Халуун сэтгэлээр дүүрэн тоглолтоо амжилттай зохион байгууллаа
Монголын сайтын холбоо ТББ, Монголын хүмүүнлэгийн ирээдүй олон улсын байгууллага хамтран 2011 оны 06 сарын 02-ны өдрийн 19,00 цагт Улаанбаатар паласт “АМЬДРАЛЫНХАА НЭГЭЭХЭН ХЭСГИЙГ БУСДЫН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ЗОРИУЛЬЯ” урлаг соёлын оддын нэгдсэн хандивын тоглолтыг амжилттай зохион байгууллаа.
“Монголын Сайтын Холбоо” ТББ-аас санаачлан “Амьдралынхаа нэгээхэн хэсгийг бусдын сайн сайхны төлөө зориулъя” уриалгад нэгдэн САЙН ҮЙЛСИЙН ТӨЛӨӨ өрнүүлсэн билээ. Бид иргэдийн хүсэлт, бодит байдал, хүндрэлийг харгалзан үзэж энэ удаад хүнд өвчин тусаад үхэл амьдралын зааг дээр ирээд байгаа “Эмчлэгдэх бүрэн боломжтой” хоёр бяцхан хүүхдийн алтан амийг аварч амьдрал бэлэглэх зорилт тавин дээрх арга хэмжээг зохион байгуулсан юм.
Энэ удаад 11 настай Б.Өсөхбаяр хүү, Б.Мөнхжин охинд халуун гараа сунган эмчилгээний зардалд нь туслахыг зорин хандивын тоглолт зохион байгуулан сайн санаат элэг нэгт монголчуудынхаа хамт нэгэн оройг хөгжилтэй өнгөрүүллээ. Тоглолтын үеэр хоёр бяцхан дүүдээ сайн санаат хүмүүсийн цуглуулсан хандив болон тоглолтын орлогоос хуримтлуулах 10 сая төгрөгийн батламж гардуулан Олон түмний итгэлээр өөдрөг байж хурдан эдгэж, сайн суралцаж, эрдэм мэдлэгтэй сайн хүн болон төлөвшиж эх орондоо ихийг бүтээхийг хүссэн юм.
Халуун сэтгэлээр дүүрэн хандивийн тоглолтод “Домог” үндэсний хөгжмийн хамтлаг, дуучин Эгшиглэн, Ану, 3 бүдүүн, A-capella, “S4″,”Sync” хамтлаг ая дуугаа өргөснөөс гадна Амгалан дахь хүүхдийн асрамжийн газрын хүүхэд багачууд үе тэнгийн хоёр найзаа түргэн эдгэрээрэй гэж хүсэн мөн ая дууны мэндчилгээ хүргэн халуун дулаан уур амьсгалтай сайхан тоглолт болж өнгөрлөө.
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдгийн адил ирээдүй хойч хүүхэд багачуудынхаа төлөө сайн үйлсийн аянд нэгдэн бидний зохион байгуулсан арга хэмжээнд дэмжсэн хувь хүн, албан байгууллага нартаа бяцхан дүү нарынхаа өмнө талархаж буйгаа илэрхийлье.
Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын минь ирээдүй үргэлж гэрэл гэгээтэй байхыг хүсэн ерөөе.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
URL: