Монгол хүн мөнгөтэй байж “болохгүй”

f3d0ed09cb777b9fbig-Хуулийг яах гэж гаргадаг вэ?
-Зөрчих гэж.

Ингэж хариулбал уншигч та гайхах байх. Гэвч сүүлийн үед батлагдаж буй хууль амьдралаас хол, хэрэгжих нөхцөлгүйгээс болж иргэдийг элдэв торгууль, шийтгэл рүү түлхэх нь ихэслээ. Алдарт зохиолч Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” бүтээлд “Хуулийг хүмүүс зөрчсөнөөр тэднийг шийтгэж буй төр засаг хүч бяраа харуулах боломж тохиодог. Ийм учраас огт хууль зөрчдөггүй ард түмэн төрд хэрэггүй. Хууль ойлгомжгүй байдгийн учир энэ” гэсэн утга бүхий үгс бий. Зууныг сэрээсэн зохиолчийн дээрх үгс яах аргагүй амьдрал дээр батлагдаад байна.

Татварын хууль гэхэд нэг заалтаараа биднийг татвар төлөхийг шаарддаг бол нөгөө заалтаараа татвараас хөнгөлнө гэдэг, гэтэл өөр нэг хэсэгт нь биднийг буруутгах заалт явж л байдаг. Үндсэн хуульдаа Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, хуулиас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж заажээ.

Ийм байтал олон улсын конвенцийн шаардлагаа биелүүлж байгаа нь энэ гээд хэнийг л бол хэнийг банкаар хийсэн 20 хүртэлх сая төгрөгийн гүйлгээг нь шалгах, сэжигтэй бол гүйлгээг нь түдгэлзүүлнэ, мөнгийг нь хураана гэж хуулийн өөрчлөлтөөрөө заачихаад байна. Өвлийг өнөтэй давсны баяраа тэмдэглэхээр хотол олноороо яарч байхад мөнгө олдог, түүнийгээ үржүүлж эх орныхоо хөгжлийг түргэтгэдэг бизнесмэнүүдийг чөдөрлөх цааз Төрийн ордноос гудамж тийш яарч буй нь энэ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хэмээх энэ хуулийг ирэх сарын 10-наас өмнө Монгол Улс батлахгүй бол хар жагсаалтад бичигдэж, гаднаас орох мөнгөний урсгалаа хаалгахад хүрэх талаар хууль тогтоогчид бас ярьж байна. Учир нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас манай улсад сүүлийн таван жилийн турш хууль журмаа олон улсын конвенцийн шаардлагад нийцүүлэхийг шаардсаар иржээ.

ГАДААДЫНХНЫ ШАХАЛТААР БИЗНЕСИЙГ БООМИЛОХ НЬ

Олон улсын байгууллагаас шахаж шаардаад байгаа шиг манай улс уг нь терроризмтэй, эсвэл элдэв шашны мөргөлдөөнтэй биш л баймаар. Харин ч дэлхийн хамгийн тайван, амгалан улсуудын нэг гээд хэлчихэд хилсдэхээргүй биз.

Иймд манай улс харийнхны заавраар хуулиа өөрчлөх хэрэггүй гэж үзэж буй хүмүүс олон байна. Харин ч ийм хууль баталж иргэнийхээ хамаг юмыг шалгана гэдэг төрийн дарамтыг ихэсгэхээс өөр ид шидгүй. Уг нь эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес нь аль болохоор чөлөөтэй байх тусам хөгжиж байгаа улс орнуудын жишээ байна.

Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Бид олон улсын практик, дэг жаягийг нь дагасан хууль гаргая. Түүнээс биш бизнесийн эрх чөлөө, иргэний эрх чөлөө, бизнесийн нууц руу халдсан алхам хийх тусам л манайд мөнгө тогтохгүй, бизнес хөгжихгүй” гэж хэлсэн нь бий.

Монголоосоо мөнгө зугатаалгадаггүй хуулийн орчныг бий болгох нь чухал гэдгийг тэрээр онцолсон юм. Улс орон бүр хөрөнгө оруулалт, мөнгөнд анхаарлаа хандуулж, түүнийг өөртөө татахын төлөөх өрсөлдөөн хүчээ авч байхад манайх шиг мөнгийг өөрөөсөө түлхэх бодлого хэрэгжүүлж байгаа нь хэд бол. Лав л Сингапур улс дотоодын бизнесмэнүүдийнхээ мөнгөний урсгалыг боомилох конвенцоос татгалзсан байна лээ. Гэтэл бид одоо дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод Хууль зүйн байнгын хорооны дарга нь хүртэл хэлэх үггүй болоод байна.

МОНГОЛЧУУД ИЙМ ХУУЛЬ ХҮЛЭЭГЭЭГҮЙ

Хууль батлахдаа олон нийтээрээ хэлэлцүүлж, ард түмнийхээ дуу хоолойг сонсч, тусгаж байя гэж Ерөнхийлөгч нэг бус удаа хэлсэн. Том төрөөс ухаалаг төр лүү шилжиж, дарлагдсан ард түмэн хэмээн нэрлэгдэж буй бизнесмэнүүдийг төрийн элдэв дарамт шахалтаас хөнгөлөхийг тэрээр бас уриалж байв. Үүнийг зөрүүлээд төр нь бизнесмэнүүддээ гай болох, банкаар дамжуулж буй гүйлгээг нь хянах, шалгах зэргээр дарамтаа үлэмж нэмэх нь.

Үнэн хэрэгтээ надаас, танаас санал авч байж хуулиа баталдаг болно гэсэн төр маань олон улсын конвенцид нэгдсэн гэдэг шалтгаанаар та биднийг санхүүгийн бөөн хяналт, шалгалтаар дарах гэж байна. Монголчууд ийм хуулийг уг нь төрөөсөө хүлээгээгүй. Харин ч эх орондоо мөнгө оруулдаг, үржүүлдэг, хөрөнгө оруулалт татдаг, таатай хөрсийг л хүссэн юм. “Олон улсын конвенцид нэгдэн орсноороо Монголын бизнесмэнүүдэд гай болох биш, нэмэр тус болох хууль гарах ёстой.

Хууль зүйн байнгын хорооны даргын хэвлэлд өгсөн ярилцлагыг харахад энэ хуулийг бид маш яаралтай батлахгүй бол Англи улсын Элчин сайдын яамны данс хаагдлаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр нь янз бүрийн шахалт байж болно гэсэн санаа өгсөн байна лээ. Тийм ч байж болзошгүй” хэмээн УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар хэлсэн юм. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийн хэлснээр бол дээрх хуулийн өөрчлөлтийг хийхгүй л бол өнөөх хар жагсаалтаас гарахын тулд бүр ч олон хуулийг чангатгаж өөрчлөх шаардлага тулгарах юм.

“Жирийн иргэнийхээ хувьд байр сууриа хэлэхэд, болж л өгвөл яг ийм заалтуудыг хуульчилмааргүй байна” гэж тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Хүсээгүй хуулийн заалтаа хүсээгүй хуулиа гадаадынхны шахалтаар заавал батлах, хэрэгжүүлэх хэрэг байна уу.

САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБА БУЮУ УХААЛАГ ТӨРӨӨС ТОМ ТӨР ЛҮҮ

Том төрөөс ухаалаг төр лүү нүүх Монголын нүүдэл эсрэгээрээ эргэж эхэлж буйн нэг илрэл нь энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан Санхүүгийн мэдээллийн алба юм.

Энэ алба нь банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, хөрөнгө оруулалтын сан, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны зах зээлд оролцогчид, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, нотариатчаас 20 сая төгрөг болон түүнээс дээш хэмжээний үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээг шинжилж, сэжигтэйг нь хууль сахиулах байгууллагад шилжүүлэх юм.

Энэ албанд эрх бүхий байгууллагын хууль сахиулах байгууллагын төлөөллийг ажиллуулна гэж байгаа. Эцэст нь монгол хүн мөнгөтэй байсныхаа төлөө шалгуулж, хянуулж, бүр эгзэг нь таарвал терроризмыг санхүүжүүлэгч байх магадлалтай хэмээн сэжиглэгдэж энэ насандаа үзээгүйгээ үзэхэд ойрхон хууль ийн яригдаж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн Монголдоо мөнгөтэй байж “болохгүй” нь.

Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих