БХЯ-ны газрын дарга, хурандаа Х.Батсайханы сейфнээс 280 сая төгрөг олджээ

32_8dbd94fdc504d5e5d2e59bdd5b7ba11f05d00038

Авлигатай тэмцэх газрынхан энэ сарын 19-нд Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, тус яамны Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга Д.Жаргалсайхан нарын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн билээ. Энэ үеэр Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Батсайханы өрөөнд байсан сейфнээс даавуунд боосон их хэмжээний мөнгө олдсон бөгөөд энэ тухай мэдээллийг манай сонин хүргэж байсан юм.

Тэгвэл албаны эх сурвалжууд дээрх мөнгийг тоолоход 280 сая төгрөг болсон гэх мэдээллийг өглөө. Гэвч дээрх мөнгийг хэрхэн яаж, ямар аргаар олсон нь одоогоор тодорхойгүй ба мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа гэдгийг хэлж буй юм.

Мөн дээрх хэргээс үүдэн өөр олон ноцтой асуудал үүсч мэдэхээр нөхцөл байдал бий болоод байгаа тухай албаныхан мөн онцолсон. Тодруулбал, АТГ-аас БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, тус яамны Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга Д.Жаргалсайхан, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, “Монгол- 999″ нэгдлийн тэргүүн Л.Aриунболд, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар болон УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Б.Баттулга нарын таван эрхмийг Цагдан хорих 461 дүгээр ангид 72 цагийн хугацаатай саатуулаад сулласан. Ингэхдээ дээрх албан тушаалтнуудыг “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан байж болзошгүй, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж завшсан” гээд хэд хэдэн үндэслэлээр буруутгаж байсан юм. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад ноцтой байж болохоор өөр олон баримт гарч ирсээр байгаа бөгөөд иймээс тэднийг цагдан хорих тухай саналыг холбогдох газарт нь дахин хүргүүлээд байгаа ажээ.

Ер нь ч ойрын үед Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг тойрсон дуулиант мэдээллүүд ар араасаа хөвөрч байгаа. Тухайл бал, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн мэдэлд байдаг 6,5 км цэргийн зориулалттай төмөр замыг дур мэдэн худалдсан гэх мэдээлэл дуулианд тариад байгаа юм. Ингэхдээ тэрбээр мөн л хууль зөрчсөн бөгөөд Зэвсэгт хүчний мэдэлд байдаг өчнөөн тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг ердөө 25 сая төгрөгөөр үнэлж зарсан. Иймээс энэ хэргийн эргэн тойронд янз бүрийн мэдээлэл өрнөж өнөөдөр нэг км төмөр зам барьж байгуулах өртөг 1,8 тэрбум төгрөг байхад ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав ямар үнээр 6,5 км урттай төмөр замыг зарчихсан бэ гэх асуулт олон хүний анхаарлыг татсаар байна. Гэвч харамсалтай нь энэ хэргийг өнөөдөр цагдаа хуулийн байгууллагынхан шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй бөгөөд дээрх буюу БХЯ-ны газрын дарга нарын тарьсан дуулианд дарагдаад мартагдах вий гэсэн эмзэглэл олон хүнд төрж байна. Үүнээс ч болсон уу, Ц.Бямбажав генералыг төмөр зам худалдсан хэргээ анхаарлаас холдуулахын тулд БХЯ-ны газрын дарга нарын мөнгө угаасан байж магадгүй гэх хэргийн дуулианыг анх гаргаж ирсэн гэх хардлага байгаа аж. Голдуу яамныхан дотроо буруутныг хайсан жиг жуг хөврүүлж, хов дайсан бор шувуудыг нисгэж суудаг ажилтай болжээ.

Ямартай ч сүүлийн үед Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчнийг тойрсон энэ мэт ноцтой мэдээлэл олныг гайхашуулсаар, хуулийн байгууллагынхан шалгасаар байна. Тэр ч бүү хэл дуулиант хэрэгт нэр холбогдоод байгаа зарим албан тушаалтанг ажлаас нь түдгэлзүүлэх саналыг АТГ-аас салбарын сайд нарт нь хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Бид энэ үйл явдлын эргэн тойронд өрнөж буй шинэ мэдээллийг уншигчдадаа хүргэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих