Хангуг кинонд эзлэгдсэн Халхын телевизүүдэд бодлого гэж алга
Монголчууд үзэл суртлын хүлээснээс салснаа бахархан ярих дуртай ч түүнээсээ Доор гадны соёлд тархиа угаалгаж байгаагаа хэрхэн ухаарч байна вэ. Ардчиллаар олдсон бүхэн ариун тунгалаг байдаггүй ажээ. Нөгөө үзэл суртлын онолч В.ИЛениний “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэж хэлсэн нь одоо л монголчуудад үнэн мөнөөрөө ойлгогдож эхэллээ. Кино урлаг гэдэг нийгмийн амьдралд ямар их нөлөө үзүүлдэг нь сүүлийн жилүүдэд монголчууд бидний сонирхох болсныг солонгос кинонуудын жишээ харуулж байна. Тухайн үедээ ялан дийлсэн, баатарлаг үйл явдал, амьдралын үнэн мөн чанарыг өгүүлсэн хуучнаар ЗХУ-ын Мосфильм, Ленфильм, Горкийн, Довженкийн нэрэмжит кино үйлдвэрт үйлдвэрлэсэн кинонуудыг шимтэн үзээд сурчихсанаа буруутгах аргагүй.
Гэтэл өнөөдөр кино театрт бус гэртээ телевизийн суваг бүрийг нэгжиж юу сонирхсоноо үзэх боломж бүрджээ. Түүн дотроос биднээс тэс ондоо соёлтой, ахуй амьдралын хэв маяг өөр Солонгосын киног бусдаас илүү шимтэн үзэж донтох болсон нь хэрээс хэтэрлээ. Зарим нь бүр ажлаа орхиж анги бүрийг нь алгасахгүй үздэг гэх. Гэр бүлийн дотор солонгос киноны төлөө хүүхдүүдтэйгээ суваг булаацалдан маргалдах нь ердийн л үзэгдэл. Монголчууд аливаа киноны үйл явдлаас амьдралдаа тусгаж “Хүргэн хүүгийн Жамц баян”, ‘ТунгалагТамирын Итгэлт баян”шиг гэж ярих нь бий. Тэгвэл солонгос киноны “Хангуг” шиг гэж ярих болж байна уу. Солонгос кино нь тулга тойрсон ахуйн аар саар амьдральн хэтэрхий сунжруу тусгасан байдаг нь цаг барсан, хийх ажилгүй хүмүүсч зориулагджээ гэж ажиглагдахаар.
Манай телевизүүдийн Дэлгэцээр бараг бүгдээр нь солонгос кино гарч байгаа. “Чиний дуу хоолой”, TV5-aap “Шилдэг нь шүү, И Сү Ши”, ETV сувгаар “Хар санаа хайр сэтгэл”, MN- 25 сувгаар “Морины эмч”, NBS сувгаар” Дэггүй Чао” олон ангит кинонуудыг нэрлээд байвал дуусахгүй. Зарим нь 52 дахь анги дээрээ явж байна билээ. Тэдгээр кинонуудын сэдэв, үйл явдал нь өнөөх л бүтэлгүй гэр бүл, нэгнийхээ компанийг дампууруулж сэтгэл ханаж байгаа үйл явдлыг харуулах жишээтэй. Бидний хойч залуу үе үүнээс ямар сургамж авч байгаа нь тодорхой. УБИС-ийн нэгэн сэтгэл судлаач багш “Манай залуучууд солонгос киноноос “хамтран амьдрагч”, “гэр бүлийнхнээ омогдох” зэргийг сурч авсан. Хүүхдүүд гэрээсээ хонуутаар явах, PC тоглоомд дурлах болсон зэрэг муу нөлөө их бий” гэж ярьсан нь оргүй зүйл биш ажээ. Өнөөдөр манай эцэг эхчүүд хүүхдүүдээ юу үзүүлэхээ ялгаж салгаж мэддэгтүй. Зэрэгцэж суугаад үзнэ , эддэв эротик хэсэг дээр хүүхэд нь “муухай” гээд нүүрээ дарчихаж байх жишээтэй.
Европ болоод гадны соёлт оронд хүүхэдтэйгээ хамт кино үзэх нь байтугай найман цагаас хойш телевиз үзүүлдэггүй гэдэг. Манайхан үүнийг авч хэвшүүлмээр юм билээ. Өнөөдөр солонгосчууд манай зах зээлд киногоо дэндүү ихээр шахаж байна. Телевизүүд эфирийн цагаа тэдний киногоор дүүргэдэг болсон. Үүнийг зохицуулах учиртай Харилцаа холбооны зохицуулах газар гэгч байгууллага тагчиг. Сүүлийн үед манай киноны уран бүтээлчид солонгос загварыг хуулбаралсан олон ангитай, өнөөх л уйлагнасан, залуусын бүтэлгүй хайр сэтгэлийг харуулсан телевизийн цуврал үйлдвэрлэснээ уран сайхны бүрэн төгс кино гэж сурталчлах болжээ. Бид өөрсдөдөө Солонгосын амьдралыг сурталчлах бус өөрийн орны баатарлаг түүхэн уламжлалыг харуулж болох өргөн сэдэв бий. Түүгээрч зогсохгүй монгол эмэгтэйн үзэсгэлэн, ичимтгий хэрнээ ааль аашаараа уяруулсан нандин чанарыг солонгос киноны уйлагнасан хүүхнүүдтэй адилтгаж болно гэж үү.
Бас болоогүй ээ, зохиомлоор их л баатарлаг ард түмэн байснаа харуулах гэж түүхэн сэдвийн олон кино хийснээ мөн л манай телевизийн дэлгэцүүдээр цацсаар байгаа. Түүхээ бодоход ч монголчууд бид тэдэнтэй яаж эн тэнцэх билээ дээ. Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Б.Балжинням нэгэн ярилцлагадаа “Зөвхөн ганц Чингис хаан биш, Монголын үе үеийн олон хаадаар кино хийх хэрэгтэй. Тэгж байж бид бусдад өөрсдийнхөө хүчирхэг явсныг таниулах ёстой. Даанч барьж авч хийх зоригтой хүн алга байна даа. Улсаас үүн дээр хөрөнгө мөнгө гаргах хэрэгтэй юм шүү” гэж ярьж байхыг сонссон. Хэдэн жилийн өмнө ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Доголон Төмөр хаан” зэрэг хаадын түүхэн киноны хэд хэдэн зохиол бичсэнээ ярьж байсан. Монголчууд 100 шахам жил Европын соёлыг илүүд шүтэж ирсэн байтлаа өнөөдөр телевизийн суваг бүрээр нь солонгос кино, хотын гудамжаар нь солонгос дэлгүүр, зоогийн газар ирийж, лангуу нь савалсан бэлэн хоолоор дүүрэв гэдэгт хамаг учир байна.
Аливаа улс гүрнийг татахад хүмүүсийнх нь тархи, ходоод хоёрт түрүүлж хүрэх хэрэгтэй гэсэн философи байдаг гэдэг. Монголын телевизүүд үзүүлэх юмгүй дээ солонгос кинод эзлэгдээгүй нь лавтай. Хоёр орны соёлын харилцаа, уран бүтээлээ харилцан солилцох олон хэлбэр бий. Тэгэхдээ иргэдэд хамгийн ойрын мэдээлэл өгөх зориулалтын телевизүүдийн суваг бүрээр нь Солонгосын олон ангит кино үргэлжлэн гарах болсныг сайшаах нэгэн байхад, таашаадаггүй нь олон ажээ. Өнөөдрийн монголын телевизүүд ихэнх цагаа реклам сурталчилгаанд зориулахын зэрэгцээ Төрийн ордны хэлцэл, хэрүүл мэргэн цэцэн улстөрчдийн яриа нэг бол хоол хийж үзүүлэх, хошин шогчдын элдэв маяглалаас хэтрэхээ байжээ. Телевиз үзэгчид бүхнийг тунгааж, авах гээхийгээ мэддэг гэдгийг телевизийн уран бүтээлчид ухаарахад илүүдэхгүй болов уу.
URL: