. Гурвын давааны төгсгөлд Дамдингийн Галдандагва начинг Булганы Борыг, Ендонгийн Ишгэн Жанцангийн Чулууныг амлаж Баатархүү, Багахүү нар тунаж байжээ. Тэдний хооронд гал маналзсан барилдаанууд гарсан нь тодорхой. Адуучийн Баатархүү дөрөвт Мядагийн Мөнгөн арсланг заан цолтой байхад нь өвдөглүүлж Баянаа аваргад тахимаа өгсөн байна. Сонирхуулахад, Д.Дамдин аварга тавын даваанд долоон бөхөөс ам сонсохдоо баруун жигүүрийг магнайлан барилдаж байсан Ж.Мөнхбат аваргыг амлаж Спортын төв ордонд цугласан олон болоод хөдөө орон нутагт “араажав”-аа чагнаад сууж байсан түмнийг алмайруулсан гэдэг. Данигай аваргын тэрхүү шийдвэрийг хүмүүс янз бүрээр ярьдаг. Зарим нэг нь “Мөөеөгийн түрүүлэх замыг нь эртнээс зассан” гэдэг бол, зарим нь залуучуудаас халгаад яалт ч үгүй Мөөеөгөө авсан гэж барин тавин хэлдэг юм.
Наян хоёр он. Хорлоогийн Баянмөх аварга найм дахь удаагаа түрүүлж, Мядагийн Мөнгөн арслан үзүүрлэсэн. Их шөвөгт Д.Мягмар, З.Дүвчин нарын заанууд үлджээ.
Д.Мягмар заан дөрөвт Данзандаржаагийн Сэрээтэрийг, тавд Чогдовын Амартүвшин зааныг хүч бярын илүүгээр өвдөглүүлсэн бол Зэвэгийн Дүвчин, Д.Дашжамц, О.Бахыт, А.Баатархүү нарын үе тэнгийн шилдэг хүчтэнүүдтэйгээ даваа бүрт тунаж, тунасан бүхнээ орхижээ. Дүвчин тухайн үед начин цолтой байсан билээ. Түүнийг хөлөөрөө олон сүлжээ мэх хийдэг уран барилдаанч бөх гэдгийг манайхан мэднэ. Дээрх хүчтэнүүдтэйгээ адуу шиг л тачигнасан гэдэг шүү.
Адуу шиг гэснээс наяад оны эхээр боодогны чулуу шиг атгаж боломгүй нэгэн үеийн хүчтэнүүд гарч ирсэн нь Рэгжийбуугийн Давааням, Бандийн Ганбаатар, Дамдингийн Баяраа, Өлзийн Тулгаа, Зэвэгийн Дүвчин, Содномын Эрхэмбаяр, Однойн Бахыт, Довдонгийн Дашжамц, Жамцын Бор, Адуучийн Баатархүү, Дашдуламын Багахүү нар юм. Тэдний хооронд л бөхчүүдийн хэлдгээр гал авалцсан барилдаанууд болдог байж. Дэндэвийн Амгаа заан тухайн барилдааны гурвын даваанд Төмөрийн Артаг начинг амлаж барилдаад унасан байдаг. Заан цолыг аваад удаагүй, жинхэнэ торгон ирэн дээрээ байсан Амгааг тахимаа өгөхөд олон түмэн “Ясны сайн бөх гэдэг ямар ч үед эвгүй дээ. Артаг бол хэвээрээ л байна. Харих болоогүй юм байна” гэцгээж байсан дуулддаг юм.
Наян гурван он. Дашдоржийн Цэрэнтогтох аварга түрүүлж, Дэндэвийн Амгаа заан үзүүрлэсэн жил. Д.Амгаа заанаа түрүүлчихэж юуны магад хэмээн Булганыхан бараг л хамт барилдсан удаатай. Үндсэндээ Цэрэнтогтох аваргатай их олон хүн барилдсан байх. “Араажав”-аа сонсоод л байгаа. Давах бүрт нь бөөн дуу болж хотлоороо баярлаад л. Хамгийн их баярласан нь зургаагийн давааны шөвгийн дөрөвт Баянаа аваргыг хаяхад гэдэг юм билээ. Аргагүй л дээ, өнгөрөгч жил нь түрүүлсэн хүчтэнийг орхиж түрүү үзүүр булаалдах сайхан. Тэр жил их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, хүчит заан Сарангэрэлийн Хүрэлбаатар шалгарч мөн л хоймор нутгийнхаа олон түмнийг догдлуулаад авсан. Дамдин, Бээжин аваргуудаас хойш Хөвсгөлийн хүчтэнүүд сар шинийн барилдаанууд тэр бүр өнгөлөөгүй байв.
Яг л тийм ахуй цагт Хүрлээ заан гараад ирсэн байгаа юм. Тэрээр алдарт бусгаа мэхээрээ хатуухан учраануудаа өвдөглүүлснийг мэдэх хүмүүс нь хэлдэг юм. Хүрлээ зааны бусгаанд тогтож үлдсэн бөх ховор гэх юм билээ. Наян гурван оны сар шинийн барилдаанд өнөө л “гайхал”-ууд бас л шуугиулжээ. Гайхлууд гэдэг маань миний дээр овог нэртэй нь цоллосон бөхчүүд дээ. Тэднээс “Алдар”-ын тамирчин Жамцын Бор ус нутгийн ах Сэрээтэрийн Цэрэн аваргаар гурав, Д.Долгорсүрэн заанаар дөрөв давж Д.Цэрэнтогтох аваргад тахимаа өгсөн байдаг. Цэрэнтогтох аваргаас өөр хүн Булганы Борыг тогтоохооргүй байсан гэдэг. Мань хүн тэр жилээ шууд зургаа давж өсөх идэр чимэгтэй начин, одоогийнхоор харцага цолны болзол хангасан билээ. Санжжавын Сүхбаатар заан залуу бөх зодоглож хоёрын даваанд Ө.Эрдэнэ-Очир арсланг, гуравт Д.Дашжамц начныг тунаж, дөрөвт Чимэдийн Гочоосүрэн зааныг орхиж дунд шөвөгт шалгарч байж. Зааныг бөхийн хүрээнийхэн “нам Сүхбаатар” гэдэг байж билээ. Бие жижгэвтэр хэрнээ жин ихтэй, уран дайчин барилдаантай бөх байсан. Залуудаа жин багатай байсан ч баргийн хүнд бярдуулдаггүй, хатуу боорцог байж шүү. Ө.Эрдэнэ-Очир урьд өмнө үзээгүй залуу бөхөд уначихаад Сосорбарам нарын үе тэнгийнхэн дээрээ ирээд “Би чинь ямар хүнтэй учраа таарчихав даа” хэмээн толгой сэгсэрсэн гэдэг ээ.
За тэгээд гурвын давааны төгсгөлд Ё.Ишгэн С.Эрхэмбаяр, Д.Баяраа О.Бахыт, Д.Нэгдэл Бандийн Ганбаатар, Г.Пүрэв-Очир Р.Даваанямтай тус тус хүч үзэж тахимаа өгсөн байдаг. Сонирхуулахад, Увс аймгийн Тэс сумын харьяат Довчингийн Нэгдэл начин хөгжмийн зохиолч Цэцэрлэгийн төрсөн ах билээ.
Наян дөрвөн он. Олон түмний хайртай бөх Дагвацэрэнгийн Хадбаатар аваргын түрүүлдэг жил. Тэрээр эхний даваанаас үзэгчдийг шуугиулсан байдаг. Өөрөөс нь хамаагүй жижиг, өнөө тарваган Бадарч найз шиг нь бөх эхний даваанд таарч л дээ. Тугийн мандлын өмнө дэвээ шаваагаа гүйцэтгэчихээд өмнөө зогсоо учраагаа анзааралгүй дээгүүр харж олныг инээлгээд авчээ. Тэгээд зогсохгүй өнөөхөө дух руу нь хүчтэй алгадсан байгаа юм. Тэр том хүний гарын аяыг өнөө залуу яаж даахав дээ, уулын уруу хүч алдан арагшаагаа өнхрөх машин шиг хойшоо хэд харайлгаснаа тас гэдрэгээ саваад унажээ. Үзэгчид бас л бөөн инээдэм. Хадаа аварга түүнийг нь сайн мэдэж байгаа учир улам алиалж дэвээд л. Түүнийг хэдийн даваанд ч юм бэ учраа бөхтэйгээ хүч үзэж байхад үзэгчдийн суудлаас нэг нь “Хадаа дүүгүүрдээрэй” хэмээн орилжээ. Тэгж хэлэхийг нь л хүлээж байсан мэт тэр зүгт анхаарал нэгэнтээ хандуулснаа учраагаа сүнгэнэтэл дүүгүүрдээд хаячихаж. Бас л бөөн шуугиан. Залуус “Хадаа, Хадаа” хэмээн шүгэлдээд л. Олны тэрхүү дэмжлэг, сэтгэлийн хөөрлийг хөсөрдүүлэлгүй хүчит аварга их шөвөгт Д.Цэрэнтогтох аваргыг, түрүү үзүүрт Ёндонгийн Ишгэн зааныг орхин түрүүлсэн байна. Байнд ирсэн монгол гутлаа өөрт нь таарахгүй учир “Алдар” нийгэмлэгийн тамирчид, дүү нартаа өгснийг тэд зах дээр аваачиж зарснаа нэн бахархалтайгаар дурсдаг юм билээ. Наян дөрвөн он ийнхүү Хадаатай цагаан сар болжээ. Тэрхүү барилдааны өөр сонин хачнаас хүргэе. Д.Дамдин аварга гурвын даваанд Л.Сосорбарам арсланг амлаж барилдаад баралгүй унасан байдаг. Мөн нэг хачирхалтай зүйл нь дөрвийн даваанд хүч үзсэн арслан М.Мөнгөн, заан Ч.Гочоосүрэн нар удаан барилдсан учир хасагдаж тавын даваанд бөх сондгойрон Баянаа аварга гоц мөргөж байжээ. Бас сонин шүү. Гочоо заан хасагдчихаад уяа бөхөд амлагдсандаа харамссан болов уу. Тухайн цагаас Мөнгөн арсланг “Уяа Мөнгөн” гэж нэрийдэх болсон байж ч мэдэх юм. Хоёрын даваанд Уламбаярын Мижиддорж арслан үл таних нэгэн залууд дүүгүүрдүүлж унажээ. Тэр нь хожмоо улсын начин цол хүртсэн Булган аймгийн Сайхан сумын харьяат Мягмаржавын Болдбаатар начин байсан байна. Мөн хоёрын даваанд Сүхбаатарын Дахын Одсүрэн харцага Увсын залуу бөх Ж.Ганболд (улсын заан)-д, Төмөрийн Артаг начин залуу бөх Лу.Энхбаяр(улсын начин, гавьяат тамирчин нэрт бөх)-т тус тус унажээ. Бас тэмдэглэлгүй өнгөрч боломгүй нэг барилдаан байна аа. Тэр нь Увсын Ө.Тулгаа, Ховдын Р.Даваадалай нар. Гурвын давааны төгсгөлд хүч үзэж Равдангийн Даваадалай начин давсан байна.
Наян таван он. Дагвацэрэнгийн Хадбаатар аварга гурав дахиа түрүүлсэн жил. Ард түмэн бас л шавайгаа ханатал баярласан нь мэдээж. Үзүүрт Д.Цэрэнтогтох аварга үлдэж, С.Хүрэлбаатар заан, М.Мөнгөн арслан нар шөвгөрчээ. Тэр жилийн барилдаанд бас л сонин сайхан дурсамжууд бий. Тухайлбал, С.Цэрэн аварга гурвын даваанд Ө.Эрдэнэ-Очир арсланг амлаад унасан бол дараагийн даваанд Л.Сосорбарам арслан мөн л амлаж барилдаад унасан байна. Барилдааны дундуур Со арслан Цэрэн аваргад “Эрдэнэ-Очирыг хоёулаа элбээд ч барсангүй дээ” гэж хэлээд олныг хөгжөөж байжээ. Олон түмнээ “дүүгүүр” хэмээн алдаршсан Дандарын Гомбосүрэн начин нас нэлээд ахисан хойноо зодоглож нэгийн даваанд хорьдугаар зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээд унажээ. Дүүгүүр Гомбосүрэн зодоглосон гэснээс тухайн үед хамгийн ахмад бөх нь Говь-Алтай аймгийн харьяат, аймгийн арслан Ядамжавын Мөнхөө. Олон түмнээ “цахилгаан Мөнхөө” хэмээн алдаршсан тэрээр жаран насандаа зодоглож байсан гэдэг шүү. Мөнхөө арслантай холбоотой нэгэн хуучийг Элчин сайд Дагвын Цахилгаан гуай хэлсэн юм. Түүнийг энд шигтгэе. Мөнхөө арслан амьдралынхаа сүүлийн жилүүдэд хотод аж төрдөг байжээ. Тэгээд л жилийн жилд цагаан сарын барилдаанд ёс юм шиг зодоглодог байж. Хүмүүс “Мөнхөө гуай энэ жилээс болих юм биш үү. Хөгширсөн хойноо шалны алчуур болж гүйцлээ” гэх утгатай үг цухуйлгахуйд хариуд нь ингэж хэлсэн байгаа юм. “Би хаа хол Говь-Алтай аймгийн Халиун суманд суугаа хөгшин ижийдээ сар шинээр очиж золгож чадахгүй. Тийм болохоор амьд мэнд сайн яваагаа араажаваар дуулгах гэж л зодоглодог юм даа” гэж хэлээд олны амыг тагласан гэх. Мөн айхтар үг шүү.
Наян зургаан он. Д.Цэрэнтогтох аварга түрүүлж, М.Мөнгөн арслан үзүүрлэсэн юм. Их шөвгийн дөрөвт хөдөлмөрийн баатар, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсын начин цолтой үлдэж байж. Тэрээр Жамцын Бор, Зэвэгийн Дүвчин зэрэг аваргуудын зүрхэнд шар ус хуруулдаг хүчтэнүүдийг дөрөв, тавын даваануудад тунаж орхисон байдаг. Өнгөрөгч хоёр жил дараалан түрүүлсэн Хадаа аварга маань Ч.Гочоосүрэн заанд гурвын даваанд унаж олон түмнээ гомдоосон бол тэр жилийнхээ наадамд арван жилийн зайтай хоёр дахиа түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн билээ. Дасрангийн Мягмар заанд Өвөрхангайн Эрдэнэбат хэмээх өндөр залууд хоёрын даваанд тахимаа өгсөн нь хожмын заан Дашзэвэгийн Эрдэнэбат байжээ. Жараад оны дунд үед цалгиатайхан барилдаж байсан “өмсдөг” хэмээх Цанлигийн Дамдиндорж заан тэр жил зодоглож нэгийн даваанд унасан байдаг. Сонин болгож өгүүлэхүйд, гурвын давааны төгсгөлд Р.Давааням заан начин цолтой байхдаа гурван бөхөөс ам сонсчээ. Тэд нь Б.Бат-Эрдэнэ (одоогийн аварга), Ж.Бор(харцага), С.Эрхэмбаяр нарын начингууд байсан гэнэ. Тэгээд Борыг амлаж барилдаад яалт ч үгүй тахимаа өгсөн дуулддаг.
Наян долоон он. Одвоогийн Балжинням аварга начин цолтойдоо түрүүлж шуугиан дэгдээсэн. Тэрээр С.Эрхэмбаяр, Р.Давааням, Д.Баяраа, Ө.Тулгаа нартай гурвын даваанаас аваад л тунасан байна. Тунасан бүгдээ орхисоор түрүү үзүүрт Д.Цэрэнтогтох аваргыг давжээ. Ерэн нэгэн онд том Сүхбат гарьдыг давж түрүүлчихээд шидсэн чулуу шиг тугийн мандал руу гүйсэн шигээ Цэрэнтогтох аваргыг давчихаад ихэд баярлаж догдолж байсан билээ. Тэр жилийн цагаан сараас луу жилтнүүдийн үе эхэлсэн гэхэд болно. Ухаандаа, Дүгэржавын Хишигдорж заан залуу бөх зодоглож Дүвчин, Мягмар нарын хүчтэнүүдийг гурав, дөрвийн даваанд орхиж байлаа даа. Агвааны Тэгшээ агсан Ундрав Пүрэв заан, С.Цэрэн аварга хоёрыг нэг, хоёрын даваанд тэнгэр харуулчихсан байдаг шүү.
Энэ мэт сар шинийн барилдааны жил жилийн түүх цааш үргэлжлэх юм аа. Дараагийн дугаараас Б.Бат-Эрдэнэ аваргын он жилүүд эхэлнэ дээ.
/Аравт/
URL: