ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ ҮҮ, ЭРЛЭГ ТАМЫН ЯВДАЛ УУ?
Урт гэж уйдахгүй бол уншаад үз. шүүмжийг чинь ингэж бичдэг юм ш дээ. найзуудаа.
Түүх товчхондоо ингэж эхэлнэ. 1981 он, ардын хувьсгалын 60-н жилийн ой. Сүрхий дуу шуу болоод бичгийн машин тачигнаж, тэр үеийн их удирдагчдын том хөргүүд, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын шийдвэр гарч халаасны хулгайч, биеэ үнэлэгч, архичин донтон нарыг баяр наадмын үеэр элдэв хэрэг төвөг гаргахаас сэргийлэх үүднээс цөллөгөнд явуулж байна. Кино кадрууд. Ширүүн усархаг бороо, Гитлерийн фашистуудын Еврейн хорих ангийг санагдуулам цагдаа нар, уран тастахаар араа шүдээ арзайлган тэмүүлэх ноход, машинд ачигдах эмэгтэйчүүд.
Яагаад ч юм бэ, “Шиндлерийн бүртгэл” илүүтэй санаанд орох. Ингээд л тэдний эрлэг тамын мэт амьдрал эхэлнэ. Архидалт, азгүйдэл, аймшиг, айдас… Яргуй янхан, Жоохноо хулгайч, Цоогий архичин, Саарлаа хүний наймаачин. Аз жаргал, инээмсэглэл, амьдралын гэрэл гэгээ, итгэл найдвар, зорилго тэмцэл бүгд харанхуй дотор живэн уусчээ. Ердөө л 1981 онд болж буй “түүхэн” хэрэг явдал. Тэр жил Монгол хүн сансарт нисэв гэснээс цөллөг, хорих лагерь, А. Солженицыны “Гулак олтриг”-д ч бичигдээгүй үйл явдал түүхэнд бодотоор өрнөсөн юм болов уу? Дахиад л орголт, орилолдоон, тэр чигтээ бүрэн бүтэлгүйдсэн амьдралын дурсамж, бараан бараан кадрууд. Хэрээний цуглаан мэт хашгиралдаан. Цагдаа, Жоохноо хоёрын ширүүн бороон доорх босоо секс. 1981 онд төрөх нь битгий хэл, төрлөө ч олоогүй одооны хүүхдүүд энэ киног үзээд толгой сэгсрэлдэнэ. Ямар “аймаар” цаг үед аав ээж та нар минь амьдарч байсан юм бэ? Энэ асуултыг гарцаагүй бидэнд тавихаар хэт туйлширсан хэрэг явдлууд. Урд Богд уул урьдын адил дүнхийнэ гэдэг шиг тэр цагийг үзэж туулсан БИДЭНД итгэхэд үнэхээр хэцүү.
1981 онд шүү дээ, хорих лагерийн хажуугийн замаар Солонгосын “EXCEL” давхиж явдаг шиг, эсвэл хөөрхий Чингис /киноны дүр/ хөлдөө энэ цагийн “CONVERS” кет өмсөөд гүйж байдаг шиг итгэхэд бэрх юм. Дахиад л дарга байрын нэгэн эр супер доторлогоотой УАЗ-469- тэй хорих лагерьт, хүүхэн хайгаад ирэх, дахиад л зодоон нүдээн, цус нулимс, мөн орилоон чарлаан. Шавар шавхай, гэнэт асгарах үнэмшил муутай ширүүн бороо. Энэ бүхэн тэр цагт амьдрал ийм л байсан гэж харуулах гэсэн далдын зорилго. Үгүй бол зүгээр л ийм хавчигдмал, ийм цөллөгийн, ийм эрх чөлөөгүй байсан гэж бодсондоо л итгээд биччихсэн үйл явдал. Эрлэг там мэт төсөөлөл. Гэтэл амьдралд бараанаас гэгээтэй нь илүү билээ. Тиймгүйсэн бол энэ олон зүдэргээт зууныг хүмүүн төрөлхтөн яахан давах. Амьдрал там юм бол А.Данте, Ж.Мильтон тэднээс бүүр ч өмнө Пифагор, түүнээс ч өмнө Заратустра, магадгүй Заратустрагаас өмнөх ХҮН яаж тэвчин амьдарсаар ирэх. “Үүрдийн мөнх юм шиг амьдралыг Сөрж зогсох зүрх бүхэн жаргалтай” гэсэн ядуухан үгтэй дууныхаа шүлэг шиг амьдралын хэт ядуу, хэт туйлширсан, заримдаа бүр утгагүй санагдах кино кадрууд үргэлжилнэ.
Нэг их амьдралын бэрх саадыг зөрж зогссон дүрүүд. Үнэмшилийн хязгаар аль хэдийнээ алдуураад зохиомол, албадмал болж ирэх өгүүлэмж. Дахиад л дэггүй хүүхдүүд чулуугаар нүүлгэх, танихгүй эмэгтэй нь охиныг тэврээд тавихгүй хэмээн зууралдах, нутгийн ардууд эсэргүүцэн шаагилдах. Юуг зөвтгөж болох вэ? Аргагүй шүү дээ, энэ чинь жирийн хүмүүсийн амьдрал биш, энэ чинь хорих газар. Тэнд үүнээс өөр юу байлгах гэсэн юм. Нус нулимс, орилоон чарлаан, гэмт хэрэг, доромжлол шигсэн газар шүү дээ. Тийм, ээ. Үнэн. Гэтэл саяхан нүүсэн сэтгэл мэдрэлийн эмнэлэг. Нүүлгүй үлдсэн Чингис. Яргуйд анхны харцаар дурлана. Тэр бол “Чингис бол агуу гайхамшигт хүн”. Ингэж хэлснээсээ болж Их сургуулиас хөөгдсөн, тэгээд эмнэлэгт хүчээр ирсэн залуу. Дэлхий даяараа улс төрийн зөөлрөл, Брежневийн хүйтэн дайны мөстлөгийн үеийн монголоос тийм нэртэй, тийм хохирсон залууг хаанаас гаргаад ирэв.
Тэр цагийг мэдэхгүй хүүхэд багачуул бол итгэнэ. Үнэхээр Чингисийг алуурчин гэж сурталчилдаг байсан үзэл суртлын хатуу бэрх нийгэм шүү дээ аргагүй гэж бодно. Түүхэн үнэн тэгвэл “хүүхдийн тоглоом” мэт болжээ. Хэн дуртай нь өөрийн үзэмжээр түүхийг бүтээж, түүнийгээ “үнэн” гэж итгүүлэхийг хүснэ. Кино бодлого байхгүй үндэстний хувь заяагаар киногоор дамжуулж тоглож болдогийн наад захын жишээ” Зэрлэг цэцэгсийн хүлэмж”. Ямар түүхээ яаж харуулахаа хүртэл энэ гадаадын олон улс өөрийн дотоодын бодлогоор зохицуулаад байна. Дээхэн үеийн түүх-уран сайхны харьцаа энэ тэр хэмээн заадаг номлодогийг бүр тас мартаж орхие гэхэд кино үнэн гэдэг амьдралын хуулийг зөрчих хэрэггүй л байсан юм. Үнэндээ андуураагүй бол 1981 онд Чингисийн тухай арай өөрөөр ярьж эхлээд, ядаж л Д.Пүрэвдорж гуай алдарт ” Чингис “ шүлгээ, Л.Махбал гуай “Чингисийн гэрэлт хөшөө”-гөө аль 10-аад жилийн өмнө сүндэрлүүлчихсэн хэрэг явдал шийдэгдэж, он цаг наашлаж, үзэл өөрчлөгдөж эхлээд байсан түүхэн үнэнг яах вэ? Хэрэв Чингис алуурчин гэж хэлэхгүй бол Их сургуулиас хөөж, сэтгэцийн эмнэлэгт хорьдог үе лав 1981 он байгаагүй.
Ер нь тэр хорьдугаар зууны 80-аад онд Чингис шиг тэрслүү үзэлтэй залуучууд Маахуур толгой, Их бага тойрог, Сансарын туннель, 40,50 мянгатын хаа сайгүй чанамал жийнс өмсөөд, рок панк хоёрын зах зухтай болчихсон, пянзнаас кассет руу шилжчихсэн, хэл нь загатнаж, гар нь зангирч явсан гэдгийг би бараг л гадарлана. Монгол кино сэргэж байгаад, үзэгчид үндэснийхээ кинонд дуртай болж байгаад “Тэнгэрийн продюссер”, “Хоёулаа унтах уу”, “Оюутны нууц амраг” сүржин нэртэй үнэн даржин кинонуудаас арай өөр “Аравт”, “Ану хатан”, “Дүүлэн нис” зэрэг “Red One”-аар зургийн аваагүй ч /авсан байж магад, гэхдээ энэ гол нь биш / эвлэгхэн кинонууд бүтээгээд байгаад олон хүн сэтгэл хангалуун байлаа. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн хувьд ч үзэгчдийн хүлээлт ч тийм л хандлагатай байсныг нийгмийн сэтгэлзүй гэрчилж байв. Кино анх дэлгэцэнд гарсан цагаас хойш гол дүрийн жүжигчдийн хэвлэлд өгсөн ярилцлагуудаас “хүн чанар”, бүтээсэн дүрүүд нь зовлон бэрхшээл дунд ч хүн чанараа алдаагүй тухай бас “хүлэмжинд зэрлэг цэцэгс ургадаггүй “гэх шүүмжлэл өрнөөд байгаа тухай уншиж эхэллээ. Хэд хэдэн зүйл огт ойлгосонгүй. Эхлээд “манай киног үзээд уйлж дуулах” болно хэмээн сурталчлав. Яагаад ухаарч ойлгох болно гэж хэлсэнгүй вэ? Энэ асуултыг ингээд орхиё. Бүгд тодорхой учраас. Кино кадрууд үргэлжилсээр. Дахиад л орилоон чарлаан, гэр шатлаа, дотор нь жаахан охин бий, аав согтуу гэрээ шатаажээ. Хэн ч шатаж буй гэр лүү орж эс зүрхлэнэ. Хүн чанараа алдаагүй учраас манайхан бүгдээрээ хүүхдийг галаас аварч цусаа өгцгөөнө. Бусад хүмүүс… Тэд хүн чанаргүй… Тэгэхээр хүн чанараа алдаагүй учраас Жоохноо халаасны хулгайч, хүн чанараа алдаагүй Цоогий архичин, хүн чанараа алдаагүй Саарлаа хүний наймаачин, хүн чанараа алдаагүй Яргуй бие үнэлэгч болж таараад байна. Бусад нь хүн чанараа алдсан учраас тэр нийгмийн бурангуйг хүлцэн тэвчиж, дуугүй, хүлээн зөвшөөрч, уриа лоозон хашгираад амьдарч байсан гэх ухуулга юм уу, тийм үзэл суртал ханхална. Хэлэх гээд байгаа санаагаа тэгж хүчээр тулгаж орхино.
Буруу л даа. Хэрэв киноны турш дүрүүдийн туулсан зовлон хийсэн үйлийг нь цагаатгаж болох үндэслэл юм бол хүн чанараа алдаагүй нь том өршөөл юм бол бидний нүгэл буяны тухай тогтсон ойлголтууд шууд үгүйсгэгдэнэ. Эртний сайхан зохиол Чойжид дагины туужид “ Бас тэр хөгшин янхан эмд Эрлэг номун хаанд зарлиг болруун:- Аяа хөгшин янхан чи ертөнцөд хүний биеийг олж төрсөн боловч мал адгууснаас доор ичгүүр сонжуургүй садар самуун муу нүгэлт үйлийг насаа дүүртэл үйлдсэнээр барахгүй ариун журамтай хүний охиныг худалдан авч… зодож өлбөрүүлэн үхүүлсэн тул эм хар янхансын төрлийг долоо дахин авахуулагтун хэмээн зарлиг болсонд эрлэгийн зардсууд зүг зүгээс хашгиран дайрч дэгээдэн авч явахуйд тэр хөгшин янхан эм цааш харж:- хүний орчлонд одогсод бий бөгөөс эмс охидод олз ашиг олохыг хичээж бузар садар самуун явдлыг хийж биеэ бүү худалдагтун хэмээн захиарай гэж орилж бархирсаар сарвалзан явж одно… УМ. МА. НИ. БАД. МЭ. ХУМ” гэсэн хэсэг бий. Энэ зохиолд л лав тэр хөгшин эмд өршөөл уучлал үгүй. Учир нь хийсэн үйл л үнэн. Харин “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хийсэн буруу үйл бүхнийг ямар нэгэн байдлаар цагаатгах гэж цайруулах гэж хиймэл жүжиглэлтүүд, ядмаг харилцан яриа үргэлжилнэ. Үнэндээ үйлийн үрийн боловсролтой монгол хүн тэгж дэндүү хөнгөн сэтгэмээргүй санагдаад байлаа. Гэтэл 1980 оны Москвагийн Олимп. Александр Галены “Өглөөний тэнгэрийн од” жүжгийн зохиол. Олимпийн үеэр Москвагийн биеэ үнэлэгчдийг хотоос зайдуу хуучин сэтгэцийн эмнэлэгт хорьжээ. Аргагүй л Христ төвлөг сэтгэлгээний гэм нүглийг өршөөх үзэл, уучлалууд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ээс анзаарагдаад байсны учир энэ байжээ. Үндсэн үзэл санаа нь “харь” гэдгийг 80 хуудас зохиол болгож бичсэн гэх жүжигчин бүсгүйчүүд анзаарсангүй. Үр санаа нь бусдынх байж болно. Харин үзэл санааг нь өөрийн болгох байжээ.
Яг л Пифагорын аргаар. Пифагор нүх ухаад ээжээрээ хоол зөөлгөж, хотын сонинг сонсоод олон сар тэндээ хэвтжээ. Хүмүүс түүнийг там руу явсан гэж боджээ. Харин дараа нь турж эцсэн Пифагор нүхнээсээ гарч ирээд тамын амьдралын тухай, бас хотын хүмүүсийн амьдралд тохиолдсон явдлуудыг ч ярьжээ. Хүмүүс түүнийг тамын оронд очоод ирсэн гэдэгт шууд итгэжээ. Яагаад гэвэл тэр дээр доор болсон хамаг хэргийг мэдэж байсан учраас. Үнэмшил төрүүлэх уран сайхан гэдэг ердөө энэ. Гэтэл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-нд даанч үнэмшилтэй цэцэг ургасангүй. Харин эрлэг там мэт амьдралын бараан кадрууд, дахиад л харанхуй, хүйтэн бороо, шавар шалбааг, ардын нөхөрлөлийн гишүүний хяналт, түрүү морь үзэх эрхгүй хөөрхийс. Эцэст нь бүгд эрхгүй эргэлзэхэд хүрнэ. Тэгээд л… Түүх товчхондоо ингэж төгсөнө. Гэвч махийж тахийсан нэг том асуулт үлдээнэ.
ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ ҮҮ, ЭРЛЭГ ТАМЫН ЯВДАЛ УУ?
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2013-11-26
URL: