Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёрын зөрчил дээд цэгтээ хүрчээ

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгатай холбоотой  маргаан багагүй асуудал дагуулж байсныг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Тэр дундаа “Алаагүй баавгайн арьсыг булаацалдана” гэгчээр баригдаж дуусаагүй энэ барилгад Хууль зүйн яам, прокурорын байгууллагын аль нь орох тухай маргаан дэгдэж, бүр сүүлдээ  Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Х.Тэмүүжин сайд хоёр нэгнээ шүүхэд өгөөд байсан цаг саяхан.

Тэгвэл энэ асуудлаас болж нэлээд хагаралдсан хоёр эрхмийн зөрчил зарим нэг хуулийн төсөл зэргээс болж улам даамжирсаар байгаа нь нууц биш. Д.Дорлигжав прокурорын зүгээс Х.Тэмүүжин сайдыг “Бусдын саналд нийцээгүй зүйл хийчихээд түүнийгээ тулгаж байна.  Дэс дараалалгүй хуулиуд батлаад байгаа учир  хууль хэрэгжүүлэгч байгууллагууд яаж ажиллах учраа олохгүй байна” гэх мэтээр шүүмжилсээр байгаа.

Тодруулбал, Д.Дорлигжав прокурорын хэлж буйгаар “Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Мөрдөх албаны тухай хуулиудыг хойш нь хаячихлаа. Уг нь эхлээд энэ хуулиудаа батлаад дараа нь бүтэц зохион байгуулалтын шинж чанартай хуулиудаа гаргах хэрэгтэй байсан. Гэтэл энэ дараалал алдагдсан учраас тухайн хуулийг хэрэгжүүлэх байгууллагууд яаж ажиллах учраа олохоо байчихаад байна.  Ингэснээр хуульчдад хүндрэл учрууллаа. Хууль дагасан эрх мэдэл рүү хэтэрхий их тэмүүлээд байгаа учраас ийм дэс дараалалгүй хуулиуд батлаад байна. Сая батлагдсан Цагдаагийн байгууллагын тухай хуулиар Мөрдөн байцаах алба, эрүүгийн цагдаагийн газар гэсэн хоёр агентлагийн нэлээд олон функцийг Цагдаагийн Ерөнхий газрын удирдлага, хэлтэсрүү тараачихлаа. Цэвэр мэргэжлийн хүмүүс хийдэг ажлыг захиргааны эрх мэдэл рүү шилжүүчихлээ. Анхны ярьж боловсруулсан төслөөс тэс өөр хууль баталчихлаа. Намайг ингэж ярилаа гээд шинэчлэлийг эсэргүүцэгч гэх байлгүй. Прокурорын байгууллагыг удирдаж, хуулийн байгууллагын толгой дээр сууж байгаа хүний хувьд үүнийг хэлэхээс өөр арга алга. Монголын хууль тогтоох практикт байгаагүй юм болоод байна шүү дээ” гэв.

Тэгвэл тэрбээр ийн хэлэх гэсэн үгээ шулуухан хэлж орхисон нь Х.Тэмүүжин сайдын дүргүйцлийг хүргэсэн нь тодорхой. Тиймээс ч Х.Тэмүүжин сайдаас Д.Дорлигжав прокурорт яаж хариу барихаа төлөвлөж суугаа биз. Гагцхүү хуулийн байгууллагын хоёр тэргүүний зөрчил эцэстээ тулахаар дунд нь ард иргэд хохирох юм биш биз гэсэн хардлага нийгэмд байгаа юм.

Ер нь Х.Тэмүүжин сайдыг Д.Дорлигжав прокуророос гадна олон хүн шүүмжилдэг. Тэр дундаа түүнийг өөрчлөх ёсгүй зүйлийг бужигнуулаад байна  гэж шүүмжлэх ард иргэд ч цөөнгүй байдаг гэдгийг “хавчуулах” нь зүйтэй болов уу?

24tsag.mn

URL:

Сэтгэгдэл бичих