БУЛГАНЧУУДЫН ГИШҮҮНДЭЭ ӨГСӨН ОНЦГҮЙ ҮНЭЛГЭЭ

026op1

УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог буюу Булган аймгийнхныг төлөөлж УИХ-д сууж буй эрхэм бол Ё.Отгонбаяр. УИХ-д анх удаа сонгогдсон ч улс төрд хуучин хүн. 2000 оноос Гадаад харилцааны яамны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдож улс төрийн карьераа эхлүүлж байсан түүнийг ёстой л гэрлийн хурдаар дээшээ гарсан хүмүүсийн нэг гэдэг. Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг МАХН-ын дарга хийгээд, гүйцэтгэх засаглалын тэргүүн байх үед нь гадаад бодлогын зөвлөх, тус намын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн намын хорооны дарга зэрэг сонгуульт албыг 2008 он хүртэл хашсан. Эрх баригч намын удирдлагын багийн “гол дүр” , байна гэдэг сайдаас дутахааргүй албан тушаал хэдий ч ганц намдаа бус нийтэд танигдахын хамт нэгдүгээр хүн байж тамга атгах хүсэл нь түүнийг засаг руу зүтгүүлсэн гэдэг. Тиймээс нам нь АН-тай элбэж эмхлүүсэн хамтарсан Засгийн газарт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын суудал авч чадсан. Сайдын суудалд бүтэн дөрвөн жил суусан. Намын сонгуульт албыг эс тооцвол түүний намтрыг Боловсролын сайд гэх төрийн алба л чимж байлаа.

Тэр ч утгаараа тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд боловсролын салбарт ажиллагсад, хүүхэд, оюутан сурагчдаар дамжуулан гол пи-араа хийсэн. Эрх нь байсан болохоор энд тэндээс орж ирсэн олон улсын төсөл, ТББ-ын хандив тусламж,  төсвийн хөрөнгө оруулалтыг Булган руу ихээр хуваарилсан ч гэж хэлдэг. Хувиасаа хүртэл хөрөнгө оруулалт хийсэн тал бий байх. УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу Булган аймаг нэг мандаттай болсон. Өмнө нь хоёр мандаттай байсан ч, тухайн суудлыг Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир нар “эзэмшиж” байв. Харин 2012 оны сонгуульд өрсөлдөхөөс илүү нэр дэвших эрхээ намаасаа олж авах нь Ё.Отгонбаярын хувьд гол сонгууль байлаа. Өөрөөр хэлбэл, Э.Мөнх-Очироос илүү дэмжлэгийг намынхаа удирдлагуудаас авах гэж юм юм л болсон гэдэг. Нам түүнийг дэмжих нь тодорхой болсон цагаас л Боловсролын сайд маань Булганы сайд болж, тус аймгийн хүүхдүүдийн боловсрол, соёлд бусад аймгуудаас илүү анхаарах ажилдаа орсон гэхэд хилсдэхгүй. Түүний мөрийн хөтөлбөр ч үүнд тулгуурласан. Булганы гэх тодотголтой л бол хэнийг ч дэмжихэд бэлэн явсан Ё.Отгонбаяр сайдын ачаар 2008-2012 онд Булганы багш нар бараг толгой дараалан шагнуулж, сургууль, цэцэрлэг, соёлын төвүүд нь сайдын багцаас хамгийн их хөрөнгө оруулалтыг зулгааж чадаж байлаа. Энэ бүхний ачаар тэр гишүүн болсон нь яах аргагүй үнэн. Тэгээд ч өнөөдөр тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ тал хувийг туулчихлаа. Гишүүн болсноос нь хойш нутгийнхан нь түүний хийж бүтээснийг нь биш олныг шуугиулсан ноцтой хэрэгт нэр холбогдсон тухай л илүү ихийг дуулсан баих. Хүн дарамталж мөнгө нэхсэн, буруу замаар хөрөнгөжсөн гэхээс эхлээд эхнэрийнх нь нэр дээрх данснууд гээд булганчуудын чихийг мөн ч их халууцуулсан даа.Тиймээс Булганд томилолтоор ажиллах хугацаандаа УИХ-д өөрсдийг нь төлөөлж суугаа гишүүндээ нутгийн иргэд нь ямар үг дайхыг сонсохоор цөөн хэдэн хүнд хандсан юм.

 

СҮҮЛИЙН 20 ЖИЛ ЯМАРЧ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДСЭНГҮЙ

Буяган айтгийн 2-р багийн иргэн Ж.Дэнсмаа:

-Бусад аймгийг бодвол Булганы хөгжил буурай. Ядуурал, ажилгүйдэл ихтэй. Сонгуульд нэр дэвшээд гарч ирэхээрээ л гишүүд манийгаа мартчихдаг. Манай аймагт сүүлийн 20 жил ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Өнгөрсөн сонгуулиар Ё.Отгонбаяр гишүүнийг булганыхан сонгосон. Сонгуулийн үеэр олон сайхан зүйл амлаж байсан ч өнөөдөр нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл хийгээгүй л байна. Аймгийн Нутгийн удирдлагын ордон барина гэж сонгуулийн өмнөөс барьж эхэлсэн ч, өнөөдөр царцаасан барилгуудын тоонд орчихсон байхад Ё.Отгонбаяр гишүүн энэ талаар ярьж хэлж байгаа нь харагдахгүй л юм. Ядаж тойрогтоо эхэлсэн ажлыг дуусгаж чаддаггүй ард түмний төлөөлөл, төрийн түшээ байх хэрэг байна уу.

 

ГАЗРЫГ МААНЬ ХУВЬЧИЛЖӨГНӨ ГЭСЭН Ч ХЭЛСЭНДЭЭХҮРЭЭГҮЙ

Булган аймгийн иргэн Д.Батжаргал:

-Би аймгийн төвөөс зайдуу “Буриадын хороо” гэдэг газар амьдардаг. Манай тэр хавийн газрыг иргэдэд нь өмчлүүлээд өгөөч гэсэн хүсэлтийг бид өнгөрсөн оны долдугаар сард Ё.Отгонбаяр гишүүнд тавьсан. Хэдийгээр саналыг маань хүлээж авсан гэх ч өнөөдрийг хүртэл бидэнтэй ирж уулзаагүйг бодоход энэ асуудлыг шийднэ гэх итгэл алдарч байна даа. Хийнэ, бүтээнэ л гэдэг юм. Гэхдээ гараас нь гарсан зүйл алга, дандаа худлаа хэлдэг. Ийм хүнийг булганчуудын төлөө юм хийнэ гэдэгт итгэхгүй л байна. Ер нь яах гэж УИХ-д гарсныг нь ойлгохоо больсон. Энэ оны төсөв батлагдахад бусад аймгууд бүтээн байгуулалт хийх хөрөнгө гээд их л мөнгө суулгуулж чадсан байна билээ. Гэтэл манай Булган ганц цахилгаан станц, Нутгийн удирдлагын ордноо ч бариулчихаж чадахгүй л сууна. Түүний үг төрд хүрдэггүй юм уу, тэр тойргийнхоо иргэд, сонгогчдын төлөө санаа тавьдаггүй юм уу мэдэхгүй. Миний бодлоор энэ хүн Булганаас дахиж гарна гэдэг юу л бол. Ард түмэн эргүү биш, худалч хүнийг юу гэж дахин сонгох вэ дээ.

 

СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН НУРАХ ДӨХСӨН ХЭДЭН БАРИЛГА Л БАЙНА

Булган айтгийн иргэн Д.Лхагважаргал:

-Ё.Отгонбаяр гишүүн манай аймагт нүдэнд харагдаж, гарт баригдахаар бодит ажил хийгээгүй л байна. Сонгогчидтойгоо тэр бүр уулзаад байдаггүй. Ирэхээрээ хэдэн хүн цуглуулж, сайхан зүйл ярьж байгаад л яваад өгнө. Их л сайхан ярьдаг юм. Хийж байгаа ажил нэг ч алга. Иргэдийн 90 гаруй хувь нь хашаа, байшинд амьдардаг. Бидний амьдралыг дээшлүүлнэ, сайхан болгоно гэж УИХ-ын гишүүн болчихоод гарсан хойноо юу ч хийдэггүй. Бүхэл бүтэн аймгийн төв атлаа тохитой орон сууцгүй шүү дээ, манайх. Байгаа нь социализмын үеийн нурах дөхсөн хэдэн байшин. Хувийн хэвшлийнхэнтэй тохироод, газрыг нь шийдэж өгөөд хэдэн сайхан орон сууц бариулчихаж чадахгүй л байна. Сэтгэл байвал болох л байх Булганчууд ч гэсэн тохитой дулаахан сууцанд амьдармаар л байна шүү дээ. Аймгийн төвд энэ жил 600 хүүхдийн сургуулиас өөр юу ч шинээр баригдахгүй юм билээ. Зурагтаар харахнээ бусад аймагт шинэ орон сууц, хүүхдийн ордон, спорт цогцолбор гээд бүтээн байгуулалт өрнөөд л байх юм. Харин манайд аль нь ч байхгүй. Ийм нөхцөлд Булганыг төлөөлж Их хуралд сууж байна гэж яриад ч хэрэггүй юм биш үү.

 

ЗАЛУУЧУУДАД АЖИЛ АЛГА

Булган аймгийн Булган сумын VI багийн иргэн Л.Пүрэвдагва:

-Ард түмнийг төлөөлж УИХ-д гарсан хүмүүс сонгогчдынхоо дуу хоолойг төрд хүргэж, тэдний төлөө ажиллах ёстой гэж боддог. Гэтэл одоо тэд зөвхөн өөрийнхөө хэтэвч рүү л мөнгө олох ажил хийж суудаг юм байна. Ё.Отгонбаяр тойрогтоо ажил хийх нь битгий хэл өөрөө янз бүрийн асуудалд хутгалдаад байгаа харагдах юм. Зурагтаар их л аймаар хүн гэж гарч байна билээ. Хүн дарамталсан, зодуулсан, гадаадын компаниас хахууль авсан ч гэх шиг санаанд багтамгүй зүйлд нэр нь холбогдсон дуулдсан. Тэр байтугай бүр гишүүнээс нь эргүүлэн татах тухай ч яриа биз дээ. Нутгийн олон үүнд нь тун их дургүй байгаа. Манай аймагт ажилгүй залуучууд маш олон. Их, дээд сургууль төгсөөд нутагтаа ирсэн ч ажлын байр байхгүй учраас, ажилгүйчүүдийн эгнээг л нэмж байна. Ажлын байр огт нэмэхгүй байгаа болохоор иргэд хувийн газарт бага цалин авч ажилладаг. Сонгууль болоод хоёр жил болох гэж байхад тэр хүн булганчуудын төлөө юу ч хийгээгүй. Үлдэж байгаа жилдээ ядаж өгсөн амлалтынхаа талыг ч атугай биелүүлээсэй гэж хүсч байна.

 

Л.Чимэг

/Өдрийн шуудан/


URL:

Сэтгэгдэл бичих