Галт зэвсэг импортлох зөвшөөрлийг доод тал нь таван компанид өгнө

e1aa7f053e69f171f1673070773465bd_LМонгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 галт зэвсэг өнгөрөгч 2013 онд бүртгэгджээ.

Засгийн газраас Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад байгаа. Учир нь галт зэвсгийн эзэмшил бүртгэлийг зориулалтаар нь ангилан, холбогдох байгууллагуудад харьяалуулах шаардлага тулгараад байгаа юм.
2013 оны байдлаар нийт Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 галт зэвсэг бүртгэгджээ. Зориулалтаар нь авч үзвэл ан агнах 44306, харуул хамгаалалтын 1598, спорт сургалтын 619, үзмэр, урлагийн 260, цуглуулгын 199 ширхэг галт зэвсэг байгаа аж.
Монгол Улсын хэмжээнд 2010 онд 40894, 2011 онд 43768, 2012 онд 44764 бүртгэгдсэн нь жилд дунджаар 2000 орчим галт зэвсэг иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд шинээр нэмэгдэж буйг харуулж буй юм.
Цагдаагийн байгууллага галт зэвсгээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн судалгаа гаргах, нөхөн илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа болон алдагдсан галт зэвсгийн тооллого явуулж, бүртгэлд хамраагүй галт зэвсгийг илрүүлэх, гэрчилгээжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлж байгаа хэдий ч эдгээр ажлын үр дүн иргэдийн аюулгүй байдлын баталгаа болж хараахан чадахгүй байгаа юм байна.
Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийг марк, төрлөөр нь авч үзвэл ихэвчлэн Тоз-8, Сайга, ЗКК-600, Винтов, Карабин, Иж-18 (дробовинк) зэрэг галт зэвсгийг ихэвчлэн ашиглаж байгаа бөгөөд зарим тохиолдолд байлдааны зориулалттай АКМ, Бирдан, Медведь, СКЗ, Марс, Макаров, Маузер гэх мэт галт зэвсгийг өмчилж, эзэмшиж байгаа талаар бүртгэгджээ.
Ийм учраас Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэн найруулж, галт зэвсгийг техникийн үзүүлэлт болон ашиглаж буй зориулалтаас нь хамаарч иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулагчийн болон цэргийн гэсэн төрөлд ангилсан ба иргэний харуул хамгаалалтын ангилалд хамаарахыг цагдаагийн байгууллага, хууль сахиулагчийн галт зэвсгийн ангилалд хамаарах жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цэргийн зориулалттай галт зэвсгийн жагсаалтыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус баталж байхаар тусгах болсон юм.
Мөн Гадаадын иргэн, харъяалалгүй этгээд Монгол Улсад галт зэвсэг өмчлөх, ашиглах нь Монгол Улсын иргэний эрх чөлөөнд халдах магадлалтай гэж үзэн гадаадын иргэн, харъяалалгүй этгээдэд галт зэвсэг өмчлөх, ашиглахыг хориглох талаар заалт оруулсан байна. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төв нь нийслэлд нэг байх, салбар байгуулах, тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавьж байхаар тусгажээ.
Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор Бууны албан татварын тухай хуулийг өөрчилж, Галт зэвсгийн албан татварын тухай хууль болгон шинэчлэн найруулан, иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөлд байгаа галт зэвсгийн татвар нь ойролцоогоор жилд 4000 төгрөг байсныг ихэсгэн 10000 төгрөгөөс 35000 төгрөг байхаар ялгамжтай тогтоох болоод байгаа юм.
Манай улсад галт зэвсгийн худалдаанд тавих хяналт суларсан нь мөн ноцтой асуудал дагуулж байгаа. Галт зэвсэг оруулж ирэх зөвшөөрөлтэй хоёр компани байдаг ч нэг нь л борлуулах эрхтэй. Үүнээс болоод худалдаалах үйл ажиллагааны хяналт алдагдаж, сумны худалдаа ч хяналтгүй болсон юм. Тиймээс шинэ хуулиар эдгээр асуудлыг зохицуулахаар оруулж, Галт зэвсэг импортлох зөвшөөрлийг доод тал нь таван компанид өгч, худалдах эрхийг импортлох зөвшөөрөлтэй компанид өгөхгүй байхаар тусгажээ. Мөн Худалдах төв ганцхан байх бөгөөд түүнд өндөр шаардлага тавьж, хяналтыг сайжруулах юм.
Энэ мэт өөрчлөлтийг тусгасан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-д өргөн баригдсанаас хойш өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж эхэлсэн. Харин өчигдрийн оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр уг хууль УИХ-ын чуулганаар хэлэлцэх боллоо.

Н.Гантуяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих