Сайншандын Засаг дарга Сум хөгжүүлэх мөнгөөр туйлжээ
Дорноговь аймагт бас нэг дураараа Засаг дарга гарч иржээ. Тодруулбал, Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр Сум хөгжүүлэх сангийн 800 сая төгрөгөөр ЗДТГ-ын өргөтгөл барьж, тансагласан байна. Боловсрол, нийгмийн салбарт хөрөнгө оруулах, сумынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах ёстой мөнгө ийнхүү сум хөгжүүлэхэд бус Засаг даргын конторыг өргөжүүлэхэд зориулагджээ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь өргөтгөл барих ажлыг өөрийнхөө танил талын компанид өгч тендерт шалгаруулсан гэж байгаа. Ингэхдээ 800 сая төгрөгийн 260 саяыг өнгөрсөн жил, үлдсэн 540 гаруй сая төгрөгийг энэ жил шилжүүлжээ.
Дорноговь аймгийн Сайншанд сумын хүүхдүүдийн 40 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй гэсэн тоо бий. Тэгвэл ЗДТГ-ын өргөтгөлд зарцуулсан 600 сая төгрөг нь150 хүүхдийн ортой цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө. Гэвч тансаг Засаг даргад хүүхдийн эрх ашиг бус өөрийнх нь тухлах өрөө, танилынх нь компанид орж ирэх мөнгө л чухал байсан бололтой. Эсвэл конторын барилга барихыг сум орон нутгаа хөгжүүлж байна гэж ойлгодог юм болов уу?
Уг нь Ерөнхий сайд өнгөрөгч жил Дорноговьд очихдоо Сум хөгжүүлэх сангийн мөнгийг ийм зүйлд, зориулалт бусаар зарцуулж болохгүй гэж анхааруулсан юм байна. Харин Сайншандын Засаг дарга засгийн тэргүүний үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихэж.
Ер нь л Засаг дарга Б.Батбаяр тансаглах дуртай нэгэн бололтой. Түүн шиг “Ланд-200” маркийн машин унадаг сумын Засаг дарга ховор. За бараг л байхгүй байх. Айлын эхнэртэй сээтэгнэж байж нөхөрт нь албаны “Лексус-450” маркийн машинаа шатаалгасан ч тэгсгээд нам жимхэн өнгөрсөн гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ.
Шүүмжилсэн нэгний өөдөөс “Миний ард аймгийн Засаг дарга байгаа, намайг хэн яаж чадах юм бэ” гэж аархдаг Сайншанд сумын Засаг дарга үнэхээр өөрийнх нь хэлсэн шиг том татаас, найдвартай ар талтай аж. Анх Ардын намын гишүүн байхдаа танхайн хэргээр хөөгдөөд дараа нь АН-ын гишүүн болж, улмаар Засаг даргын суудалд очсон Б.Батбаяр аймгийнхаа Засаг дарга П.Ганхуягтай байсгээд л албаны унаа хөлөглөн анд явж, хүзүү сээрээрээ холбогдсон андууд гэх.
Ийнхүү дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн засаг ноёдын үйлдэл хэрээс хэтэрч, ард түмний сайн сайханд зориулах ёстой мөнгөөр гараа угаахад хүргэсээр…
Аймгийн Засаг дарга П.Ганхуягийн “но”
Тендертэй холбоотой асуудлыг хөндөхөөр аймгийн Засаг дарга П.Ганхуяг ч бас нэр холбогддог, шүүмжлүүлдэг. Заримыг дурдъя.
Засгийн газрын “Шинэ сум” төслөөс Замын Үүдэд 15 тэрбум төгрөг хуваарилжээ. Энэ мөнгөний зургаан тэрбумаар босох Спорт цогцолбор “Фронт гейт” ХХК-ийн балгаар сураггүй. Барилгын ажлын тендерийг ямар ч чадамжгүй тус компанид өгснөөс тэр. Тус компани нь гурван жилд 1.2 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг. Гэвч ийм л компанид зургаан тэрбум төгрөг өгөөд явуулчихсан байгаа юм.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Даланжаргалан суманд баригдаж 2011 онд ашиглалтад орох байсан Соёлын төвийн тендерт “ХВS” компани ялсан ч 594 сая төгрөг аваад сураг алдарч. Соёлын төвийн нийт төсөвт өртөг 630 сая байсан аж. Үүнээс гадна Сайншанд суманд 650 сая төгрөгөөр 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих байсан ч тендерт шалгарсан “Билэгт хаан” компани 600 орчим сая төгрөгийг нь аваад мөн л алга болсон аж.
Эцэст нь….
Ойрын ирээдүйд манай улсын эдийн засгийн өсөлт уул уурхайд түшиглэх нь гарцгүй үнэн. Тэр тусмаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор зөвхөн дорноговьчууд төдийгүй монголчуудын хувьд том боломж. Хэдийгээр бүтээн байгуулалт өрнөж эхлээгүй ч уг цогцолбор Дорноговь аймгийг үнэд оруулах түлхүүр. Бас олны сонирхол, шуналыг эрхгүй татах их мөнгөний үнэр тэнд бий.
Харин өнөөдөр Дорноговьд их бүтээн байгуулалт хийх Засгийн газрын зорилтод энэ мэт засаг ноёдын увайгүй үйлдэл том тээг болоод байна. Хэлдэг газар, хариуцлага тооцдог засаг гэж байна уу?
URL: