ИЗ-НН-ын ХЭГ-ын дарга Г.Ганбат : Амлалт 61 хувиар биелсэн үү?

Өнгөрсөн оны намрын чуулганы нээлтийн өдөр буюу 2010 оны 10 дугаар сарын 01-ны өдөр “Амлалтаа биелүүлэх сүүлчийн шанс” нэртэй өгүүлэл бичиж, “Ардын эрх” сонинд нийтлүүлж байсан юм.

Өгүүллийн гол утга нь Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөр, хамтарсан засгийн газар байгуулах хоёр намын гэрээний хэрэгжилтийн асуудал байв. Үнэндээ, тэр намрын чуулганаар хэлэлцэж баталсан, өдгөө мөрдөгдөж буй 2011 оны төсвийн тухай хууль эрх баригчдад гэрээ, мөрийн хөтөлбөртөө тусгасан зорилтуудаа биелүүлэх сүүлчийн шанс нь байсан юм.

Харамсалтай нь эрх баригчид гэрээний заалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх оролдлого ч хийгээгүй. Мөрийн хөтөлбөрийн зорилтуудаа ажил хэрэг болгож, төсөв мөнгөө хуваарилахын оронд харин ч эсрэгээр өнгөрсөн жил олон нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг ч эс тоож, авцгаасан 1 тэрбум төгрөгөө энэ жилийн төсөвт нууж суулгаад дахин авчихсан.

Олон нийтэд мэдэгдэхгүй гэсэндээ бүр өнгөрсөн 6 дугаар сард 76 тэрбумын жагсаалтаа гаргаад, сайд нарынх нь багцад тарааж суулгаад авчихсан юм билээ. Амлалтаа тэд ингэж л “биелүүлж” байна.

Байгуулсан засгийнхаа мөрийн хөтөлбөр, хамтарсан намуудынхаа гэрээний биелэлтийн талаар энэ УИХ огт хэлэлцэлгүй, таг дүлий суусаар гурван жилийн нүүр үзлээ.

Саяхнаас асуудлыг хэлэлцэх сураг гарсан ч, Ардын намын бүлгийн дарга мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 61 хувьтай гэж мэдэгдээд бас л таг чиг болов.

Ганц МАН-аас амлалтын биелэлт нэхэх үү?

Өнгөрсөн сонгуулийн булхай луйврыг хойш тавъя. Ямартаа ч 2008 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан нам бол тухайн үеийн МАХН, өнөөгийн нэр нь МАН. Сонгуулиар амласан бүхнээ биелүүлэх үүрэг тэр ялалттай нь хамт тэдэнд ирсэн. Парламентын 76 суудлын 46-г тэдэнд ард түмэн харамгүй өгсөн. Хамгийн багадаа 39 суудалтай байхад л дангаараа засгаа байгуулж, амлалтаа биелүүлэх учиртай, бас тийм хуультай.

Харин Ардчилсан нам УИХ-д 27 суудалтай. Монгол Улсын хууль болоод ардчиллын хэвшсэн ойлголтоор тэд парламентын “цөөнх” буюу сөрөг хүчин байх учиртай. Өөрийн амлалтыг биелүүлэх биш, өрөөлийн амлалтын биелэлтийг нэхэх үүрэг тэдэнд ноогдсон.

Өөрөөр хэлбэл АН-д засаг барих мандатыг ард түмэн өгөөгүй. Харин ард түмний өгөөгүй тэр “эрх”-ийг МАН Ардчилсан намд бэлэглэчихсэн.
Тийм ч учраас засгийн эрхийг “стандарт бус”-аар хамтран барьж байгаа МАН болон АН-аас ард түмэн амлалтыг нь хамтад нь нэхэх эрхтэй.

Хамтарсан Засгийн газар юу амласан бэ?

Миний гар дээр 2008 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан МАХН, АН-ын хамтран ажиллах гэрээ байна. МАХН-ыг төлөөлж М.Энхболд ахалж, Сү.Батболд, Г.Занданшатар, Д,Лүндээжанцан, Э.Мөнх-Очир, Ц.Нямдорж нар, АН-ыг төлөөлж С.Баярцогт ахалж, Н.Батбаяр, Х.Баттулга, Ц.Баярсайхан, Ч.Сайханбилэг, Ц.Сэдваанчиг нар гарын үсэг зуржээ.

Тэд энэхүү гэрээгээ улс орноо ХХI зуунд үсрэнгүй хөгжүүлэх түүхэн сонголт хийж байна гэж тодотгоод Засгийн газраа хамтран байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулж батлуулсан байна. Ингээд олныг үл нуршин гэрээнд чухам ямар зүйл заалт багтсан, хэрхэн биелэгдсэнийг хамтдаа харцгаая. Мэдээж биелэсэн зүйл заалт байгааг ч дурдах нь зүйтэй.

Гэрээнд заагдсан нь:     Биелэлт

УИХ-ын байнгын хорооны  даргын 4-ийг МАХН, 3-ыг АН,  дэд хорооны даргын 5-ыг МАХН, 3-ыг АН-аас нэр дэвшүүлнэ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангахын тулд Засгийн газрын бүрэлдэхүүний болон дэд сайдын 60 хувийг МАХН, 40 хувийг АН-аас бүрдүүлнэ.   Биелсэн

Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг өрх бүрийн хэрэгцээтэй уялдуулж, өрхийн нэгээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 60.0 мянгаас дээш тооны ажлын байр буй болгоно.  Биелээгүй.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гэрээнд зааснаар бол 180.0 мянган ажлын байр бий болох байжээ.
Өрхийн сарын дундаж  орлогыг  1.000.000-аас доошгүй төгрөгт хүргэнэ. Биелээгүй.

Статистик мэдээгээр өрхийн дундаж орлого 398.0 мянган төгрөг байна.
Үнэ ханшны өсөлтийг тухай бүр тооцож, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг одоогийнхоос  3 дахинаас доошгүй өсгөнө.   Биелээгүй.

МҮЭ-ийн шахалтаар шийдэгдсэн 30 хувиар биш, бүр 3 дахин өсгөнө гэж амлажээ.
Шинээр гэр бүл бологсод, шинэ төрсөн болон нийт хүүхдэд мөнгөн тусламж, тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно. Биелээгүй.
Эсрэгээр өмнө нь хэрэгжиж байсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зогсоосон.

Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300.0 мянган төгрөгийг нэг удаа, “Алдарт эх” II одонтой эхэд 500,0 мянга, I одонтой эхэд 1 сая төгрөгийн тэтгэмж жил бүр олгоно. Биелээгүй.

Хот суурин газрын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ оршин суугчдын оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулна. Биелээгүй.

Эсрэгээр орон сууцны зээлийн хүү 2008 оны түвшинтэй харьцуулбал өссөн.
Монгол хүн эрүүл мэндээ дотооддоо оношлуулж өвчнөө эмчлүүлэхүйц орчин үеийн шинжлэх ухааны ололт, технологи бүхий оношлогоо, эмчилгээний чадавхийг бүрдүүлнэ. Биелээгүй.

Эрүүл мэндийн сайдаасаа эхлээд бүгд биеэ эмчлүүлэхээр гадаад орныг зорьсоор байгаа. Иргэн бүрт жилд нэг удаа нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношлогоог үнэ төлбөргүй хийх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ.  Биелээгүй.

Богино хугацаанд нутгийн аль ч хэсэгт хүрч үйлчлэх “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” байгуулж ажиллуулна.    Биелээгүй.

Нийтийн биеийн тамир, спортыг боловсролын хөтөлбөрт тусган хөгжүүлж, аймаг, дүүрэг бүрийг Усан бассейн- спортын цогцолбортой болгоно.

2010 онд Л.Гүндалай гишүүн өөртөө, төсвийн 30 сая төгрөгийн хөрөнгөөр зөөврийн бассейн худалдан авсныг эс тооцвол огт биелээгүй.

Ерөнхий боловсролын сургалтын агуулгыг шинэчилж, багш бүрийг зөөврийн компьютертой болгоно.   Биелээгүй.

Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох оновчтой хэлбэрийг буй болгоно. Биелээгүй.

Малчин бүрийг нийгмийн даатгалын нэрийн данстай, эрүүл мэндийн даатгалтай болгоно.      Биелээгүй.

Стратегийн болон томоохон орд газруудаас олсон орлогоос 1.5 сая-аас доошгүй төгрөгийн хэмжээгээр Монгол Улсын иргэн бүрт хүртээнэ.

Гэрээнд олсон орлогоос гэж заажээ. Харин Засгийн газар урдчилгаа төлбөр нэрээр өндөр хүүтэй зээл авч, бэлэн мөнгө тарааж эхэлсэн. Тараасан мөнгө нь амлалтынх нь 18,2%-тай тэнцүү байна.

Нефть боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, бензин шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхэлнэ.  Биелээгүй.

Алтанбулаг-Замын Үүдийг холбосон төмөр замын хоёр дахь шугам тавих ажлыг эхэлнэ.

Бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто  замаар холбоно. Биелээгүй.

Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станцууд байгуулж, говийн бүсийн үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангаж, илүүдлийг экспортлоно.     Биелээгүй.

Бүх шатны сонгуулийн хуулийг шинэчилж боловсронгуй болгоно.    Биелээгүй.

Мал сүргийг эрүүлжүүлж, хүнсний бүтээгдэхүүний чанарын баталгааг тогтоох лабораторийн баазыг нийслэл, аймгийн төв, хилийн боомтуудад буй болгоно.    Биелээгүй.

Нүүрсийг хийжүүлэх, хагас кокс болгон боловсруулах ба байгалийн хийг хэрэглэх, гибрид болон бүрэн шаталттай түлш хэрэглэдэг автомашины ашиглалтыг урамшуулах, шөнийн эрчим хүчний илүүдэл эх үүсвэрийг зохистой ашиглах, нийслэлийн дагуул хотыг хөгжүүлэх, зам дагуу хөгжлийн бүс байгуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх зэрэг арга замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгана.   Биелээгүй.

Малын үүлдэр угсаа, сүргийн бүтцийг сайжруулах, эрчимжсэн аж ахуй байгуулах зэргээр МАА-н хөгжлийг дэмжинэ.     Биелээгүй.

Экологийн тэнцлийг хангах шинэ менежмент нэвтрүүлж, цөлжилт ихтэй бүсийг ургамалжуулж, ойжуулах, усан сан байгуулах, баг бүрт худаг гаргах зэргээр усжуулах, бэлчээрийг сайжруулах цогц арга хэмжээ авна.     Биелээгүй.

Хөдөөгийн иргэд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд арилжаалах, гол нэрийн бараагаа шууд худалдан авах биржийн сүлжээ байгуулна. Биелээгүй.

Цөмийн эрчим хүчийг ашиглах нарийвчилсан судалгааг хийж, бэлтгэлийг хангана.    Биелээгүй.

Аймаг, сумдын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг үйлдвэр, үйлдвэрлэл-технологийн паркийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, лизингээр ашиглуулах, зээлээр хувьчлах замаар орон нутгийн загвар үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Биелээгүй.

Олон улсын нисэх онгоцны буудал, говийн өмнөд хэсгийн төмөр зам, ус, цахилгааны дэд бүтцийн сүлжээ, зүүн бүсийн төмөр зам зэрэг мега-төслүүдийг эхлүүлнэ.     Биелээгүй.

Нийслэл Улаанбаатар хотыг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Нийслэлд дулааны болон эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулна.  Биелээгүй.

Аялал жуулчлалын бүсүүдийн дэд бүтцийг сайжруулж, жилд 1 сая-аас доошгүй жуулчин хүлээн авах нөхцөлийг бүрдүүлнэ. Биелээгүй.

Төвлөрлийг сааруулж, орон нутгийн удирдлагын болон эдийн засгийн бие даасан байдлыг хангана. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуульд өөрчлөлт оруулж, орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг өргөтгөнө.  Биелээгүй.

Малчид гар утас ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

Энэ амлалтыг биелүүлсэн үүрэн телефоны компаниуддаа баярлалаа.

Төгсгөлд нь 2008 онд ИЗН-д итгэлээ өгсөн 124 мянга, МНН-д саналаа өгсөн 70 гаруй мянган сонгогчдоо төлөөлөн, Иргэний Зориг-Ногоон Нам эрх баригчдаас амлалтыг нь нэхэх үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу бид амлалт, мөрийн хөтөлбөрийн биелэлтийг чинь дахин нэхэж байна.

Д.Лүндээжанцангийн хэлснээр хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, хоёр намын гэрээ 61%-иар биелсэн байна уу? Өөрсдөө харцгаа.


URL:

Сэтгэгдэл бичих