Монголын сайтын сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйг чандлан сахина
Морин жилийн босгон дээр Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын сайтын холбооны удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын үеэр Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид хэлэхдээ “Энэхүү санамж бичгийг байгуулж байгаа нь санамсаргүй хэрэг бишээ. Яагаад гэвэл өнөөдөр эгнээндээ 100 гаруй сайтыг нэгтгэсэн ийм хүчирхэг байгууллага бүх гишүүдтэйгээ бүгдээрээ нийлээд 2013 оны 12 дугаар сарын 10-нд Монголын сэтгүүлчдийн 15 дугаар их хурлаар баталсан Мэргэжлийн ёс зүйн журам, зарчмыг үйл ажиллагааны мөрдлөг, үүрэг болгож байна гэдэг маань эргээд манай салбарт эерэг өнгө төрх авчирсан том үйл явдал болж байна. Мөн МСЭ энэ алхмыг туйлын талархан хүлээн авч Монголын сайтын холбоотой хамтран ажилласан билээ. Цаашид зөвхөн сайтын холбооны хүрээнд ч биш Монголын сэтгүүлзүйд ийм эрүүл зөв чиг хандлагыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө боломжтой бүх ажлыг хамтран хийх итгэл эрмэлзлээр дүүрэн байна. Ирэх морин жилд Монголын сэтгүүлзүйд эерэг, өөдрөг өөрчлөлтүүд олон гарахын эхлэл нь энэ гэж бодож байна. Яагаад гэвэл өнгөрсөн үеийн нийгмийн сэтгэлзүйн чиг хандлагыг харахад өнгөрсөн 24 жил туулж өнгөрүүлсэн зам мөрөө эргэж харах, “мориноосоо бууж” эргэцүүлэн хэлэлцэж, салбар салбар өөр өөрийнхөө чиглэлд хэрхэн яаж шинэчлэл бий болгох вэ гэдэг тал дээр ярилцаж байгаа. Тэгэхээр бидний хувьд ч энэ зөвшилцлийн нэг хэлбэр, үр дүн бол өнөөдрийн хамтын ажиллагааны санамж бичиг гэж хэлмээр байна. 2014 он бол Монголын сэтгүүлзүй жинхэнэ мэргэжлийн ёс зүйгээ чанд мөрдсөн, эрүүл тэнцвэртэй мэдээлэл олон нийтэд хүргэдэг салбар болгохын төлөө бид хамтран ажиллах болно” хэмээн онцоллоо. Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан “Сайтын холбооны гишүүн бүх сайтынхан мэдээлэл түгээх үйл ажиллагаандаа мэргэжлийн ёс зүйн журам, зарчмыг чандлан мөрдөж,ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэн ажиллана”гэдгээ мэдэгдлээ.
Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчим
Ардчилсан нийгэм дэх иргэний үнэнийг мэдэх эрхийг хүндэтгэж сэтгүүлчид нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан энэхүү зарчимд заасан мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин баримтална. Үүнд:
1. Үнэнийг мэдэх олон түмний эрхэд захирагдаж баримтад тулгуурлан мэдээлнэ.
2. Мэдээлэл, баримтыг цуглуулахдаа шударга бус аргыг хэрэглэхгүй /ноцтой гэмт хэрэг илрүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд/
3. Баримтыг мушгин гуйвуулахыг цээрлэнэ.
4. Шашин шүтлэг, нас хүйс, яс үндэс, бэлгийн амьдрал, чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахгүй.
Гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм зэрэг хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчлахгүй.
5. Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаахыг цээрлэнэ.
6. Нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө аливаа хэлбэрээр авилга авахгүй.
7. Бусдын бүтээлийг хэсэгчлэн болон бүхлээр нь хулгайлахгүй.
8. Хүмүүсийн хувийн нууцыг нийтэд дэлгэн тавихгүй /улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудаас бусад/,
9. Иргэн хүний уй гашуу, зовлон шаналлыг мэдээлэл олж авах эх сурвалж болгож ашиглахгүй.
10. Буруу ташаа мэдээлэлд гомдол гаргасан байгууллага, хувь хүнд залруулга хийж, няцаалт хэвлэн нийтлэх, нэвтрүүлэх боломж олгоно.
11. Улс нийгэм, шударга ёс, ардчиллын үнэт зүйлсэд харшлах баримтыг нуун дарагдуулахыг цээрлэнэ.
12. Нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зураг, баримтат кино, цахим мэдээлэлд эх хэл соёл, гоо зүй, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг сахина.
13. 16 нас хүрээгүй хүүхдээс эцэг эх, халамжлан хариуцагчийнх нь зөвшөөрөлгүйгээр мэдээлэл авахгүй.
14. Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэж зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ.
15. Мэдээллийн эх сурвалжаа нууцална.
16. Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд сэтгүүлчид үзэг нэгт нөхдийнхөө асуудлыг зөвхөн мэргэжлийн түвшинд шүүн хэлэлцэхийг зөвшөөрнө.
17. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид төлбөрт болон захиалгат нийтлэл, нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бичлэгээс ялгаж тэмдэглэн нийтэд зөв ойлголт өгөх үүрэгтэй.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН 15 ДУГААР ИХ ХУРАЛ
Улаанбаатар, 2011 оны 12 дугаар сарын 10
URL: