Хятадад Чингис хааны үр сад байна

Хятадууд бол эртний сэтгэгчид болон төрийн удирдагчдаа хүндэтгэн хайрласаар ирсэн ард түмэн билээ. Дундад улсын эртний хаад болоод мэргэд орчин үеийн амьдралд нь зайлшгүй хэрэгтэй олон зүйлийг хийсэн гэж тэд үздэг байна. Тухайлбал, МЭӨ VI-V зуунд амьдарч байсан эртний гүн ухаантан Күнзийг тус улсын ард түмэн ихэд хүндэтгэдэг бөгөөд түүний жижиг баримал хөшөө, номууд хятад айл бүрийн номын санд байдаг ажээ.
Мөн нэр хүнд олохын тулд түүхэнд алдаршсан хэн нэг хүний үр сад болох тухайгаа мэдэгдэх тохиолдол цөөнгүй гардаг байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус улсын Хубэй мужийн Ухань хотын их сургуулийн оюутан тус улсын түүхэнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Монголын их байлдан дагуулагч Чингис хааны удмын хүн болохоо мэдэгдсэн тухай «Чайна дейли» сонинд бичжээ. Чингис хаан 13 дугаар зууны эхээр Хятадын зүүн нутгийг байлдан эзэлж байсан бол түүний ач Хубилай хаан Юань гүрнийг /1279-1368 он/ үндэслэсэн билээ.

Их сургуулийн оюутан Чингис хааны үр сад гэдгээ «Юань гүрний эртний угийн бичгийн судлал» дээр үндэслэн нотолжээ. Харин түүхийн энэ үеийг судалдаг Хятадын эрдэмтэд «одоогоор энэ оюутны ярьсныг нарийн шалгах хэрэгтэй байгаа учраас Чингис хааны удмын хүн гэдэг нь албан ёсоор тогтоогдоогүй» гэж мэдэгдсэн байна. «Эртний угийн бичиг нь тэр бүр баттай үнэн байж чаддаггүй учраас ураг садны холбоог хүн амын тооллогын албан ёсны баримт дээр тулгуурлан шалгах нь зүйтэй» гэж шинжээчид ярьжээ.

Уханийн оюутан үнэхээр Чингис хааны удмын хүн үү эсвэл ердөө хамт олныхоо дунд нэр хүндээ өсгөхийг оролдогч уу гэдгийг мэргэжилтнүүдэд шийдэх биз. Гэхдээ алдартай жанжны «холын хамаатан» Хятадын «бүх мужуудад хэдийнээ алдаршсан» гэж «Чайна дейли» сонин мэдээлжээ. Учир нь тэрбээр Чингис хааны төрөл садан болохоо угийн бичгийн мэдээлэл дээр үндэслэн хийсэн нь оршин суугчдын үнэмшлийг төрүүлж хүндэтгэлийг хүлээсэн байна.
Сонирхолтой нь үнэн эсэх нь тогтоогдоогүй Күнзийн төрөл садан илүү олон байдаг байна. Түүний үр сад Хятадад төдийгүй Тайваньд байдаг ажээ. Мөн АНУ, Өмнөд Солонгос, Малайз, Сингапурт ч бий. Одоогийн байдлаар гүн ухаантны төрөл садан хэмээн албан ёсоор бүртгүүлсэн Күн овогтой сая гаруй хүн байдаг гэнэ. Гэхдээ Хятадад Күнзтэй ямар ч холбоогүй бөгөөд зөвхөн нэр хүндээ өсгөхийн тулд түүнтэй төрөл садан болохыг хүсэгсэд байнга гарч ирж байдаг ажээ.
Д.Жаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих