Тэмээнд мөнгө өгөхгүй юм уу
Энэ УИХ-аас бог малд зориулсан шийдвэр гарсаар л. Гурван жилийн өмнө ямаанд 30 тэрбумыг зориулсан шийдвэр гаргаад “76 ямаа” хэмээн цоллуулж байв. Одоо хонинд 50 тэрбум төгрөг өгөхөөр болов. Зарим УИХ-ын гишүүн “76 хонь” гэж нэрлүүлэхдээ дуртай байхаа илэрхийлсэн байх юм. 50 тэрбум төгрөгийг 180 гаруй мянган малчин өрхийн 14 сая гаруй толгой хонинд хувааж өгөх эл шийдвэр нь удахгүй болох УИХ-ын сонгуулийн пиарын нэг мөнөөс мөн.
УИХ-ын 76-гийн дийлэнх нь хөдөө орон нутгаас сонгогдсон болохоор малчдад хэлэх үгтэй, хийсэн ажилтай болж харагдах нь чухал байгаа нь ойлгомжтой. Тийм ч учраас дараа, дараагийн малчид, малыг дэмжсэн мөнгөтэй холбоотой ямар ч бодлогыг УИХ дэмжиж баталж таарна. Харин одоо тэмээ, адуу, үхэрт мөнгө өгөх л үлдээд байх шиг. Гэхдээ эхлээд тэмээнд мөнгө өгөх шаардлага байна шүү. Улсын хэмжээнд хоёр сая шахам толгой үхэр, хоёр сая 200 мянга орчим адуу, тэмээ 260 гаруй мянга, хонь, ямаа тус бүр 14 сая гаруй толгой малтай гэдэг.
Хамгийн бага толгой мал нь тэмээ аж. Уг нь тэмээ хоньтой л адил ноос өгдөг. УИХ-ын малчидтай холбоотой гаргасан шийдвэрт ялгаварлан гадуурхсан зүйл байдаггүй. Тухайлбал, малчин зуун өрхийн 20-иод өрх 50 хүртэл, мөн 20-иод нь 51-100,27 нь 101-200, 30 нь 201-500, өс нь 501-ээс дээш толгой малтайг судалгаагаар гаргасан байдаг. Тодруулбал, малчин өрхийм 60-аад хувь нь 200 хүртэл толгой малтай аж.
Харин ийм тооны малтай өрх өөрсдийнхөө мах, сүү цагаан идээний хэрэгцээг өлхөн хангаад зогсохгүй зах зээлд борлуулалт хийх бололцоотой байдаг юм байна. Харин 201-500, 501-ээс дээш малтай 70 гаруй Мянган малчин өрх боломжийн ашигтай байж чадахаар гэнэ. Түүнчлэн малчин дөрвөн өрх тутмын нэг нь автомашинтай, гурван өрхтутмын нэг мотоцикльтой, 13-15 өрх тутмын 10 нь телевизортой байдаг аж. Энэ мэт ахуй амьдрал, ашиг, орлогыг ялгааг УИХ огт харж үзэлгүй шийдвэр гаргадаг.
Малчдыг ялгаварлана гадуурхдаггүйтэй адил малыг ч ялгаварлан гадуурхаж болмооргүй санагдаж байна. Гэтэл УИХ малыг ялгаварлан гадуурхаж, зөвхөн хонинд мөнгө өгөхөөр шийдэж байгаа нь буруу хэрэг биш гэж үү. Ядаж л тоо толгой нь хамгийн бага байгаа тэмээний ноосон бүтээгдэхүүн үнэд хүрч, эзнийхээ орлогыг ахиулахав дээ. Тийм учраас тэмээнд мөнгө өгч, эзнийх нь орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тоо толгойг нь өсгөх цаг болсон. Тэгвэл энэ шийдвэр бас л УИХ-ын хийсэн нэг чухал ажил болж харагдах нь тодорхой. Ямар азаар Монгол Улсын Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэж тусгасан юм бол доо.
Үүний ачаар малчид бэлчээр ашигласны төлбөр төлөхгүй, ашиг орлогын татвар ч төлөхгүй болсон. Тэгээд ч орон нутгаас сюнгогдсон УИХ-ын 50 гаруй гишүүн мөнгөөр малыг хамгаалж, пиараа хийхгүй байсан бол малчид “хөөрхий” болох байлгүй. Малчид, мал нь яах вэ ингээд болоод байдаг юм байгаа биз. Нийслэлчүүд яах вэ. Улаанбаатар хот хэзээ хөгжих вэ. Монгол Улсынтөр малыг харж үзсэнээсээ хэд дахин хүнээ хамгаалсан, хүн рүүгээ чиглэсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх дутаж байна.
Үүний тулд хүн амын 40 гаруй хувь нь оршин сууж амьдарч буй нийслэлчүүдийг төлөөлөх УИХ-ын гишүүдийн тоог ахиулах. Өдгөө 1.2 сая гаруй хүнтэй нийслэлчүүдийг УИХ-д 20-иод гишүүн төлөөлж байна. Гэтэл 1.7 орчим орон нутгийн иргэдийг 56 байгаа нь шударга бус хэрэг. Нэг УИХ-ын гишүүн Монгол Улсын тодорхой тооны иргэдийн төлөөлдөг болсны дараа Улаанбаатарыг хөгжүүлэх, нийслэлийн иргэдэд чиглэсэн бодлого УИХ-аас олонтаа гарах нь лавтай.
Д.Уран
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: