Д.ЦЭНДСҮРЭН: Айл бүрийн хаалгаар мөнгө оруулна гэдэг бэлэн мөнгө тараахын нэр биш

5d3e8hf1fc31gbd9di8dejdgpu
 Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн:  Өнгөрсөн жил ажлаа авчихаад аймгийн ИТХ-аар оны зорилтоо батлуулахдаа айл бүрийн хаалгаар мөнгө оруулна гэж ярьж байлаа. Зарим хүмүүс бидэнд хэдэн төгрөг тоолж өгөв гэж асууж байна. Би тэр үгийг хэлэхдээ 21 мянган төгрөг тоолоод тараах тухай биш иргэдийнхээ олсон мөнгийг халаасанд нь, авдранд нь, гэрт нь үлдээх тухай л ярьсан. Дээр хэлсэн бензины үнэ 80 төгрөгөөр бууруулахад  1.8 тэрбум төгрөг хэмнэсэн. Хэмнэлт наад зах нь машинтай хүн болгоны халаасанд үлдсэн.
“Шилэн халаас” хөтөлбөр гэж хэрэгжүүлсэн.  2011, 2012 оны санхүүг харахад аюултай юм харагддаг. 2013 оноос энэ зүйл байхгүй болсон. Хариуцлага хяналтыг нэмэгдүүлж хулгай хийх боломж олгоогүй. Цаашилбал төрийн албан хаагчийг гэмт хэрэгтэн болохоос урьдчилж бодлогоор хамгаалсан.  Энэ мөнгө хулгайн замаар явалгүй зохих зарчмаараа явж иргэдэд төрийн үйлчилгээ болж хүрсэн. Засгийн газар найман хувийн хүүтэй орон сууцны зээл гаргасан. Хүүгийн хэмнэлт хэчнээн хүмүүсийн халаасанд үлдэж  байгаа бол.
Хилийн худалдаа зохион байгуулж нийт зургаан тэрбум төгрөгийн худалдаа хийсэн. Худалдаа эрхлэгчдийн дансанд энэ мөнгө орж байгаа. Малчдын авдранд ноосных нь урамшуулал очсон. Энэ жил манай малчид хоёр тэрбум төгрөгийн ноосны урамшуулал авна. Тариаланчид маань нэг тэрбум төгрөгийн урамшуулал авч байна. Төвийн бүсэд  үр тарианы урамшуулал 100 төгрөг байхад бид асуудлаа тавьж, Баттулга сайд болоод Засгийн газар дэмжсэний үр дүнд 150 болгож чадсан.
  Урамшуулал 50 төгрөгөөр нэмэгдэхэд 300 гаруй сая төгрөг тариалан эрхлэгчдийн гар дээр очиж байна. Цахилгааны төлбөр улс даяар нэмнэ гэж байхад бид учир байдлаа ойлгуулж чадсаны хүчинд манайд нэмэгдээгүй. Айлын хаалгаар мөнгө оруулна гэж үүнийг л хэлж байгаа юм.  ЖДҮ-ийн шугамаар гурван тэрбум төгрөг манай аймагт ирсэн.  Үйлдвэр байгуулагдаж, ажлын байр нэмэгдэхийн хэрээр иргэдийн орлого нэмэгдэж байна.  Айлын хаалгаар мөнгө оруулна гэх бодлого болохоос бэлэн мөнгө тараах хэрэг биш. Харин энэ онд айлын хаалгаар төрийн үйлчилгээг оруулах зорилго тавьж байна.
Энэ нь төрийн албан хаагчид өрөөнөөсөө гарч иргэдэд ойртож ажиллана гэсэн үг.  Аймгийн удирдлагууд өмнө нь ганц хоёр удаа суманд очоод хурал хийгээд явдаг байсан бол яг энэ цагаан сараас эхлээд аймгийн удирдлагууд 40 багт ажиллах чиглэл гаргаад явж байна. Хагас жил тутамд 93 багт аймгийн удирдлагууд очсон байх ёстой. Өрхтэй харилцах дэвтэр гэж гаргасан. Энэ төрийн үйлчилгээ айлын хаалгаар орсон байна уу  гэдгийг хянана.
ЗДТГ-ын дарга, багийн дарга, эмч, нийгмийн ажилтанууд айл өрхдөө очиж хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийг таниулж сурталчилж  байна уу, үйлчилгээ авах талаар тусламж дэмжлэг үзүүлж байна уу гэдэг нь энэ жилээс харагдана. Төрийн албан хаагчид өрхтэй ажиллаж байгаа эсэхэд ард түмэн хяналт тавина. Дараа нь бид өрхийн дэвтрийг шалгана. Дэвтэр хоосон байвал холбогдох хүмүүст хариуцлага тооцно.

URL:

Сэтгэгдэл бичих