Цэл залуухан араатнууд

БАЯЧУУДЫГ ШИЙТГЭСЭН БУРХНЫ ЦЭЭРЛЭЛ-

Манай сонин хар тамхины хэрэглээ хэрхэн цэцэглэж, залуус энэ аюулаас холдож чадахгүй болтлоо эвдэрч байгааг анхааруулж сэрэмжлүүлэх үүднээс цуврал сурвалжлага хүргэж байгаа билээ. “Өдрийн сонин”-ы ¹268 (3658) дугаарт гарсан “Элийрэх үү” нэртэй цуврал сурвалжлагын үргэлжлэлийг хүргэж байна.

Түүний нүд нь тогтворгүй ийш тийш гүйлгэнэх аж. Тэрээр өөрийгөө Энхээ гэж танилцуулав. Гэртээ очиж хар тамхи сорохыг санал болголоо. Харанхуй шөнө хар тамхичин дагаад XIII хороолол орно гэхээс айдас төрөөд явчихлаа. Гэсэн хэдий ч дагаж явав. Яая гэхэв ажлаа хийж яваа, эрэн сурвалжлагч сэтгүүлч хүн үйл явдлын үзүүрээс барьсан хойно цааш ахихыг л бодлоо. Бид хоёр нэг нэгнээ туршсан, хардсан өнгө аясаар ярьсаар гэрт нь очив. Аав ээж, ах дүү нар нь байгаа аж. Энхээ шууд л өөрийн өрөөндөө ороод дотроос нь түгжиж орхилоо. Түүний өрөөнд аав, ээж, ах дүү нар нь зөвшөөрөлгүй орж ирдэггүй гэнэ. Хэн нэгэн зөвшөөрөлгүй өрөөнд нь орж ирвэл барьсан юмаа аваад шиддэг учраас хоол ундыг нь үүдэнд тавиад буцдаг гэнэ.

Өрөөнийх нь хананд Моцарт, Бетховен, Бах гэх мэтийн хөгжмийн зохиолчдын зураг өлгөөстэй. Энхээ хар тамхиа “Өөскө” гэж нэрлэнэ. Тэрээр түүж ирсэн ургамлаа усанд буцалгаж хатаагаад нүднэ. Тэгээд дахин нүднэ, бөмбөрдөнө. Хоёр шар тороор дүүрэн өвс тал ёотонгийн хэмжээтэй шахмал ногоон зүйл болно. Өвсөө хаалганд хавчуулан шахдаг гэнэ.

Аав ээж нь Энхээг мансуурдаг гэдгийг мэддэг хэдий ч үг хэлдэггүй аж. Ерөнхийдөө залхсан, айсан, хүлээн зөвшөөрдөг бололтой. Ингээд хар тамхиа татахаар болов. “Өөскө”-г бутлан шүдэнзний толгойн хэмжээтэйг нь тугалган цаасан дээр тавиад  асаагуурын галаар дороос нь шарлаа.

Тавин төгрөг хуйлаад, гарсан утааг нь гадагш алдахгүйгээр удаан сорох аж. Ингэж сороход эв дүй хэрэгтэй бололтой. Амьсгаагаа удаан түгжиж бүх утааг нь уушги руугаа оруулахын тулд хахаж цацдаг гэнэ. Энхээ гурав сороод л дуу шуу ороод ирлээ. Инээд алдан тэр дороо мансуураад ирэв.

Энхээгийн аав, ээж хоёр дээд боловсролтой, төрийн албан хаагчид. Хүү нь СУИС-ийг төгссөн гэж байгаа. Гэрийнхэн нь түүнийг хар тамхи хэрэглэдгийг мэддэг хэдий ч хүчтэй эсэргүүцэл илэрхийлж чаддаггүй. Мансуурсан Энхээ төгөлдөр хуур дээр ямар нэг ая тоглож ирлээ. Түүний нөгөө догшин харц аль хэдийнэ үгүй болж, нүдээ анин найгах аж. Тэрээр “Би ийм ая зохиохыг хүсдэг учраас хар тамхи сордог” гэлээ. Ингээд бид хоёрын эв дүйгүй байсан яриа “ивлээд” явчихсан юм.

-Анх хэдэн онд хар тамхи татдаг болсон бэ?

-Одоогоос бараг арваад жилийн өмнө гэх үү. Найз охиноосоо салаад л хар тамхичин болсон доо. Одоо бол хар тамхинаас татгалзаж чадахгүй. Бас хар тамхи татдаг найзуудтай болсон.

-Та нарыг нэг бүлэглэл  гэж ойлгож болох уу?

-Сарнай, Якубо, Тэмүүлэн, Болороо бид тав сүүлийн долоон жил цуг татаж байгаа. Хоорондоо нэг ч өдөр уулзахгүй, ярихгүй байж чадахгүй. Бусад хар тамхичидтай нийлдэг ч үгүй.

-Нөгөө өвсөө татаад юу ярих вэ. Та нар өөрт тохиолдож байгаа зовлон бэрхшээл, хайр дурлалын талаар нэг нэгэндээ ярих уу?

-Бид ээж аавдаа ч хэлэхгүй нарийн нууцаа бие биедээ хэлнэ. Ярина, уйлна даа.

-Хар тамхичин охин “Ээждээ хайртай, гэхдээ хар тамхинд бүр илүү хайртай” гэсэн гэдэг. Үнэн болов уу?

-Шал худал. Би л гэхэд хар тамхийг үзэн яддаг. Гэсэн хэдий ч салж чаддаггүй. Биднийг мэддэггүй хүмүүс тэгж ярьж, бичдэг.

-Урлагийнхан хар тамхи ихээр хэрэглэх юм?

-Тийм шүү. Хар тамхи хэрэглэснээр тэдний мэдрэмж агуу болдог. Жишээ нь та хараа муутай юу. Хар тамхи сорчихвол нүд чинь бүргэдийн нүднээс ч хурц болно. Би хар тамхи хэрэглэж байгаад дэлхийд байхгүй хөгжим хийхийг хүсдэг гэж ярилаа. Энэ үед Энхээгийн утас дуугарч найз нөхөд нь “ХИТ” гэдэг цэнгээний газар дуудлаа.

Бид хоёр такси барин очвол найзууд нь аль хэдийнэ цуглачихсан байв. Сарнай лав өвсөө сорчихсон бололтой тас тас хөхөрнө. Ямар ч утгагүй зүйл хэлэхэд л савж унатлаа инээлдэх аж. Бүгд хар тамхиа хэрэглэчихсэн болохоор намайг сэжиглэсэн ч үгүй. Залуус цагдаа нарыг шоолж гарав.

Мань хэд “Чингис” зочид буудлын ойролцоо машин дотроо “нам элийрч” байж. Тэгтэл хөдөлгөөнт эргүүлийнхэн ирчихсэн цонхыг нь тогшжээ. Залуус цонхоо онгойлготол цагдаа “Та чинь яасан их тамхи татдаг юм бэ. Цонхоо онгойлгооч. Архи уугаагүй биз” гэснээ яваад өгсөн гэнэ. Залуус тэр цагдааг  шоолоод саваад уначихсан гэж ярив.

Өнгөрсөн зун залуус Туул гол дээр элийрч байтал цагдаа хүрээд ирж. Тэдний сорж буй өвсийг харснаа “Та нар чинь улаан тамхи ороогоод яасан лойчихсон залуус вэ. Ядахдаа янжуур татаач” гээд тамхиар дайлаад явчихсан гэнэ. Мөн цагдаагийн газрын “Хэсэг залуус нунтаг ногоон зүйл татаж мансуурч байгаад баригдав” гэсэн мэдээг шоолох аж. Шуудайгаар дүүрэн олсны ургамал авч яваад цагдаад гардуулаад “Туулайн хоол” гээд гарсан удаа бий аж. Залуус ганц нэг стакан пиво шимэнгээ тамхиа баагиулан сууцгаана. Бүгд дотор сэтгэлдээ ямар нэгэн зүйлийг төсөөлж байгаа бололтой нүүрэнд нь инээмсэглэл тодорно.

Якубо хар тамхи хэрэглэхээр галзуурсан мэт секс хийдэг бол Тэмүүлэн кибер тоглоомын баатар болдог гэнэ. Эдгээр залуус эх орноо үзэн ядна. Шашингүй үзэлтэн гэдэг шиг тэдэнд бүх зүйл хамаагүй. Бүгд гадаадад гарахын хүслэн. Монгол Улс л биш бол Африк ч байсан яахав гэж ярина. Мөн улстөрчдийг шоолон инээлдэнэ.

Санаандгүйгээр “Монгол Улс маань хөгжиж байна уу” гэж асуулт тавьтал залуус саваад уначихлаа. Би энэ зууны хамгийн инээдтэй асуулт тавьсан бололтой. Улаанбаатар хотод олсны ургамал ургаж байсан талаар ярилаа. Якубо “Каннабис хэдэн жилийн өмнө Бөмбөгөр, Сүхбаатарын талбайд ургадаг байсан юм. Би нэг удаа талбайн хажуугаар явж байгаад санаандгүй хартал нэг их танил нөхөр. Яалтгүй манай хүн. Тэр хавиар эргэлдэж, харанхуй болонгуут нь суга татаад авч байгаа юм чинь. Бас хэдэн жилийн өмнө Сансарт хар тамхийг эмийн ургамал гээд зарж байсан гээд бод” гэж ярив.

Залуус инээлдээд байх юм. Тэр өвс хэрэглэж байгаагийн учир энэ ч байж болох. Эдгээр  хар тамхиа үгүйлдэг, татахгүй бол уур нь хүрээд байдаг гэнэ. Тэмүүлэн л гэхэд хар тамхи татаагүй, ганцаардсан үедээ эцэг, эх гээд бүгдийг үзэн ядаж, хэн нэгнийг багалзуурдан алах хүсэл төрдөг  гэж ярив.

Оройхон хэрд Якубо, Тэмүүлэн, Сарнай нар Болороогийн гэрт секс хийхээр явцгааж, Энхээ бид хоёр гэрийн зүг гарлаа. Энхээгээс “Чи хар тамхи зарж байсан уу” гэхэд тэрээр “Зөндөө зарж байсан. Сорох юмгүй болохоороо бид ч гэсэн худалдаж авдаг. Энэ бүхнийг хийхэд нэлээд их мөнгө орно” гэлээ.

-Цагдаа нарт баригдахаас айдаг уу?

-Мэдээж айна. Гэхдээ шоронд орохоос биш нэр төрөө алдахаас л айдаг. Хар тамхины эсрэг хууль буруу учраас хүүхдүүд шохоорхоод байгаа юм. Бүгд л хар тамхийг хааж, боох талаар ярьдаг. Зүгээр нэг саваагүйтэж сорсон залуусыг шоронд хийчихэж байгаа байхгүй юу. Үнэхээр зарж борлуулаад хаус бариад авчихсан нөхдийг бол шоронд суулгах нь зөв. Гэтэл хар тамхи нэрийн дор хоморголон баривчлаад байгаа нь буруу.

-Тэгэхээр яах вэ?

-Дуу сонсох, кино үзэх, архи уух, тамхи татах бүгд мансуурлын хэлбэр. Архинд гүнзгий орсон архичдыг шоронд биш наркологийн эмнэлэгт хэвтүүлдэг биз дээ. Түүнтэй адилхан хар тамхичдыг шоронд биш эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй байх.

-Хар тамхины эсрэг хуульд өөрчлөлт ороод мансуурагчдыг эмнэлэгт хэвт гэвэл чи хэвтэх үү?

-Өөрөө хэвтдэггүй юмаа гэхэд эцэг, эх нь чирээд очиход бэлэн. Дэлхийн олон орон яг ийм замаар явж байна. Зарим улс хар тамхийг тун бага хэмжээгээр хэрэглэхийг зөвшөөрч байгаа шүү дээ. Архийг хорихоор шагийн архи гараад ирдэг шиг хар тамхичдыг хэтэрхий чангалаад ирвэл гадныхан ашиг хийх гээд ороод ирнэ.

-Нээрээ гадныхан хар тамхи зардаг уу?

-1800 оны сүүлчээр Сэлэнгэ аймагт Хятадын хар тамхины тариалангийн талбай байсан гэдэг. Харин Дарханы хар тамхины ургамлыг орос цэргүүд тарьсан гэдэг. Орос айл болгон намуу цэцэг тарьдаг байлаа. Тэр цэцэг чинь тэр чигээрээ хар тамхины ургамал. Өнгөрсөн жил билүү Булган аймгийн шоронгийн хашаанд каннабис ургаж, хоригдлууд нь бөөн баяр болсон гэсэн.

-Тэр олсны ургамал чинь ямаршуу юм бэ?

-Хамгийн сайн элийрүүлдэг нь Сэлэнгийн хар. Каннабис гэдэг чинь зүгээр л нэг төрлийн шарилж байхгүй юу.

-Энэ олон залуус яагаад ингэж хар тамхинд хошуураад байна вэ?

-Монгол Улс чинь тэр чигээрээ стресс байна шүү. Тэр стрессийг тайлж байгаа ганц зүйл бол хар тамхи. Та жаахан нервтэхээрээ архи уудаг биз дээ. Түүнтэй адилхан бид нервтэхээрээ хар тамхиа хэрэглэдэг.

-Сургуулийн дүү нар чинь хар тамхи татаад эхэллээ. Одоо яах вэ?

-Олон хүүхэд цавуу үнэрлэхээс эхлээд хар тамхи татаад эхэлсэн. Тэр сургууль соёлын газарт стресс байдаг юм байгаа биз. Би нэг санаа хэлчих үү?

-Тэгээч?

-Монгол Улсын Засгийн газар нийтээрээ элийрэх үү, нийгмээрээ элийрэх үү гэдгийг шийдэх салаа замын уулзвар дээр байгаа юм шиг. Олон арван байгууллага, найз нөхөд, хамт олон гээд нийтээрээ элийрч байна. Харин нийгмээрээ элийрэх үү гэдгийг л шийдэх цаг нь болсон. Би тантай илэн далангүй яриад байгаагийн учир энэ. Элийрсэн олон арван залуус хүн аймаар гэмт хэрэг хийхэд бэлэн байгаа.

-Юу гэсэн үг вэ?

-Элийрэх гэдэг чинь хий юм үзнэ, харна  гэсэн үг шүү дээ. Компьютерийн тоглоом хөгжүүлж байгаа мэт хар тамхичдын бодол санаа цэцэглээд байна гэсэн үг. Зарим нэг элийрч байгаа залуус өөрийгөө цэргийн дарга гэж төсөөлж байгаа. Удахгүй Чингэс хаан, Гитлер гэж төсөөлнө. Тэр төсөөлөл нь мансуураагүй үед ч илэрч болно. Барууны улс оронд хар тамхиа хэрэглээд аллага, хүчирхийлэл үйлддэг шүү дээ гэж ярилаа.

Өдгөө Монгол Улс хар тамхичдын гадныхны дамжин өнгөрүүлэх цэг, түүхий эдийн бааз ч болох магадлалтай болжээ. Тос дотроосоо өтдөгтэй адил хар тамхи татаж буй залуус хүрээгээ тэлэн харанхуй руу улам л тэмүүлж байна.  Нэгэн аймшгийн зохиолын “Цэл залуухан араатнууд шөнө болохыг тэсэн ядан хүлээж,  цөлийн чоно мэт үс нь өрвийн босч, нүд нь ногоорон гэрэлтэж, шүд нь соёорон гялалзаад олны дунд хутгалдан орж охид эмсийг олзлон авна” гэсэн мөрүүд бодогдохын сацуу хар тамхины мансуурал нь гараагүй Энхээ харанхуйд живэх мэт алга болов. Ихэвчлэн чинээлэг боломжийн айлын хүүхдүүд хутгалдах болсон хар тамхины асуудал нийгэмд аюулын харанга дэлдэж байна. Тэдний ингэж буруу эрхэлж, эцэг эхийнхээ мөнгөөр хар тамхи хэрэглэн дуниартаж байгаа нь баячуудыг шийтгэсэн бурхны цээрлэл гэлтэй.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ, ТОЙМЧДЫН АЛБА


URL:

Сэтгэгдэл бичих