Далай лам Монгол дахь Солонгос номлогчдод сануулга өгчээ

Дээрхийн Гэгээн Далай лам энэ сарын 5-8-нд Энэтхэгийн Бангалор хотын Хамба лам Коттоны нэрэмжит сургуульд болсон англи-энэтхэг сургуулийн захирлуудын бага хуралд оролцож, үг хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн “Хүндэт нд тулгарч байгаа ихэнх бэрхшээл асуудлыг бид өөрсдөө үүсгэсэн байдаг. Хүмүүсийг манай, танай болгон хуваах нь хүчирхийлэл, худал хуурмагт хүргэдэг. Энэ нь бас авилга гарах шалтгаан болж байгаа юм. Дан ганц ном уншиж, залбираад хүчирхийллийг зогсоож чадахгүй” гэж яриагаа эхэллээ.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн бурхны шашинтан хүний хувьд бусад шашныг ч хүндлэн, бахархдаг гэдгээ дурдаад “Бүх шашин хайр сэтгэл, тэвчээр хатуужил, сахилга батын талаар сургадаг. Тэдний гүн ухааны хандлага нь зөвхөн хүмүүс өөр өөр орчинд амьдран, өөр өөр зан араншин, ёс заншилтай болохоор л ялгаатай байдаг. Гэхдээ бүх шашин шүтлэг уур хилэн, үзэн ядалтын эсрэг хайр сэтгэл, өршөөл энэрлийг сөргүүлэн тавьсан байдаг. Ямар ч шашны зорилго нь бүх нийтийн сайн сайхан байдаг тул шашны нэрийг барьсан сөргөлдөөнийг зогсоох хэрэгтэй. Энэтхэг бол олон шашинт хүмүүс энх тайвнаар зэрэгцэн амьдрах жинхэнэ үлгэр жишээ болсон газар. Мянга гаруй жил энд янз бүрийн шашинтнууд энхтайвнаар оршин, цэцэглэн хөгжиж байна.

Христосын шашинт ах эгч нар маань дэлхий дахинд боловсролын хөгжилд их хувь нэмэр оруулж байна. Гэхдээ заримдаа энэ үйл хэргийнхээ хажуугаар бусдыг өөрсдийн шашинд оруулах гэсэн зорилго байна уу даа гэж надад бодогддог. Жишээ нь, саяхан би Монголд ажиллаж байгаа солонгос христосын номлогчид нутгийн иргэдийг өөрийн шашинд оруулах гэж оролдсон талаар дуулж мэдлээ. Би тэдэнд Монгол бол бурханы шашинт орон. Хэдийгээр христосын шашинтнууд боловсрол, эрүүл мэндийн салбарыг тусалж дэмжиж байгаа нь бахархалтай ч үүнийхээ төлбөрт шашиндаа оруулах гэдэг нь байж болохгүй асуудал гэж хэлсэн. Би Хойд Америк, Өмнөд Америк, Европ гээд олон газарт лекц уншдаг. Гэхдээ би христосын шашинтай орнуудад лекц уншихдаа хүмүүс өөрийн төрөлх шашиндаа үлдсэн нь дээр шүү гэдгийг үргэлж онцолж хэлдэг. 1960-аад оны үед Түвдийн цагаачид зөвхөн зам засварын ажилд л орж чаддаг хүнд үе байсан.
Би Түвдийн Засгийн газрын нэгэн гишүүний ар гэрийнхэнтэй танил байлаа. Түүнийг нас барсаны дараа гэрийнхэн нь их ядуу зүдүү амьдарч байсан юм. Гэтэл түүний бэлэвсэн эхнэр нь над дээр ирээд “Христосын номлогч нар хүүхдүүдэд нь боловсрол олгоод их тусалсан. Тиймээс би энэ насандаа Христосын шашин шүтнэ, Харин хойд насандаа заавал буддын шашинтан болно” гэж хэлж билээ. Харж байгаа биз дээ, түүний толгой бүр эргэчихсэн байгаа юм. Дэлхийд байгаа долоон тэрбум хүний нэг тэрбум нь шашин шүтдэггүй гэсэн тооцоо бий. Үнэнийг хэлэхэд үлдсэн зургаан тэрбум дотор ч яг жинхэнэ шүтлэгтэн ховор байгаа. Тэд ном мөргөл уншдаг ч авлига авч, муу юм хийсээр л байна. Би Кубын нэгэн цагаачтай уулзахад тэр өдөр бүр Фидель Кастрог аль болох хурдан диваажинд яваасай гэж залбирдаг гэж байсан. Бид ч гэсэн бүх авлигач, мөнгөөр өөрийгөө худалдсан хүмүүс хурдан түргэн диваажинд морилоосой гэж залбирах хэрэгтэй ч байж болох юм” гэж ярьлаа.

Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгт бүх шашин, шүтлэг болон шүтлэггүй хүмүүст ижил тэгш ханддаг хууль байдагт талархал илэрхийлээд энэ бол орчин үеийн ямар ч нийгэм үлгэрлэн дуурайх зүйл гэж үнэллээ. Далай лам авлига, хээл хахууль өмөн үү өвчин мэт бүх дэлхийг идэж байна. Түүнтэй тэмцэх хэрэгтэй, зүгээр орхиж болохгүй гэж захилаа. Гэгээнтэн Энэтхэгийн парламентийн гишүүнтэй уулзан, яагаад ядуучуудад хангалттай туслахгүй байгааг асуухад тэр хөрөнгө мөнгө гаргаж байгаа, харамсалтай нь ихэнх хөрөнгө замдаа түшмэлүүдийн халаасанд орчихоод байна гэж гомдоллосныг яриад Хятадад ч байдал ийм байгаа, бид авлига бол хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг ойлгох хэрэгтэй, тэмцэх ёстой гэж онцолсон.

М.Сугар-Эрдэнэ

URL:

Сэтгэгдэл бичих