Б.Бямбадаш: Би эмнэлгээ оточ маналын саарал ордон гэж нэрлэдэг

14123-6tЛ.ТУНГАЛАГ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний эмгэг судлалын клиникийн эрхлэгч Б.Бямбадашийг дугаарынхаа зочноор урилаа. 

-Бөөр хүний чухал эрхтэнүүдийн нэг. Энэ эрхтэнийг сонгосон нь тохиолдлынх байв уу?

-Анх дотрын эмчээр ирээд, дараа нь бөөрний эмчийн олгох, дээшлүүлэх курст суралцаж, эхний гурван жилд дотрын бүх тасгаар дамжиж ажилласан. Бөөрний мэс заслын тасагт ч өөрийн хүсэлтээр хэдэн сар ажиллаж, туршлага судалсан. Есөн жилийн дараа тасгийн эрхлэгч болсон. Анх ирээд олон жил ажилласан эмч нарыг хараад бахархаж, ийм сайхан эмч болох юмсан гэж хүсэх болсон. Илүү ихийг сурахын тулд жижүүр хийж, цаг наргүй ажиллаж байв. Ховор тохиолдлууд зөндөө гарна, хүнд хүн ирнэ. Тэр бүгдийг яаж оношлож, яаж эмчилдгийг сурахыг хичээж байлаа. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл энэ хорвоод байхгүй.

Эмч бол хүний эрүүл мэндийн манаанд зогсч буй онцгой хүн гэдгийг цаг минут тутам бодож ажиллах ёстой гэж тасгийнхандаа, залуу эмч нартаа байнга захидаг.

-Сүүлийн үед бөөр их өвдөхөөр даралт ихэсдэг талаар хүмүүс их ярих болж. Энэ үнэн үү?

-Бөөр нь түүдгэнцэр гэдэг үйл ажиллагааны жижиг нэгжээс тогтдог. Хүний нэг бөөрөнд хоёр сая орчим нэгж байдаг бөгөөд хүний бие организмд арваад чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, хордлого тайлна. Шээсээр органик болон органик бус гаралтай олон төрлийн хор цэвэрлэгддэг. Гэтэл бөөрний үйл ажиллагаа муудаж, шүүдэг цэвэрлэдэг ажлаа хийж чадахаа болихоор шээс нь цус руугаа эргэж ороод хордлогод ордог. Хоёрдугаарт, шингэний балансыг зохицуулдаг. Бөөр үрэвсэхээр хүн хавагнадаг, дотуур ус гүйдэг, цусны даралт ихэсдэг. Бөөр бас  дотоод шүүрлийн үйл ажиллагааг зохицуулдаг. Дээр нь бөөр хүний ус, элитролитийн солилцоонд маш чухал үүрэгтэй. Кальц, фосфорын дутагдал гээд яриад байдаг. Бөөрний дутагдалд орохоор яс сийрэгжиж, хугарамтгай болох шинж тэмдэг илэрнэ. Өөр нэг чухал зүйл бол нөхөн үржихүйд чухал нөлөөтэй.

-Монголчууд яг л запас эрхтэнтэй мэт амьдардаг. Энд үе үе өвддөг гээд л яваад байдаг. Тэгж тэгж тартагт нь тулгаж байж эмнэлэгт очдог?

-Монголд эрүүл, эрдэм мэдлэгтэй хүн л хэрэгтэй гэж боддог. Хүний хамгийн чухал баялаг бол эрүүл мэнд. Монголчууд бид “Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ” гэдэг дээ. “Эрүүл биед саруул ухаан оршино” ч гэдэг. Эрүүл байх хэрэгтэй. Хүн хэчнээн их мөнгөтэй, хөрөнгөтэй байгаад эрүүл мэнд үгүй бол юу ч хийж бүтээж чадахгүй. Бид өнөөдрийг хүртэл “Би өвдөж зовбол эмнэлэгт очоод үзүүлчихнэ, эмч намайг эмчилчихнэ” гэсэн сэтгэхүйтэй явж ирсэн. Энэ бол өнгөрсөн үеийн тогтолцооны маш том алдаа. Бид зах зээлд шилжээд 20 гаруй жил болсон ч яг хуучин тогтолцоогоороо явж байгаа нь эрүүл мэндийн систем. Хүн ам өвчлөөд, өвчний хэлбэр улам л өргөжөөд байдаг. Эмнэлэг энэ бүхнийг гүйцэхээ байчихсан. Эмч нар нь улс мөнгө олго гээд л шаардаад байдаг. Энэ бол буруу тогтолцоо. Хүүхдийг бүр багаас нь эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх ёстой. Бусад орны туршлагаас харж байхад цэцэрлэг, сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээл заавал ордог. Яаж эрүүл амьдарч, зөв хооллох, улирал, цаг үедээ тааруулж хувцаслах зэргийг заадаг. Тиймээс тэд эрүүл мэнддээ маш их анхаардаг. Би эрүүл байна, эрүүл байхад ажилтай байна, ажилтай байхад мөнгө олно, тэгэхээр амьдрал сайхан байна гэдэг. Японд том компаниуд эмнэлэгтэй гэрээ хийгээд ажилтнуудынхаа эрүүл мэндийн даатгалыг төлчихдөг. Тэгэхээр тэнд хүн эрүүл байхын тулд бүх зүйлийг хийдэг. Эрүүл мэндийнхээ төлөө маш сайн анхаардаг. Улиралд юм уу, сард нэг удаа заавал эрүүл мэндийн үзлэгт орно. Гэтэл манайхан өнөөдөр их ажилтай, маргааш болъё гэнэ. Тэгээд маргааш нь өвчин намдвал гайгүй биз гээд л яваад байдаг. Тэгсээр байгаад өвчнөө хүндрүүлж тартагт нь тулгана. Эсвэл сонссон дуулснаараа эмчлэх гэж оролдоно. Тэрийг нь авч уугаад, буруудаж, хүндрүүлдэг. Ер нь 40-өөс дээш насанд хүн жилдээ 1-2 удаа заавал урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх ёстой. Биед нь янз бүрийн өөрчлөлт мэдэгдвэл эрт үед нь шинжлүүлж, оношлуулж, эмчлэх боломжтой. Нөгөө талаас эм бол хор гэдгийг их хэлдэг ч эмх замбараагүй хэрэглэж, дур мэдэн эм уудаг. Эм бол амьтай амьтан шүү дээ. Нян гэдэг дайсны цэргийг эм антибиотик гэдэг хороор хордуулж устгадаг. Дур мэдэн эм ууснаас хорддог. Эсвэл уг нянг эмэнд тэсвэртэй болгочихдог. Үүнээс болж өвчин нь архагшаад ирэхээр өөрийгөө хохироож байгаа юм. Тэгээд л олон хоног, сараар эмчилгээнд явахаар ар гэр, эдийн засгийн хувьд хохирдог. Цаад утгаараа улс орондоо хүртэл хохирол учруулна.

-Эмийн сангууд эмийг дураар нь өгөөд байгаа цагт энэ байдал арилахгүй биз дээ. Энэ талаар тодорхой арга хэмжээ авдаггүй юм байх даа?

-Сууриар нь өөрчлөх ёстой гэсэн саналыг янз бүрийн төвшинд хэлж ярьдаг ч өөрчлөх сонирхол байхгүй байх шиг байна. Яагаад гэвэл, УИХ-ын гишүүд, сайд дарга нарт эрүүл мэнд бол ашигтай бизнес биш. Улсын төсөв хэлэлцэж хуваарилах үед эхнээс нь уул уурхай, зам, барилга гээд явж явж хамгийн сүүлд эрүүл мэнд, боловсрол тунаж үлддэг. Боловсролд хуваарилчихаад жаахан үлдсэнийг нь эрүүл мэндэд хуваарилдаг гэж сонссон. Ийм байдлаар энэ салбарт хандвал яаж сайжрах вэ. Нөгөө талаар биологийн зэвсэг, баталгаагүй хоол ундны асуудал байна. Монголын эмийн зах зээлийн 60-70 хувь нь хуурамч эм байгаа. Бид ийм их хор хэрэглэж байна шүү дээ. Хүмүүсийн эд эсийг хэдэн зуугаар нь, далдуур хордуулж байгаа хүн ял авдаггүй нь хачирхалтай. Түүнээс гадна хувцаслалт их нөлөөлж байна. Жилийн дөрвөн улиралд дээл, бүстэй явдаг байсан. Намар эрт дээрээсээ дулаал, хавар эрт дороосоо хөнгөл гэж хөгшчүүл ярьдаг байсан. Энэ бол эрүүл мэндтэй холбоотой үг. Одоогийн залуучуудыг харж байхад толгой нүцгэн, нимгэн хүрэм, пүүз, бариу жинсэн өмд, трикотой л өвлийг авч байна. Ингэж дороосоо даарч явсан хүн бөөрний өвчинтэй байлгүй яахав. Даарснаас болж ханиад томуу хүрч, биеийн эсэргүүцэл сулран өвчлөмтгий болж, эрүүл мэнд муудна гэсэн үг.

-Далай ламын хэлсэн нэг сайхан үг байдаг. “Хүн мөнгө олохын тулд бүх л эрүүл мэндээ золиослодог. Дараа нь эрүүл мэндээ буцаан олохын тулд олсон бүх мөнгөө золиослодог” гэж. Энэ үг монголчуудад маш их хамаатай юм шиг санагддаг? 

-Тийм шүү. Амьдрал дээр яг л тийм байна. Ид насандаа эрүүл мэнддээ дэндүү хайнга явж байна.

-Сүүлийн үед бөөрний дутагдал гэдэг онош их сонсогдох болж. Танай Гемодиализийн төв ачаалал ихтэй байгаа. Та энэ төвийг анх байгуулалцсан байх аа?

-Намайг төгсч ирсний дараахан эмнэлгийн бүтцийг их сургуулийн суурь бааз эмнэлэг гэдэг статустай болгоод, манай тасгийг Бөөр судлал, гемодиализийн клиник гэж нэрлэсэн. Шинэ нэршил, шинэ статустай болсон үеэс би тасгийн эрхлэгчээр ажиллаж ирсэн. Намайг ирэхэд хоёрхон аппараттай, бөөрний хурц болон архаг дутагдалтай цөөхөн хүн ордог байсан. Хурц дутагдал бол эм уугаад, диализийн аппаратад орж тууштай эмчилбэл бүрэн эдгэрээд гарчихна. Харин архаг дутагдалтай хүний амьдралыг тодорхой хэмжээгээр уртасгадаг.  Дараа нь диализийн эмчийн мэргэжлийг давхар эзэмшсэн. 2006 онд гемодиализийн аппаратад орох хүний тоо нэмэгдээд, ачаалал ихсээд ирэхэд хоёр аппарат ачааллаа дийлэхээ больж, хүрэлцэхгүй болсон. Ингээд манай эмнэлэг 2006 онд 15 ортой Гемодиализийн төвийг анх байгуулж байлаа. Үүнийг би гардан байгуулалцаж, эрхлэгчээр нь хэсэг хугацаанд давхар ажилласан. Удалгүй 30 машинтай болж улсын хэмжээний болж өргөжсөн. Энэ үед Бөөр судлалын клиникийг салгасан.

-Танай тасаг Монголдоо анх удаа бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн. Одоо олон хүн энэ эмчилгээний ачаар амьд явж байна. Та энэ багийн гишүүн нь. Хэдийнээс энэ ажилд оролцож эхлэв?

-Төгсч ирсний дараахан дотрын хоёрдугаар тасгийн эрхлэгч байсан анагаах ухааны доктор Тэрбиш эмч анагаах ухааны хүрээлэнд ажиллаж байгаад бөөр шилжүүлэн суулгах төслийг эхлүүлсэн. Тэр багт тодорхой хүмүүсийг сонгосны дунд намайг тоосон юм байлгүй, төслийн ажилтнаар авч, шинжилгээ судалгаа хийхэд зөвлөж зааж сургаж байсан. 1996 онд Баасанжав, Жамбалжав эмч, бөөрний Нарантуяа агсан, Гоош гээд арваад хүн бөөр шилжүүлэн суулгах анхны хагалгааг амжилттай хийхэд оролцсон. Түүний дараа эмч нар энд тэндээс цуглараад хийх биш тодорхой нэгдсэн багийн системтэй, багаар хийх ажил байна гэсэн дүгнэлтэд хүрч Солонгосын КОЙКА-гийн шугамаар мэс засалч, эмч, сувилагч, лаборантаас бүрдсэн багийнхан тус улсад нэг сарын курст явсан. 2006 оноос Монголын бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч нар маань бие дааж бөөр шилжүүлэн суулгах хагалгааг Монголд хийж эхэлсэн. Тэр анхны багийн гишүүн болсноос хойш долоон жил энэ багийн гишүүнээр ажиллаж, хагалгаанд өвчтөнийг сонгох, бэлтгэх, хагалгааны дараа эмчлэх, хянах, хариуцах ажлыг хийж явна. Өнөөдрийн байдлаар 78 хүнд ийм хагалгаа хийчихээд байна. Манай багт төрийн шагналт, хүний гавьяат эмч Д.Нямсүрэн, гавьяат эмч, доктор профессор Л.Жамбалжав, анагаах ухааны доктор Л.Ганболд, гавьяат эмч Д.Төмөрбаатар, анагаах ухаан доктор Д.Баян-Өндөр гэсэн Монголын толгой болсон нэртэй сайн эмч нар ажилладаг. Энэ багийн бүрэлдэхүүнд нь багтаж, эрдэнэт хүний амь насыг аврах буянтай ажлыг хийж яваагаараа бахархдаг. Өвчин нь хүндэрсэн, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан, энэ хүн яана даа гэсэн хүнд хүн ирээд эмчлүүлээд эрүүл болоод баярлалаа гээд гарахад л эмч хүн хамгийн их баярладаг. Бөөр шилжүүлэн суулгах нь хүнд эмчилгээ. Тухайн хүндээ эцсийн найдвар нь, амжилттай болбол хоёр дахь амьдрал л гэсэн үг. Өвчтөнүүд маань эмчилгээ хийлгэсний дараа эрүүл болж, ажлаа хийгээд явааг нь харахаар эмч мэргэжлээрээ бахархдаг. Зарим нь бүр эхнэр, үр хүүхэдтэй болсон долоо, найман тохиолдол байна. Гемодиализийн аппаратад орно гэдэг хэдийгээр амь насыг нь уртасгаж байгаа ч нэг юмнаас хамааралтай болчихдог. Долоо хоногт заавал хоёр, гурван удаа орохгүй бол болдоггүй. Харин бөөр шилжүүлэн суулгачихвал нутагтаа амьдраад, сардаа нэг удаа ирж үзүүлээд, эмээ аваад зааврын дагуу уугаад явчихаж болно. Манай клиник Монголд болон гадаадад бөөр шилжүүлэн суулгуулсан 200-гаад хүнийг кабинетийн хяналтын эмчилгээ явуулдаг.

-Таныг эмч нар юм юм оролддог гэх юм билээ. Эмчийнхээ ажлын хажуугаар юу амжуулж явна вэ?

-Эмч хүн зөвхөн хүнийг үзэж эмчилж, оношлоод, зөвлөгөө өгөхөөс гадна өөрийгөө хөгжүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж байх ёстой. Манай эмнэлэг ЭМШУИС-ийн бааз эмнэлэг шүү дээ. Энэ утгаараа оюутнууд манай эмнэлэгт дадлага хийж, энд хичээл ордог. Цагаар багшлахын зэрэгцээ, хоёр жил гаруй хугацаанд тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Мэргэжлийн чиглэлээр 50-60 орчим илтгэл, өгүүлэл бичсэн. Монголд бөөрний эдээс биопсийн эдийн шинжилгээ авдаг болсон. Энэ аргачлалыг би нэвтрүүлсэн. Ингэснээр бид олон улсын төвшинд ажиллаж, зөв оношлож, эмчилгээ хийснээр өвчлөлийг хурдан илааршуулах, эдийн засгийн хувьд ч эмчилгээний зардал, өртгийг хэмнэсэн чухал ажил болсон. Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний иж бүрэн арга аргачлалыг багийнхантайгаа нийлж Монголд нэвтрүүлэн, монгол хүнд тааруулан эмчлэх аргыг нэвтрүүлэхэд гар бие оролцсон. Уг эмчилгээний дараахь дархлаа дарангуйлах эмчилгээний аргачлалыг шинээр нэвтрүүлсэн. Үүнээс гадна гемодиализийн шүүлтүүрийг дахин цэвэрлэж ашиглах аргачлалыг боловсруулсан. Нэг шүүлтүүр 100-гаад мянган төгрөг байдаг, магистраль системтэйгээ нийлээд нэлээд үнэтэй болдог. Бөөрний архаг дутагдалтай хүн долоо хоногт гурван удаа аппаратад орохоор гурван шүүлтүүр системтэй нь хэрэглэдэг. Нэг хүн нэг удаад 100 ам.долларын өртөг гардаг байсныг шүүлтүүрийг угааж ариутган тухайн хүнд нь дахин хэрэглэх аргыг арваад жилийн өмнө нэвтрүүлснээр тухайн үед нэг жилийн дотор 40-50 сая төгрөгийн хэмнэлт гаргасан байсан. Дээр нь диализийн уусмалыг шинээр найруулж хэрэглэх аргыг бас нэвтрүүлсэн. Энэ нь өвчтөний аюулгүй байдал, эмчилгээний чанарт нөлөөлсөн. Хийлгэсэн өвчтөн уусмалаасаа болж харшил өгөх нь багасч, шинэ чухал эмчилгээний ахиц гарсан. Үүгээрээ бас патент авсан. Энэ мэтчилэн өөрийн эмнэлгээс гадна бусад эмнэлгийн хүмүүстэй нийлж судалгаа шинжилгээний ажлууд хийж, оюуны өмчийн арга аргачлалуудыг нээсэн. Нийтдээ 20 орчим бүтээл байгаа болов уу. 2010 оноос хойш бөөр шилжүүлэн суулгахтай холбоотой олон улсын хурлуудад оролцож байна. Өөрсдийн илтгэлийг тавьж, тэр хүмүүсийн хийсэн, судалсан зүйлээс харилцан туршлага солилцож байна. Азийн эрхтэн шилжүүлэн суулгах семинар гэж хоёр жилд нэг удаа болдог. 2011 онд Ливан улсад, өнгөрсөн жил Японы Киото хотод болоход Л.Жамбалжав эмч, Д.Нямсүрэн эмч нарын хамт оролцож илтгэл тавьсан. Үүний зэрэгцээ Монголын бөөрний эмч нарын тэргүүний ажлыг давхар хашдаг. Энэ ажлынхаа хүрээнд улсын хэмжээнд ажиллаж байгаа бөөрний эмч нарын сургалт семинарыг жил бүр зохион байгуулж, жилдээ 100 орчим хүн сургадаг. Энэ жил гурав дахь сургалт нь болно.

-Ингэхэд та ямар тохиолдлоор эмчийн мэргэжлийг сонгов. Багын мөрөөдөл байв уу?

-Би дөрвөн хүү, таван охинтой айлын том нь. Айлын том хүүхдүүд эмээ, өвөөгийнх байдаг даа. Би ч бас бага насаа өвөө, эмээтэйгээ өнгөрөөсөн. Өвөөгийн найз сумын бага эмч Лхамаа гэж буянтай хүн байсан. Бурхан эмч. Манай сумын гэлтгүй ойролцоохь сумын хүмүүс зорьж очдог, Лхамаа эмчид л үзүүлж, эмчилгээ заалгаад авсан байхад алзахгүй гэдэг байлаа. Айлаар орж, дуудлагаар явж байхдаа өвөөгийнд маань ирж хонодог. Хүн эмчилсэн, аварч байсан тухай их сайхан юм ярина. Ухаан орсноосоо хойш л тэр хүнийг мэддэг, биширдэг байсан. Тэгээд л том болохоороо Лхамаа эмч шиг буянтай эмч болно гэж боддог болсон.

-Тэгээд л арван жилээ төгсгөөд анагаахад оров уу?

-Тэр жил Төв аймагт 500-гаад хүүхэд аравдугаар ангиа төгссөн. Хүүхдүүдийг сурлагаар нь жагсаадаг, улаан шугам татаж, хуваарь авдаг байлаа. Би ч сурлага муугүй болохоор нэлээд дээгүүр жагссан. Онц төгсч буй хүүхдүүд хуваарийн эзэн байдаг даа. Хуваарь авах боллоо. Аав, ээж маань тэр үед хөдөө, сум нэгдлийн 1300 гаруй мал малладаг байсан. Тэр жил зуд болж их хүнд байсан болохоор юун миний хуваарь манатай. Би ганцаараа ороод л сэтгэлд байснаар нь эмчийн хуваарь авсан. Гэсэн ч аравдугаар ангиа онц төгссөн хүн конкурст ороод байдаггүй. Шалгалтдаа олигтой дүн авч чадсангүй. Ангийн багш маань ийм сурлага сайтай хүүхэд яахаараа ийм хангалтгүй оноо авдаг байна гээд намайг дагуулан шалгалтын комисс дээр орж, материалыг минь шалгуулахад дүн нь дарагдсан байна гээд хэдэн оноо нэмлээ. ТМС-д орж тракторч комбайнч болох, эсвэл малчин болох дээрээ тулаад байсан хүн техникум руу дэвшив. Дундговийн малын зоотехникчийн, Сэлэнгийн Хялганатын ойн аж ахуйн, мөн Дорноговийн анагаахын дундын хуваариас эмч болно гэснээрээ анагаахын дундыг нь авлаа. Гэхдээ өөртөө зорилго тавилаа. Ангийн маань тааруу сурлагатай хүүхдүүд дээд сургуульд ороод байхад гайгүй сурдаг байсан миний шар хөдлөлгүй яахав. Би анагаахын дундад онц сурна, төгсөөд заавал дээдэд орж, их эмч болно гэж өөртөө андгай тавьсан. Анагаахын дундад эхлээд сувилагчийн хоёр жилийн сургалтад сурах ёстой. Нэгдүгээр ангиа онц төгсөн шууд эх баригч, бага эмчийн гуравдугаар курст анги алгасан ороод, дөрвөн жил сурах ёстойг гурван жилд сурсан. Сурах сурахдаа бүр Сүхбаатарын цалинтай онц төгсөөд, анагаахын дээдэд урилгаар орсон. Ингэж л эмч болсон түүхтэй.

-Улсын төв эмнэлэг босго өндөртэй байх. Энэ эмнэлэгтэй хувь заяагаа холбосон түүхээ дурсаач?

-Их сургуулиа би 1987 онд төгссөн. Тухайн үед сайд байсан дотрын профессор, гавьяат эмч Цэрэннадмид багш яаман дээрээ хүлээж аваад, энэ эмнэлэгт ажиллах тушаал гаргасан. Долдугаар сарын 15-нд ажилдаа очиход эмнэлгийн дарга зааланд хүлээн авч, цагаан халаад, чагнуур бэлэглэн, дотрын тасгийн эрхлэгчийг дуудаж хүлээлгэж өгч байлаа. Яам онц төгсөгчдийг хуваарилдаг, эмнэлэг хүнээ ийм сайхан хүлээж авдаг уламжлал урмыг минь улам л сэргээж, мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн. Гэхдээ тэр жилээс хойш сайд тушаал гаргаж эмнэлгүүдэд хуваарилдаг уламжлал үгүй болж, эмнэлэг мэргэжилтнээ өөрөө мэдэж авдаг болсон.

Тэгж би анх энэ тасагтаа ирснээс хойш 20 гаруй жил ажиллаж байна. Манай тасаг 1950-иад онд улсын нэгдүгээр төв эмнэлэг байгуулагдахад анхны дотрын тасаг гэж байгуулагдсан. Эмнэлэгтэйгээ нас чацуу, 88 жилийн түүхтэй тасаг л даа. Энд ажиллаж байсан үе үеийн сайхан хүмүүсээр ном заалгаж, зөвлөгөөг нь авч байсандаа баярлаж явдаг. Гавьяат эмч, доктор профессор, дотрын эмч Рагчаа, Гэлэгжамц эмч нар, мөн бага эмч Батаа, Дуламсүрэн, нярав сувилагч нь хүртэл муухан эмч нараас илүү залуу эмч нарыг зааж сургадаг хүмүүс ажиллаж байлаа. Энэ хүмүүсийн дэргэд их юм сурсан. Монголын нэрийн хуудас болсон УНТЭ-ээ би оточ маналын саарал ордон гэж нэрлэдэг. Олон хүний амь насыг авардаг, олон сайхан чадалтай эмч нарыг төрүүлсэн ач буянтай сайхан өргөө.

-Эмчтэй айл өвдөхөөс айдаггүй байх гэж боддог. Яагаад гэвэл танилгүй бол эмнэлгээр үйлчлүүлэхэд маш хүндрэлтэй болсон. Энэ нь эмч хүнд хэр мэдрэгддэг бол?

-Эмч болж, энэ эмнэлэгт ажиллах эрхэм сайхан хувь заяаг надад олгосонд би үргэлж баярлаж явдаг. Хүний л амьдрал юм чинь өвдөж зовох, баярлах зүйл зөндөө л тохиолдоно. Тэр бүрт эмч болсон минь ач тусаа өгөлгүй яахав. Аав, ээжийг минь үхлийн аюулаас аварсанд би туйлын баяртай явдаг. Намайг төгссөн жил хөдөөнөөс миний аав цус харвасан тухай мэдээ гэнэт ирсэн. Аав минь дөнгөж 50 гарч байсан. Өвчин ярьдаггүй, архи уудаггүй, тамхи татдаггүй, намайг бодвол том биетэй хүн. Би ч айлаа. Эмнэлгийн дарга, тасгийнхандаа, яам руу хэлэхэд гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Дондог эмчээр ахлуулсан хагалгааны багийг явуулж билээ. Аав минь гурав хоногийн дараа ухаан орж, гайгүй болоход, эмнэлэгтээ хэвтүүлж эмчилсэн. Одоо аав минь 85 хүрч байна. Дараа нь би Солонгост бөөр шилжүүлэн суулгах чиглэлээр курст сурч байтал ээж минь отор хийж яваад морин дээрээс савж унаад ачаатай морин тэрэг цээжин дээгүүр нь гарчихсан байсан. Арван хэдэн хавирга хугарч, амьсгалын дутагдалд ороод болохоо байлаа гэж найзууд маань надад хэлсэн. Нарантуяа гээд бөөрний тасгийн эрхлэгч, мөн их сургуулийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн Мэндсайхан эмч найз маань эмнэлгийн дарга, яам руу ярьж, машин гаргуулаад, эм тариа хийж авчраад, гэмтэлд хэвтүүлээд сайхан эмчилж өгсөн. Одоо ээж маань 80 дөхөж явна. Эмнэлгийн хамт олон, найз нөхдийн маань ач тус их.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих