Орон сууцны нэг давхарт баар ажиллуулах зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар шийдвэрлэлээ

049c520ad6610c7fgreatНийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар  Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд хөшөө байрлуулах тухай, нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай, нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, Улаанбаатар–Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын төслийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулсан юм. Энэхүү журмаар нийслэлийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, хоол үйлдвэрлэл үйлчилгээний төв, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, гудамжны жижиг худалдаа зэрэг бүх төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгосон байна. Гар дээрээс болон  нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн худалдаа үйлчилгээ эрхлэх асуудлыг энэхүү журмаар цэгцэлнэ гэж хотын Ерөнхий менежер онцоллоо.  Мөн журмыг хэрэгжүүлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж, хяналт тавих үүргийг нарийн тусгажээ.

Тодруулбал, журмыг хэрэгжүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар харъяа дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” удирдан зохион байгуулна. Зөвлөлийн дарга нь дүүргийн тухайн асуудал хариуцсан Засаг даргын орлогч байх бөгөөд зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн, ажил үүргийн хуваарийг дүүргийн Засаг дарга баталж байхаар тусгасан байна. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд нь үйл ажиллагаа, мэргэжлийн чиглэлээр хоршин нэгдэж, зохион байгуулалтын дэвшилтэт хэлбэр, шинэ үйлчилгээ, техник технологи, инноваци нэвтрүүлсэн тохиолдолд зохих хууль тогтоомж, журмын дагуу санхүүгийн хөнгөлөлттэй зээлд хамруулах, үзэсгэлэн худалдаанд төлбөргүй оролцуулах, хэвлэл мэдээллээр үнэ төлбөргүй сурталчлах, шагнал урамшуулалд тодорхойлох гэх мэтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас урамшуулж байхаар оруулжээ. Харин худалдаа, үйлчилгээний газруудад зориулалтын бус лангуугаар төрөл бүрийн салат, хадгалалтын хугацаа богино, түргэн гэмтэж муудах хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаалах, кассын дэргэд тамхи худалдах, тамхины төрөл бүрийн урамшуулалт худалдаа зохион байгуулахыг хориглосон байна. Түүнчлэн орон сууцны нэг болон суурийн давхарт диско, караоке, билльярд, баар  зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ шинээр нээж ажиллуулахыг хориглоно гэж тусгажээ.

Сар шинийн болон үндэсний баяр наадмын үеэр айраг худалдаалах,  ууц, өвчүү, мах чанах зэрэг үйлчилгээ эрс нэмэгддэг. Харин энэхүү журамд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зориулалтын бус ажлын байранд айраг худалдаалах,  ууц, өвчүү, мах чанах  үйлчилгээг хоригложээ. НИТХ-ын Тэргүүлэгчид  энэхүү асуудлыг хэлэлцээд, “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг баталлаа. Журам  2014 оны 2 дугаар сарын 1-нээс мөрдөгдөх юм.

Улаанбаатар-Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа
Нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад зээл олгох,  нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, орон сууц нэн шаардлагатай ахмадуудад түрээсийн байр олгох зорилгоор “Улаанбаатар-Орон сууц сан” болон сангийн ажиллах журмыг НИТХ-ын 2013 оны 9/37 дугаар тогтоолоор баталсан юм. Журмын дагуу сангийн үйл ажиллагааг удирдан явуулах сангийн зөвлөлийг байгуулж сангийн үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай болсон байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиаргч Э.Бат-Үүл сангийн зөвлөл байгуулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьжээ.
НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд Улаанбаатар-Орон сууц сан-гийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Сангийн зөвлөл нь 14 гишүүнтэй бөгөөд зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг дарга ажиллах юм байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн бусад асуудлын  товч
  • НИТХ-ын МАН-ын бүлгээс Наймдугаар болд Жавзундамба хутагтын хөшөөг ХУД-т байрлах Богд  хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах саналыг орууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны 164 дүгээр тогтоолоор Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн VIII Богд гэгээн Жавзандамба хутагтын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хөшөөг нь Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байрлуулах шийдвэр гарч, Үндэсний эрх чөлөөний  102 жилийн ойн өдрөөр шав тавьсан юм. МАН-ын бүлгээс гаргасан саналыг дэмжих эсэх тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн санал хураахад олонхийн санал аваагүй учир НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны 164 дүгээр тогтоолыг хэвээр үлдээлээ.
  • Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу  баригдаж ашиглалтад орсон ХУД-ийн 52, БЗД-ийн 120 дугаар сургуулийн өргөтгөл, барилга байгужламж эд хогшлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан БГД-ийн 35 ортой хүүхдийн эмнэлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ.
  • Уламжлалт сар шинийн баярыг тохилдуулан нийслэлийн Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тус салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан “Баялаг жимс” ХХК, “Сэнжит оюу” ХХК-ийг нийслэлийн “Тэргүүний тариаланч” хамт олноор, Налайх дүүргийн 4-р хорооны иргэн  А.Мунзарь, СХД-ийн иргэн Ч.Даваа, ХУД-ийн иргэн Д.Баатарзул нарыг нийслэлийн “Шилдэг тариаланч”-аар, СХД-ийн иргэн “Сүүн далайн” ХХК-ийн фермер Д.Жингүүн, “Түмэн үхэрт” хоршооны фермер Б.Түмэндэмбэрэл,  Нион шель ХХК-ийн фермер Т.Далантай,  СХД-ийн иргэн Ш.Батсайхан ХУД-ийн 12-р хорооны иргэн Баттөмөр Налайх дүүргийн иргэн Г.Гансүх нарыг нийслэлийн “Тэргүүний фермер”-ээр тус тус шалгарууллаа.
  • НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу НИТХ-ын ээлжит хуралдааныг  сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт  тогтмол хуралдуулдаг. НИТХ-ын ээлжит 14-р хуралдаан 12 сарын 26-ны Пүрэв гарагт хуралдсан ч МАН-ийн бүлгээс завсарлага авсан учир НИТХ-ын 14-р ээлжит хуралдааныг 1 сарын 23-ны Пүрэв гарагт үргэлжлүүлэн хуралдуулахаар НИТХ-ынТэргүүлэгчдийн тогтоол гарлаа

URL:

Сэтгэгдэл бичих