Сар шинийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа түрүүлэв
XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын гарьд Д.Рагчаа түрүүллээ.
Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Г.Эрхэмбаяр, Д.Ганхуяг, П.Бүрэнтөгс тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой, хүчит 256 бөх зодоглосон тус барилдаанд Д.Рагчаа наймын даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан О.Хангайг давж, түрүүлсэн юм. Их шөвгийн дөрөвт улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар тунаж үлдлээ. Модон морин жилийн хаврын тэргүүн сарын барилдааны чимэг болж, амжилттай барилдан үзүүрлэсэн О.Хангай нь 1990 онд төрсөн морь жилтэй залуу бөх юм.
Тэрбээр өнгөрсөн зуны наадмаар Ховд аймгийн барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. О.Хангай өнөөдрийн барилдааны дөрвийн даваанд улсын арслан Д.Азжаргал, тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар, зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат, долоогийн даваанд улсын заан Ч.Санжаадамба нарыг өвдөг шороодуулж, үзүүр, түрүү булаалдахаар шалгарсан юм. Мөн тэрбээр барилдааны үеэр олгодог “Улаанбаатар хивс” компанийн нэрэмжит “Цахиур хагалах бөх”, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн “Улсын цолд ойрхон бөх” шагналын эзнээр тодорсон.
Түүнчлэн даян аварга А.Сүхбатын “Ирээдүйн аварга” шагналыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Н.Жаргалбаяр хүртсэн бол “Кёкүшю” группийн нэрэмжит шагналыг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, улсын харцага Ч.Өвгөнхүүд гардуулав.
URL: