Хүүхэд ухаантай байхын зовлон
Ямар ч эцэг, эх үр хүүхдээ амжилт гаргахад баярладаг. Гэхдээ заримдаа амжилтын үнэ цэнэ тийм ч их байдаггүй. Онц сурлагатнууд арай тааруу сурдаг үе тэнгийнхнээсээ илүүтэй сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгддэг болохыг Лондоны Хатан хааны коллежийн Жеймс МакКейб тэргүүтэй Швед, Их Британи эрдэмтэд судалж тогтоожээ.
Сэтгэл мэдрэлийн өвчтэй онц сурлагатнууд 15-16 насны 700 мянга гаруй хүүхдийн хичээлийн шалгалтын дүнд дүн шинжилгээ хийжээ. Эрдэмтэд авсан мэдээллээ судалгаанд хамрагдсан бүлгээс сэтгэл мэдрэлийн өвчнөөр эмнэлэгт хүргэгдсэн статистикийн мэдээлэлтэй харьцуулжээ.
Ингэхэд онц сурдаг, шалгалтаа онц дүнтэй өгсөн сурагчид дундаж сурлагатай сурагчдаас бараг дөрөв дахин олонтаа сэтгэл, мэдрэлийн өвчин туссан байна. Тийм өвчтөнүүдийн дийлэнх нь дуу хөгжим, швед хэлний /эх хэлний/ хичээлээр онцсайн байжээ.
Хамгийн шилдэг байх юугаараа аюултай вэ?
Сэтгэл судлаачдын олж мэдсэнээр, хаана ч байсан үргэлж шилдэг байх гэдэг хүүхдүүд онцсайн сурч, сургуулийнхаа бүх арга хэмжээнд оролцож, тэднийг багш нар нь магтан сайшааж, бусдын үлгэр жишээ болгодог. Түүний дээр ийм шилдэг хүүхдүүд хичээлийн дараа усан сан, хөгжмийн сургууль, хэлний дамжаанд явдаг.
Харин хүүхэд гэнэт илэрхий өвдөх үед ийм гэгээлэг сайхан дүр зураг нэгэн сайхан өдөр өөрчлөгддөг. Жишээ нь, өглөө босоод сургуульдаа явах болохоор дотор нь муухайраад эхлэх нь бий. Ачааллаа ихэсгэж, хариуцлагаа өндөрсгөснөөс үүссэн сэтгэлийн дарамт мэдрэлийн өвчин болдог, ахлах ангийнхан сэтгэл санааны хямралд ордгийг эцэг, эхчүүд ч, хүүхэд өөрөө ч анзаардаггүй. Бусдаас сайн сурч, үлгэр жишээ байх гэж хичээсний үр дүнд сэтгэл мэдрэлийн өвчтэй болох нь бий.
Гэхдээ гутрах хэрэггүй
Амжилт олох, сэтгэл санааны хямралд орох хоёр хоорондоо холбоотойг илрүүлсэн хэдий ч сургуульд онцсайн сурч байсан хүмүүсийн дийлэнх нь хэтдээ сэтгэл мэдрэлийн ямар ч асуудалтай тулгардаггүй болохыг 2009 оны намар АНУ-ын эрдэмтэд тогтоожээ.
Гэсэн ч мэргэжилтнүүд сэтгэл, мэдрэлийн өвчтэй болох эрсдэлийг бууруулахын тулд сэтгэцийн эрүүл мэндийн тодорхой дүрмийг сахихыг зөвлөж байна. Хүүхдийн тархи мэдээлэл хүлээж авахдаа сайн ч, шинэ мэдээллийг өөрийн болгохдоо тааруу байдаг. Харин хариуцлагыг эрт ухамсарлаж, хичээнгүйлэн суралцаж байгаа хүүхдийн тархи ядардаг.
Америкийн Жон Гатогийн “Утсан хүүхэлдэйний үйлдвэр. Сургуулийн багшийн наманчлал” номонд, орчин үеийн сургууль юуны түрүүнд, нийгмийн захиалгыг биелүүлж, хүүхдээр өөрсдийн зорилтыг шийдүүлэхээр бэлтгэдэг, харин заавал боловсрол эзэмшүүлэх тогтолцооны үндэс нь хүмүүсийг илүү дуулгавартай, захирагдамтгай болгоход оршдог гэсэн санааг гаргасан байдаг.
Сургууль төгсөхдөө хүүхэд сэтгэл мэдрэлийн бүх дарамтаасаа гарч, өөрийнхөөрөө байх боломжтой болдог. Тиймээс онц сурлагатнуудын эцэг, эх хүүхдээ заавал өвчтэй болох юм шиг сэтгэл түгших хэрэггүй ажээ. Онц сурах, аз жаргалтай хүүхэд нас хоёр хоорондоо харшилдаад байх зүйл биш.
Дашрамд
Биеийн байнгын дасгал хөдөлгөөн нь хүүхдийг уурлах, түрэмгий зан авир гаргахаас урьдчилан сэргийлдэг болох нь тогтоогджээ. Биеийн тамир нь зөвхөн хүүхэд, өсвөр үеийнхний таргалалттай төдийгүй, тэдний түрэмгий зан байдалтай тэмцэх хамгийн үр нөлөөтэй арга аж.
Гэнэт уурлаж аашлах нь хүүхэд зүрх-судасны болон мэдрэлийн өвчтэйн шинж тэмдэг бөгөөд ийм хүүхэд том болоод зүрхний шигдээс, чихрийн шижинтэй болох эрсдэлтэй юм. Биеийн идэвхтэй хөдөлгөөн архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх ба хүүхдийн сэтгэл мэдрэлд эергээр нөлөөлнө гэж эмч нар ярьж байна. Үүний сацуу дасгал хөдөлгөөн хүүхдийн танин мэдэх чадавхийг дээшлүүлдэг ажээ.
З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”
URL: