Намуудын уулзалт жижиг намууд “сэрснийг” батлав
МАН-аас зохион байгуулсан Монголын улс төрийн намуудын уулзалт өнөөдөр боллоо. Энэхүү уулзалтад нийт 18 намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга оролцсон юм. Мөн энэхүү уулзалт нь МАН-аас зохион байгуулж буй улс төрийн намуудын удирдлагуудтай хийсэн дөрөв дэх цугларалт аж.
Хэлэлцүүлгийн сэдэв нь одоо УИХ-д өргөн баригдсан, хэлэлцэгдэх хуулиуд болон Үндсэн хуулийг дордуулсан гэх долоон өөрчлөлтийг хэрхэн засах, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслүүд, намын санхүүжилт, сонгуулийн тухай хууль зэрэг байсан ч УИХ-д суудалгүй намыг татан буулгах шаардлагатай гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай холбоотой мэдээлэлд голчлон ярилцсан юм.Уулзалтад АН-ыг төлөөлөн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь ирсэн байв. Тиймээс түүнд хандан жижиг намын удирдлагууд хатуухан байр суурийг илэрхийллээ.
Жишээлбэл, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч “Юуны өмнө УИХ-д суудалгүй, улс төрийн жижиг намууд татан буугдахын өмнөх өдрийн мэндийг хүргэе. Хариуцлагагүй мэдээлэл хийсэн УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бусад жижиг намуудаас албан ёсоор уучлал гуйх ёстой” гэв. Түүнчлэн бусад намын төлөөллийн зүгээс ийм мэдээлэл гаргасан АН-д итгэх итгэл үгүй боллоо гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.
Нөгөө талдаа Д.Эрдэнэбатын ч зөв. Тэрбээр ийм мэдээлэл хийгээгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бөгөөд харин түүний хэлснээр улс төрийн жижиг намууд үнэхээр нойрноосоо сэржээ. Сонгууль болохоор л хөдөлгөөнд орж, байгаа гэдгээ зарладгаас биш бусад үед байгаа үгүй нь мэдэгдэхгүй алга болдог нь үнэн.
Гэтэл татан буулгах тухай мэдээлэл гарюу үгүй юу жижиг намууд жинхнээсээ сэрснийг өнөөдөр мэдэрлээ. МАН ч энэ уулзалтыг цагаа олоод хийчихлээ. Уулзалтыг ашиглан бусад намууд сэрж байгаагаа зарлахаас гадна удахгүй хэлэлцэгдэх Сонгуулийн тухай болон Улс төрийн намуудын тухай хуулийн асуудалд ч үгээ нэмэрлэв. Тэдний зүгээс дээрх хуулийн төслүүдэд хэд хэдэн саналыг хэлсэн бөгөөд үүнд, улс төрийн намууд сонгуульд оролцохдоо нэг санхүүжилттэй байх, сонгуулийн дүнг хар машинаар тоолуулахгүй гараар тоолох, сонгуулийн ажилд төрийн албан хаагчид биш улс төрийн намуудын төлөөлөл оролцох зэрэг заалтууд багтаж байна.
Мөн 22 жилийн ял сонсоод буй Ц.Мөнхбаяртай холбоотой болон бусад асуудлаар Монголын ногоон намын зүгээс тодорхой утга бүхий хэд хэдэн мэдэгдлийг хийсэн юм. Тэд Газар шороогоо хамгаалан, хууль хэрэгжүүлэхийг шаардсан Ц.Мөнхбаярт 22 жилийн ял ногдуулсан нь шударга бус. Гадаад хэргийн сайд Л.Болдыг цөмийн асуудлаар хариуцлагагүй байр суурь илэрхийлснийх нь төлөө мөн Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг шар нунтгийг идэж болно гэх зэргээр ард түмнийг доромжилсных нь төлөө огцруулах шаардлагатай гэв.
Ямартай ч МАН-ын зохион байгуулсан энэхүү уулзалт асуудлыг тойрсон гэхээсээ илүү сөрөг хүчний үүргээ биелүүллээ. Биелүүлэх биелүүлэхдээ бусад жижиг намуудын татан оролцуулж эрх баригч АН-ынханд томоохон бэлэг барилаа.
Б.Ням
Eagle.mn
URL: