Р.Чойном ХҮН ТАНАА
Бор зүрхний минь алтан ураг болж
Бодлын хүйгээр холбоотой төрөх
Надаас хойчийн хүн танаа
Найрагчийн эрхээр хэлэх үг байна.
Амьдрах өдрүүд чинь ямар байхыг
Алсаас би зөгнөж чадахгүй ч
Эгэл шүлэгчийн амссан зовлонгоос
Эрхбиш хагас нь үлдэж магадгүй.
Насандаа миний үзээгүй жаргалаар
Наадан тоглох азтай ч гэлээ
Улиг болсон өнөөх л гачигдал
Улан доороос чинь ургаж мэднэ.
Гэрэл байваас сүүдэр байдгийн хуулиар
Гэнэхэн жаргал зовж болдог дуулиар
Гэр бүл хийгээд сэтгэлийн уйтгар
Гэтлэх аргагүй тулгарч ч мэднэ.
Атрын цэцэг мэт идэр насанд
Алтан зөгий мэт сархаданд хөлчөөд
Анхны уналтыг гэтлэхэд бэрх
Аймшигт өдөр ч ирж мэднэ.
Сартай нартай энэ хорвоо дээр
Сармагчин биш хүн гэгдэж явахад
Санаа зүүдэнд ч багтаа нь үгүй
Сайн саар учрал алийг тэр гэх вэ.
Хойчийн хүн чи тэр бүхэнд
Хотойлгүй бат зогсоорой
Дайсны довтолгоог өнгөрөөсөн цайз шиг
Дархан баатар чийрэг байгаарай.
Хоёр байтугай хорин хөлтэй байлаа ч
Хорвоод хүн бүдрэх үе байдаг юм.
Хойно нь хичээвэл далавчгүй ч гэлээ
Холхи өндөрт нисэх өдөр байдаг юм.
Уйлан хайлан хагацах өдөр байхад
Уяран баясан учрах өдөр байдаг юм.
Өнчин ганцаараа бүртийх өдөр байхад
Өнөр олуулаа бүжиглэх өдөр бас бий.
Ойр хавийнхандаа хараалгах өдөр байхад
Орчлон даяар ерөөлгөх өдөр ирдэг юм.
Ор дэрэнд ёолон хэвтэх өдөр байхад
Олны манлайд дуулан алхах өдөр бас бий.
Буу тулгуулаад бор гэрээ нэгжүүлээд
Буруут болон туугдаж гарах өдөр байхад
Залагдаж ирэх харь орны элчин мэт
Засгийн тэргээр хүргүүлж ирэх өдөр бий.
Энэ учраас дүү минь хүү минь чи
Элдэвт бат ажиршгүй зогсох хэрэгтэй.
Бүдэрвэл босож алдвал онож
Бүрэн төгс ялж явах хэрэгтэй.
Харин хэний хүү хэн ч төрсөн нэг өдөр байхад
Хариуд нь хэзээ хаа боловч, үхэх нэгэн өдөр зайлшгүй.
Үүний учир надаас хойших Хүн та
Үр бүтээлтэй зөв жаргаж амьдраарай !
URL: