Орос ах нараасаа өвлөсөн хордуулах аргыг монголын төр зогсоож чадах уу?
Богд хаант засгийг унаган, монголд ноёрхлоо тогтоосон КГБ тусгай нууц ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн бөгөөд одоо ч тэдний үлдэгдэл бий. МАН-ыг байгуулсан гэх Д. Сүхбаатарт оросууд хор өгч алсан гэж түүхчид баталдаг. Нийгмийн зүтгэлтэнг хордуулж хөнөөх явдал захиргаадалтын нийгмийн үед ч цөөн бус гарч байсан байна.
Харин 1990 оноос хойш УИХ-ын гишүүд сайд дарга нарын золгүй үхэл жил дараалан гарах болов. Саяхан л гэхэд МАН-ыг ардчилсан хувьсгалтай дахин сэргээсэн Г. Баасан ламын үхлийн шалтгааныг хэн ч тодорхойлж чадсангүй оньсого хэвээр үлдлээ.
Талийгаачийн эхнэр З. Алтанцэцэг телевизээр мэдэгдэл хийхдээ: “Хумс шүд тас хар болгох ганц шалтгаан нь хор. Энэ бол дэндүү үнэн дэлхийн практик. Манай хүн ямар ч хууч өвчингүй байсан. Задлан шинжилгээгээр бүх эрхтэн систем нь эрүүл гэж гарсан шүү дээ. Би 20 гаруй жил эмчээр ажиллаж байна. Эмчийн нүдийг юу ч хуурдаггүй л байхгүй юу. Гэвч би ханийгаа хордуулсан байсныг мэдэхгүй явсандаа л харамсаад байна. Ний нуугүй хэлэхэд ламтан хор тайлах эмчилгээг өөртөө хийж байсан байна лээ. Үхэхээ ч мэдэж байсан учраас хүмүүст зөндөө юм захиж үлдээсэн. Би шинжээч эмчээс нь “яах аргагүй хордуулсан учраас үснээс нь заавал дээж аваарай” гэж гуйсан л даа. Яагаад гэвэл үсний шинжилгээгээр ямар ч хорын хэмжээ, төрөл нь гарч ирдэг. Манайд энэ чиглэлийн мэргэжилтэн байдаг юм билээ. Харин лаборатори нь ямар болохыг сайн мэдэхгүй юм. Харин тэр эмч “Лам хүн болохоор толгой нь үсгүй байсан” гэсэн байгаа юм. Толгой нь үсгүй байж болно. Хоёр суганд нь үс байгаагүй гэж анатоми ярьдаг эмчийг л гайхаад байна. Аргаа ядсан хүний л хариулт байхгүй юу. Зүв зүгээр сандал дээр сууж байгаад хумс нь харлаад үхсэн хүн. Тэгтэл эхлээд архины хордлого, даралт гэх мэтээр эмч нар ард түмнийг төөрөгдүүлэх оролдлого их хийсэн” гэжээ. 90-ээд оноос хойш УИХ-ын гишүүн М. Зэнээ, О. Дашбалбар, О. Энхсайхан, нарийн яривал УИХ-ын дарга асан Д. Энэбиш гишүүний үхэл ч гэсэн учир битүүлэг. Өнөөгийн Ерөнхийлөгч Ц. Элбэгээ болон М. Энхсайхан нарын хооронд олон жил бугшиж ирсэн тэмцлийн золиосонд “Миний монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн УИХ-ын гишүүн агсан О. Энхсайханыг хордуулж алсан гэсэн яриа ч үнэний ортой. Тэрээр парламентын чуулган дээр “Манай АН арай ч дээ. Гудамжинд явж байсан ч албан тушаал булаацалддаг. Төрийн ордонд орсон ч албан тушаал булаацалддаг” хэмээн бачимдаж суусан. Энэ үгийг хэлснээс хойш сар гаруйн дараа О. Энхсайханы элэг муудаж тэрээр хорвоог орхисон билээ. Авлигатай Тэмцэх газрын дарга Б. Дангаасүрэн агсаны үхэл ч гэсэн бас но-той.
Дүү нь хэвлэлийн хурлын үеэр “Ах маань 80 гаруй авлигачдын нэр гаргачихаад шалгаж эхлэх гэж байсан нь үхлийн шалтгаан болсон. Бас хамгийн сэжиг төрүүлж байгаа нь шөнө 02 цагаас хойш ах маань өглөө 05 цаг болтол өчнөөн ядарч холхиж, тэлчилсэн байгаа шүү дээ. Босч, хэвтээд, нааш цааш олон удаа явж байхад тэр хамт явсан хүмүүс яагаад мэдээгүй байна вэ. Энэ хамт явсан хүмүүс нь миний ярьснаас илүү зохион байгуулалттайгаар ажилласан. Тэр нууцыг тайлж өгөөч ээ гэж л би Эрүүгийн цагдаагийн газраас хүсээд тэд хариу өгөөгүй. Талийгаач ахыг маань задлан шинжилгээнд оруулахдаа яагаад нүдийг нь ухаж авсан тухай хэн ч тайлбар хийгээгүй. Ерөөсөө намайг анх Сиднейд очиход эндээс ахтай цуг явсан хүмүүс амаа нийлүүлээд тохирчихсон, болоогүй бүхнийг болсон болгож яриад байгаа. Гунгаа, Доржпалам, Алтангэрэл нар тэнд сурдаг оюутан, ажилчин гээд бүх Монгол хүнийг урвуулж, зохион байгуулж, худлаа хэлүүлж чадсан. Бас ахын маань гурван хавирга яагаад хугарсныг асуухад, шүүх эмнэлгийн дарга нь “чамд энэ бүхнийг тайлбарлах шаардлагагүй новш минь гэсэн” хэмээн гомдож байлаа.
Хордуулж алах арга Сталины үед эрч хүчтэй хөгжсөн байдаг. Манай НАХЯ-ны чекистүүд цугаараа КГБ-ын сургууль дүүргэсэн учраас орос сургагч ах нараараа их зүйл заалгаж одоо ч хэрэгжүүлсээр байгаа гэхэд хилсдэхгүй. Бусдыг хордуулах арга нь октьябрийн хувьсгалын дараа Зөвлөлтөд эрчимтэй сэргэж, ялангуяа улс төрчдийн дунд энэ муухай арга өргөн хэрэглэгдэж, хэдэн зуун коммунистууд нэгнийгээ тамын ертөнцөд илгээж байлаа. Оросууд баруун европын хаад, ноёд шиг нэг нэгнээ хордуулж байсан тохиолдол түүхэнд олонтаа гарчээ. 1920-иод оны үед нууц цагдаагийн газарт хорны тухай өндөр мэдлэгтэй хүмүүсээр хүрээгээ тэлсэн дотоодыг хамгаалах ардын коммисарын газар, КГБ-д богино хугацаанд хор боловсруулах нууц лабратори байгуулагдан ажиллаж байв. Яваандаа эдгээр нь хилийн чанадад алан хядах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулахад түшиц суурь болж уг бүлгийг Яков Селбрянксий хэмээх этгээд толгойлж эхлэв. Хувьсгалын эсрэг сайн дурын армийн ерөнхий командлагч асан Барон Врангелийг устгах зорилгоор Бельгид 1928 онд явагдсан ажиллагааг тухайн бүлгийн хамгийн анхны ажиллагаа гэж үздэг. Уг лабраторийг Ягода удирдаж эхэлснээс хойш маш өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж лабраторийг өргөтгөн химийн болон хими бактериологийн хоёр хэлтэст хуваав. Хожим Ягодаг баривчласны дараа түүнд Менжинский Куйбышев, Горький болон түүний хүү Пешков нарыг хордуулсан хэрэгт ял тулгаж, эрүүдэн шүүж байсан гэдэг. Тэр үеийн улс төрийнхний дунд өрсөлдөгчөө хордуулах арга “моод” болон дэлгэрч байсан гэхэд болно. И. Сталин хэлэхдээ В. И. Ленин амь тавьж байхдаа түүнээс хор өгөхийг гуйж байсан тухай цухас дурьдсан байдаг бол энэ өвчин дотоод явдлын яамны доод шатныхны дунд тахал мэт тархав.
Ягодаг баривчлан Ёжовоор сольсны дараа энэ “өвчин” багасах нь бүү хэл коммисаруудын дунд бүр их дэлгэрсэн гэдэг. Ёжовыг цаазаар авч Берия түүний байр суурийг эзэлсний дараа нууц лабраторийг шинэчилсэн зохион байгуулалтанд оруулж “Дотоодыг хамгаалах ардын коммиссарын 4 дүгээр хэлтсийн харьяалалд оруулж Судоплатов нар удирдаж эхэллээ” гэсэн байдаг. Берия Сталинд таалагдахын тулд нэгэн шинэ төрлийн хорыг хийхийг нууц лабраторийн удирдлагад тушаажээ. Зорилго нь задлан шинжилгээгээр илрэхгүй байх, байцаагдаж буй гэмт хэрэгтнийг мансууруулан үг алдуулах зориулалттай юм. Хамгийн аймшигтай нь тухайн хорыг харх, муур, нохойн дээр туршиж байсангүй, ялын дээд хэмжээ авсан гэмт хэрэгтнүүд дээр туршиж эхэллээ. Ингэхдээ эрүүгийн хэрцгий аллага үйлдсэн гэмт хэрэгтнүүд болон улс төрийн гэмт хэрэгтэн, Япон Германы олзлогдогсод дээр туршина. Албаны хэллэгээр тухайн лабраторийг “камера” гэдэг байсан бөгөөд Москвагийн Лубянский Варсонофьевский гудамжинд байрлаж байлаа. Нууц лабраторид хэн дуртай нь ороод байхгүй зөвхөн аюулаас хамгаалах яамны тусгай ажилтнууд, КГБ-ын удирдлага болох 4 хүн орох эрхтэй. Тухайн лабраторийг ерэн оны эхэн үеэр дэлхий дахинд мэдсэн гэхээр үнэхээр сайн нууцалж байсан нь харагдаж байна. Өдөр болгон шахуу ялын дээд хэмжээ сонссон хүмүүсийг авч ирж туршилтанд оруулахдаа эхлээд эмчийн үзлэгээр оруулсны дараа биеийн байдлыг харгалзан үзээд эм тариагаар бөмбөгдөж эрүүл болгоно. Үүний дараа туршилтанд оруулж байлаа. Нэгэн гэрчийн мэдээлснээр тухайн туршилтанд орж байгаа хүмүүс эрүүл чийрэг, янз бүрийн насныхан байсан байна. Тэдний эрүүл мэндээс хамаарч зарим нь шууд газар дээрээ нүд аниж байхад нөгөө хэсэг нь гурван долоо хоноод хорвоог орхино. Майрановскийн туршилтын хор К-2 /карбиламин холин хлорид/ рекорд амжилт тогтоожээ. Тухайн хорыг хэрэглэсэн хүн ердөө 15 минутын дараа л үхэж байсан гэдэг. “Камера” нь 1953 он хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж байгаад В.И. Сталиныг нас барсны дараа Берияг баривчлан Майроновский, Фавел Судоплатовыг шоронд хийж нүглийг нь үүрүүлсэн тухай КГБ-ийн нууц архивын баримтанд тэмдэглэсэн нь бий. Майроновскийд “албан тушаалаа урвуулан ашигласан, хүчтэй хорт бодисыг хууль бусаар хадгалсан” гэсэн үндэслэлээр ял оноожээ. Харин Судоплатовыг “хорт бодисыг хүмүүс дээр туршсан” гэдгээр шийтгэжээ. Гэвч хичнээн мянган хүн туршилтын туулай болж үрэгдсэнийг мэдэх аргагүй юм. Шүүх хурлын мэдүүлгээс үзэхэд 1946-1947 оны хооронд тухайн лабраторид сүмийн хамба лам Ромж, инженер Шумский, америкийн иргэн Огинс нар туршилтанд орж нас баржээ. Судоплатов сүүлд шоронгоос суллагдаад бичсэн дурдатгалд “Шведийн дипломатч” Р. Валленбург, Югославын тэргүүн Иосиф Брозитог тахлын халдвараар хордуулах даалгаврыг тусгай үүрэг гүйцэтгэгч И. Григулевич гэгчид өгчээ.
Гэвч Сталины үхэл нь И. Бразитог хордуулах төлөвлөгөөг нураасан байна. Сталины харгис дэглэмийн дараа Лубянскийн үхлийн лабраторийг хаасан нэр зүүсэн ч үйл ажиллагаа явуулсаар өөрчлөн байгуулалттай золгосон. Үүний жишээ нь 1953-1957 оны хооронд шоронд сууж байсан Майровскийгээс хэд хэдэн удаа байцаалт авах нэрээр хүн хордуулах талаар зөвлөгөө авч байсан гэдэг. Мөн 1963 оны 3 дугаар сард Аюулыг хамгаалахын шинэ сайд Игнатьев ЗХУ-ын КН-д өгсөн илтгэлдээ Тройцкийн бие хамгаалагч В. Залусаг хордуулж устгасан тухайгаа дурджээ. Үүний дараа 1960 оны дунд үед Н. Хохловыг хордуулсан болон баруун германы фельдмаршал Эвальд фон Клейст, зүүн германы нацист хөдөлгөөний тэргүүн Гельмут Вейдлинг зэрэг хүмүүсийг КГБ хүмүүсийг хордуулж алсан баримт үлдээжээ. 1957 оноос эхлэн синилийн хүчлээр бууддаг гар буу зохиож Украйны үндсэрхэг үзэлтэн Лев Ребят, Степан Бандерра нарын амь насыг егүүтгэжээ. Оросын гадаад тагнуулын удирдах газраас мэдэгдэж байгаагаар 1960 оноос хойш Зөвлөлтийн тагнуулын алба гадаадад алан хядах, бөөнөөр устгах ажиллагаа явуулаагүй гэж баталдаг ч үүнийг няцаах нэг баримт нь 1979 онд Зөвлөлтийн тусгай албад Афганистаны ерөнхийлөгч Аминыг хордуулжээ. Энэ бүхэн дэлхий даяар цацагдаж эхлүүт КГБ тусгай албаны ажилтнуудаа Афганистанд явуулж Амины ар гэрийг хүйс тэмтрээд дараа нь тэд лалын хэт үндсэрхэг үзэлтнүүд энэ бүхнийг үйлдсэн мэтээр тайлбарлахыг хичээжээ. Бусдыг хордуулах, хор өгөх аллага өнөөгийн оросын нийгэмд ч байсаар байгааг үгүйсгэх аргагүй юм. 2004 онд оросын тусгай албад Чеченийн хээрийн командлагч Хаттабт хортой захиа явуулж хороосон билээ. Сүүлийн үед хордож үхсэн баримтууд дотор ОХУ-ын томоохон банкир Иван Кивелидийг 1994 онд харилцуур дотор нь хор хийж егүүтгэсэн тухай бий. 2005 онд сэтгүүлч Юрий Шекочихин хорлогдсон байдалтайгаар амь насаа алдсан бол оросын ерөнхийлөгч асан Путины дотны анд Рома Цепов мөн түүний адил нас барсан байна.Украйны ерөнхийлөгч Ющенког хордуулах үйл ажиллагаанд оросын гар хөл орсон гэдгийг АНУ-ын тагнуулын шугамаар дэлхий дахинд зарласан. Сүүлийн үед хордон нас барсан тагнуулч А. Ливинкогийн хэрэг илрэх магадлал өндөртэй байна. Учир нь түүний хамтрагчид болох Луговой, Ковтун нар полний гэх бодисоор хордсон нь гадаадын шинжээчдийн сонирхлыг татаад байна. Мөрдөн байцаагчид тэднийг хохирогч гэхээсээ илүү гэмт хэрэгтнүүдтэй сүлбэлдсэн байх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Түүнчлэн Английн тусгай албад КГБ-тай хамтарч ажиллахаас татгалзсан нь нэгийг хэлээд байх шиг…
луйвар
URL: