Б.Хурцыг суллахыг шаардав
Английн Лондон хотод хоригдож буй Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурцыг суллахыг шаардан өчигдөр Гадаад харилцааны яамны үүдэнд “Иргэдийн шударга шүүх”, “Чингисийн Монголын залуучуудын холбоо”, “Эмэгтэйчүүд манлайлал сан”, “Монголын чөлөөт хуульч, өмгөөлөгчдийн холбоо”, “Хүний эрх судлалын академи” гэх нийт 7 төрийн бус байгууллага, сан нэгдэж жагсаал хийлээ.
Б.Хурцыг суллах хөдөлгөөний хуулийн зөвлөх, төлөөллүүд Гадаад харилцааны яаманд “Б.Хурцыг баривчилсан нь зохион байгуулалттай хууль бус үйлдэл” гэсэн утга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн байна. Тэд энэхүү мэдэгдлээ Английн гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Жереми Брауне Монгол Улсад айлчилж байгаатай холбогдуулан хүргүүлж байгаа аж.
Түүнчлэн Б.Хурцынг өмгөөлж буй төрийн бус байгууллагынхан ирэх сарын 20, 21-нд болох шүүх хуралд Их Британиас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асан Уиллиам Диксоныг буруутгах үндэслэл бүхий баримт материалыг дэлгэхээр зэхэж байгаа юм. Тэд Монгол Улсын өндөр албан тушаалтныг Их Британи улсад хууран аваачиж баривчилсан хэмээн Английн Элчин сайд асан Диксоныг буруутгаж байгаа аж.
ГХЯ-ны гадна жагсаал хийж байсан “Эмэгтэйчүүд манлайлал сан” ТББ-ын ажилтан А.Алимаатай уулзлаа. Тэрбээр “Монгол Улсын нууц тээгчийг ямар шалтгаанаар хорьж байгаа нь тодорхойгүй. Б.Хурц нь Монгол Улсын нууцын талаар маш их мэдээлэлтэй хүн. Англи улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асан ноён Уилиям Диксон нь Их Британийн хатан хааны жуух бичгээ Монгол Улсын төрийн тэргүүнд өргөн барьсан бөгөөд түүнд нь хоёр орны эв найрамдалт харилцаа, итгэл ойлголцлыг үргэлжлүүлнэ гэсэн байсан.
Хэдий ийм байсан ч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга буюу өөрөөр хэлбэл Монгол Улсын нууц тээгч хүнийг урхидан Англид авчирч баривчлуулсан үйлдэл нь хүн хулгайлах гэмт хэрэгтэй адил тул манай хоёр орны, ялангуяа жирийн иргэдийн хоорондын найрамдалт харилцаанд сөргөөр нөлөөлж байна гэж бид үзэж байна. Мөн 5 дугаар сарын 21-ний шүүх хурлаар Монголын Засгийн газрын өмгөөлөгч Английн Засгийн газрыг буруутган хэрэг үүсгэсэн.
Бид өнөөдөр монгол иргэнээ суллуулж авах гэж жагсаж байна. Тэрнээс элдэв үймээн гаргах гээгүй. Бид н.Жереми Брауне-д ГХЯ-аар дамжуулан мэдэгдэлээ хүргүүлсэн. Харин тэрээр тус яамны цайны газрын хаалгаар саяхан гараад явчихлаа” гэв.
Ийнхүү Б.Хурцын ар гэрийнхэн найз нөхөд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл гурав дахь удаагаа жагслаа. Өмнө нь тэд ИБУИНВУ-ын элчин сайдын яамны гадаа хоёр удаа жагсаал зохион байгуулж байсан бол өчигдөр Гадаад харилцааны яамны гадна жагслаа.
“Б.Хурцыг суллах хөдөлгөөн” гэх хүмүүсийн дунд Б.Хурцын найз болох яруу найрагч Ц.Хулан, жүжигчин Н.Онон нарын олны танил хүмүүс цөөнгүй байна.
Б.Хурцыг суллах хөдөлгөөнөөс гаргасан мэдэгдлийг бүрэн ихээр нь хүргэж байна.
Британы Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Төрийн сайд н..Жереми Брауне Танаа:
Бид 2011 оны 02 -р сарын 23-ны болон 05-р сарын 12-ны өдрүүдэд Монгол дахь Англи Улсын Элчин сайдын яаманд шаардлага хүргүүлж байсан билээ. Энэхүү шаардлагадаа Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг баривчлан саатуулсан Англи улсын Засгийн газрын үйл ажиллагааг буруутгаж байгаагаа илэрхийлсэн.
Одоо ч бид дээрх үйл явдлыг зохион байгуулсан Британы Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, тэр тусмаа Эрхэмсэг Хатан Хааны илч төлөөлөгч, Элчин сайд асан н.Диксоны үйл ажиллагааг эрс эсэргүүцэж байгаагаа энэхүү “Мэдэгдэл” -ээр дахин илэрхийлж байна.
Бидний зүгээс Б.Хурцыг хууль бусаар баривчлан саатуулсан 2010 оны 9 сарын 17-ны өдрөөс хойш үйл явдлыг тэвчээртэйгээр ажиглаж байгаа хэдий ч Монгол улсын өндөр албан тушаалтаны дипломат эрх ямбыг үл хүндэтгэн баривчилсан нь Англи улс Монгол улс, төрт ёсыг басамжлан дорд үзсэн үйлдэл хэмээн үзэж байгаа билээ.
Англи улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд асан ноён Уильям Эндрю Диксон нь Их Британы Хатан хааны үзэглэсэн жуух бичгээ Монгол улсын төрийн тэргүүнд өргөн барьсан бөгөөд түүнд нь хоёр орны эв найрамдалт харилцаа, итгэл ойлголцлыг үргэжлүүлнэ гэсэн байсан хэрнээ Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны даргыг буюу өөрөөр хэлбэл, Монгол Улсын нууц тээгч хүнийг урхидан Англид аваачиж баривчлуулсан үйлдэл нь хүн хулгайлах гэмт хэрэгтэй адил тул манай хоёр орны, ялангуяа, жирийн иргэдийн хоорондын найрамдалт харилцаанд сөргөөр нөлөөлж байна гэж бид үзэж байна.
Шударгаар шийдэгдэхгүй өнөөг хүрсэн энэ асуудлыг бид цаашид тэвчээр хүлээцтэй ажиглаад байх бус, үл эвлэрэн тэмцэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байсан бөгөөд бид “Хурцыг суллах хөдөлгөөн” байгуулж, энэхүү хөдөлгөөнд Монгол Улсын төрт ёс, монгол хүнээ гэсэн сэтгэлтэй иргэн бүхэн нэгдэн, мөн түүнчлэн, эх оронч үзэлтэй бусад төрийн бус байгууллагууд нэгдэж байгааг дурдая.
Бид Б.Хурцыг суллагдах хүртэл тэмцэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл Англи улсын аж ахуйн нэгж, албан хаагч иргэдийг Монголоос гаргах шаардлагыг Монгол улсын Засгийн газартаа тавих болно.
ИРГЭДИЙН ШУДАРГА ШҮҮХ ТББ
УЛС ТӨР, МЕНЕЖМЕНТИЙН АКАДЕМИ
ЧИНГИСИЙН МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
“ӨӨДРӨГ МОНГОЛ” ТББ
ЭМЭГТЭЙЧҮҮД-МАНЛАЙЛАЛ САН
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ ХУУЛЬЧ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХҮНИЙ ЭРХ СУДЛАЛЫН АКАДЕМИ
Д.Сувд
Эх сурвалж: “Монцамэ”
URL: