Өндөр өртөгтэй Сочигийн олимп үзэгчгүй болох аюултай тулгарлаа

sochi-300x266

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр өртөгтэй наадмаар нэрлэгдээд байгаа Сочигийн олимп бас нэгэн “дээд амжилтыг” тогтоох бололтой. Ялгаварлан гадуурхах үзэл, террорист халдлага, үнэ өртөг гээд хэд хэдэн шүүмжлэлийн бай болоод байгаа Сочигийн олимп хүн төрөлхтний түүхэнд хамгийн бага үзэгчтэй, хамгийн бага зочид хүрэлцэн ирсэн гэх зэрэг дахин хэд хэдэн дээд амжилтын “эзэн” болох магадлалтай боллоо. Учир нь өдөр бүр энэ наадмын талаар сөрөг мэдээлэл цацагдаж байгаа.

Энэхүү мэдээлэл бүрт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин залруулга хийх маягаар олимпийг “зад рекламдаж” байгаа. Гэвч Сочигийн олимпийн аюулгүй байдалд итгэх хүмүүсийн тоо өдөр ирэх тусам цөөрч, энэхүү наадмыг сонирхох хүсэл нь өдөр ирэх бүр унтарсаар байгаа гэнэ.

Террорист халдлага

Энхтайвны бэлгэдэл болсон олимпийн наадмын үеэр террорист халдлага үйлдэнэ хэмээн сүрдүүлж буй хоёр залуугийн бичлэг энэ долоо хоногийн эхээр олон нийтийн сүлжээнд тавигдсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагч орны хувьд ОХУ олимпийн тэмцээнд оролцох тамирчид болон наадам үзэх зочдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, олимпийн үеэр террористуудад боломж олгохгүйн тулд аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарч ажиллахаа амлаж, Сочид хийгдэж байгаа аюулгүйн ажиллагааны талаар мэдэгдсэн. Тэрээр олимпийг зорин ирэх жуулчид, тамирчдыг сэтгэл амар байж, аюулгүйн хамгаалалтад итгэж болно хэмээн амласан. Гэвч Путиний чармайлт талаар болж, дээрх хоёр залуугийн дүрс бичлэг Сочиг зорихоор зэхэж буй олон мянган жуулчдыг “үргээлээ”. Энэхүү дүрс бичлэгт “Бид олимпийн наадамд хүрэлцэн ирэх үзэгчдэд гэнэтийн бэлэг бэлдэж байгаа. Та лалын ахан дүүсийн бэлдсэн энэхүү онцгой, “цус урсгасан” бэлгийг харахыг хүсвэл Сочигийн олимпод хүрэлцэн ирээрэй” хэмээн мэдэгджээ. Хар өнгийн хувцас өмссөн эдгээр залуус Аль- Кайда бүлэглэлтэй холбоотой шашны хэт даврагчид аж. Өнгөрсөн сард Сочи хотоос 650 километрийн цаана орших Волгоград хотод галт тэрэгний буудал, автобусанд хоёр өдөр дараалан бөмбөг дэлбэрч 30 гаруй хүн амиа алдсан юм. Хойд Кавказын Дагестаны лалын шашинтнууд дээрх халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээсэн билээ.

Ижил хүйстнүүдийн асуудал

Өнгөрсөн оны зургадугаар сард баталсан ОХУ-ын Ижил хүйстнүүдийн эсрэг хуультай холбогдуулан дэлхий нийт тус улсын эрх баригчдад эсэргүүцлээ илэрхийлж, жуулчдад наадмыг зорихгүй байхыг уриалаад байгаа. Мөн хэд хэдэн улсын төр, засгийн тэргүүн нар Сочигийн олимпийн нээлтэд хүрэлцэн ирж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэдний зарим нь террорист халдлагаас сэрэмжилж “цаг төлөвлөлт таарахгүй” гэх шалтгаанаар хүрэлцэн очиж чадахгүй гэдгээ мэдэгдээд байгаа бол нөгөө хэсэг нь ижил хүйстнүүдийн асуудлын улмаас тус наадмын нээлтэд очихгүй гэдгээ ил тод мэдэгдээд байгаа юм. Хэдийгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жуулчдыг татахын тулд, энэхүү байдлыг залруулахын тулд ижил хүйстэн гэдгээ олон нийтэд нээлттэй зарласан Элтон Жонд хүртэл “хайр зарлаж”, түүнийг шүтэн биширдэг тухайгаа ярьсан. Гэвч энэ бүгд байдлыг бүр дордуулсаар байгаа юм. Мөн тэрээр Сочигийн олимп бүх хүнд нээлттэй хэмээн зарласан. Гэвч энэхүү “уучлалаа” тэрээр өөрийн үгээр баллуурдчихсан. Владимир Путин “Ижил хүйстнүүдийн асуудлыг дахин хөндөж, тэдэнтэй сөргөлдөх хүсэлгүй байна. Мөн төр, засгийн зүгээс ижил хүйстнүүдийг шахаж хавчихгүй” хэмээн онцлоод “Гэвч ижил хүйстнүүд үүний хариуд хүүхдүүдийг тайван байлгах ёстой” хэмээн хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн юм. Владимир Путин сөрөг байдлыг өөрчлөх гэж хичээсэн ч нэгэнт оройтсон бололтой.

Бодит байдал

Сочигийн талаарх өөр нэгэн шүүмж бол тус хотын ард иргэдийн амьдрал хүнд байдалтай байгаа үед дэлхийд хамгийн өндөр зарлагатай наадам хийх гэж байгаа явдал. Өөрөөр хэлбэл, тус наадмын өртөг. Хэдий энэхүү наадам тус улсын, тус хотыг сурталчлах нэг алхам болох ч үзэгчгүй болох эрсдэл өндөр болоод байна. Хотыг тойруулан хяналтын аппарат, хурдны зам, нисдэг тэрэг, шуурхай мэдээлэгч байрлуулж, наадмын үеэр цахилгаанаар тасралтгүй хангахын тулд цахилгаан станц нэмж барьсан ч тус хотын иргэдийн амьдрал урьдын адил, бүр өмнөхөөсөө ч дордсоор байгаа аж. Олимпод зориулсан бүтээн байгуулалтын нэг хэсэг болох хурдны замыг барихын тулд замтай хэтэрхий ойрхон, хотын үзэмжийг бууруулж байгаа хэд хэдэн орон сууцыг нураажээ. Мөн бүтээн байгуулалтын улмаас байгаль орчин ихээр сүйрч байгааг “Greenpeace” агентлаг мэдээлсэн. Владимир Путин Сочид бүтээн байгуулалт хийхтэй зэрэгцэн тус бүс нутгийн 350 мянган иргэний амьдрал дээшилнэ хэмээн амлаж байсан. Гэсэн ч бодит байдал үүнээс тэс өөр байгааг эх сурвалжууд тэмдэглэж байна. Угтаа ОХУ-ын зохион байгуулж байгаа дэлхийн томоохон наадам Орос орон 20 жилийн өмнө задарсан Зөвлөлтөөс хэрхэн орчин үеийн улс болж буйг харуулах ёстой. Хэдийгээр Сочи хот өдөр ирэх тусам өнгө нэмж байгаа ч тус бүс нутгийн иргэдийн амьдралд үр ашгаа өгч чадахгүй байгаа юм.

Б.Сувд-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих