Д.Зоригтыг огцруулах үндэслэл дахин гарч ирэв
Шатахуун, түлшний хомсдол холбогдох агентлагыг татан буулгах, дарга нарыг нь огцруулах хэмжээнд хүрсэн гэж өнгөрөгч мягмар гаригийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд яригдлаа. Тус хуралдаанд Газрын тосны Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Амарсайхан болон Эрдэс баялаг, эрчим хүчний яам /ЭБЭХЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй холбогдох газруудын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд тэд энэ удаад нэлээд шүүмжлэл сонсов. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Энхболд “Танай агентлаг шинэ зүйл ер хийгээгүй, өөрөөр хэлбэл байрнаасаа огт хөдлөөгүй байна. Та нар ингэхэд ажлаа хийж чадаж байгаа юм уу, Ер нь танай газрыг бараг татан буулгах хэрэгтэй байх аа. Яагаад гээч. Дандаа “ниргэсэн хойно нь хашгирав” гэгч болдог. 2008 оны зун яасан. Бас л бензиний хомсдол нүүрлэсэн. Тэгээд эцэст нь алдагдлыг нь хэн ч төлөөгүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард асуудал яригдаж байхад урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй. 20 жил өнгөрөхөд танай агентлагийн ажил яг хэвээрээ л яваад байна. Нөгөө л булангийн орнуудаас нефть авна, нөгөө л Тяньжингээс ачуулна гэдгээ өнөөдөр ярьж л сууна. Танай бодлогыг ер ойлгохгүй л байгаа. Түүхий нефтийн үйлдвэр бариулахгүй гэсэн бодлого бариад байна уу, нефтийн үйлдвэр ашиггүй гэж та бүхэн 20 жил ярьсан. Өнөөдөр автобус явахгүй, комбайн, трактор ажиллахгүй болохоор түүнээс илүү алдагдалд орно. Танай газар байлаа гээд улс оронд ямар ач холбогдолтой болж байна вэ” хэмээн шүүмжиллээ.
Мөн “Гал унтраах байдлаар асуудлыг хэлэлцэх нь ач холбогдолгүй, Засгийн газрын бодлогын байгууллагууд байж сайд, даргагүй бензин гуйгаад, бензиний наймаа хийгээд явж байгааг юу гэх вэ” зэрэг шүүмж, асуулт араас нь үргэлжлэв. Газрын тосны газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Амарсайхан “Өөр нийлүүлэгчээс нефть худалдан авах боломжийг судалж байгаа. Зохиомол хомсдол бий болж байна. Байдал удахгүй хэвийн хэмжээнд очно. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг судалж байгаа” гэх утгатай тайлбарыг хийсэн нь “20 жил судлаад бардаггүй асуудал байдаг юм уу” хэмээх шүүмжлэлийг мөн дагуулав.
Хэлэлцүүлгийн үеэр дотоодын нефтийн үйлдвэр байгуулахад анхаарах, шатахууны нөөц бүрдүүлэх, зөвхөн нэг газраас хараат бус шатахуун авах өөр эх сурвалжтай болох талаас нь анхаарах талаас нь бодлого, УИХ-ын тогтоолын төсөл гаргах тухай байнгын хорооны дарга Я.Батсуурь санал гаргаж, хэд хэдэн гишүүн дэмжиж санал гаргасныг З.Энхболд “УИХ чавганц шиг болжээ” гэх хатуу үгийг нөхөддөө хэлэхэд хүргэв.
Ийнхүү хэлэх болсон учир нь 2008 оны есдүгээр сард яг ийм чиглэлийн үүрэг даалгавар байнгын хорооны тогтоолд дурдагдсан бөгөөд бүтэн гурван жил өнгөрөөд байхад огт хэрэгжээгүйтэй холбоотой гэнэ. Ийнхүү өмнө нь ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард л шатахууныг хязгаарлаж эхлэх тухай ярьсан, дөрөвдүгээр сард үнэ нь нэмэгдсэн зэрэг урьдчилсан нөхцөл үүссэн байхад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй нь харьяалах яам, агентлагын удирдлагын хариуцлагын хэмжээнд яригдах нь зүйтэй гэх саналыг гишүүд гаргасан аж. Эдгээрт “Хэрэг эрхлэх газрыг татан буулгаж, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, агентлагийн дарга Ж.Амарсайхан нарыг огцруулах хэрэгтэй” гэх саналууд дайгдав. Ийнхүү хуралдаан өндөрлөхөд оролцогчид танхимаас “Д.Зоригт сайдыг огцруулах асуудал дахиад шинээр босч ирэх нь дээ” гэж ярилцсаар тарсан юм.
URL: