“Сэнгүр” шар айраг хятадуудын Орост савладаг монгол брэнд болжээ
Монголчууд тогоонд нэрсэн архиа зооглож байсан бол ХХ зууны эхэн үед орос архи, хятад архи зэрэгтэй “нөхөрлөн” улмаар 1920-иод оны сүүлээр шар айраг гэгч хатуулаг багатай согтууруулах ундаатай танилцсан юм. Өдгөө Монголд шар айраг үйлдвэрлэх зөвшөөрөлтэй арваад компани бий бөгөөд эдгээрээс тал гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Бид саяхныг хүртэл гадаадын гоё чамин савлагаатай, гялгар шошготой шар айргийг шүтэж, түүнийг ихэд сонирхон хэрэглэдэг байлаа. Тэгвэл энэ үзэгдэл одоо түүх болон үлджээ. Үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж буй олон нэр төрлийн шар айраг өнөөдөр дэлгүүрүүдийн лангуун дээр өрөөстэй харагдана. Чанар, савлагаагаараа гадныхнаас ялгагдах юмгүй аж. Харин ч дотооддоо үйлдвэрлэгдэн хэрэглэгчдэд шууд хүрч байгаа учраас илүү давуу талтай юм. Хэрэглэгчид хөөс нь сахарсан шинэхэн шар айргийг хүртэх боломжтой болов.
Тэгвэл гадаад улс, орнуудаас импортоор оруулж ирж байгаа шар айргийн хувьд ачилт, буулгалт, тээвэрлэлт гэсэн олон үйл явцыг давахын тулд нэлээдгүй цаг хугацаа шаардлагатай учраас шим чанараа алдах аюул өндөр билээ. Хөхөө өвлийн хүйтэнд олон хоног контейнерээр тээвэрлэгдсэн шар айраг энд буугаад халуун агуулахад хадгалагдахаар ингэх нь аргагүй биз. Энэ мэт асуудлыг шийдвэрлэх зөв гарцыг үндэсний үйлдвэрлэгчид олжээ. Тэд орчин үеийн тоног төхөөрөмж, шилдэг технологи, экологийн цэвэр түүхий эдийг ашиглан чанар, стандартын өндөр түвшинд шар айргийг үйлдвэрлэх болсон юм. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр зарим нэг нь эхнээсээ тараа таниулж эхлэв. Сингапурын Tiger шар айргийг үйлдвэрлэдэг хэдэн хужаа нар манай нэгэн компанитай хамтран шар айраг үйлдвэрлэх үйлдвэр байгуулсан цаг саяхан. Тэд жинхэнэ монгол брэндийг бий болголоо хэмээн сүржин мэдэгдэж байсан билээ. Их Эзэн Чингис хааны ундаалж явсан Сэнгүр горхины нэрээр нэрлэгдсэн шар айргийг үйлдвэрлэснээ зарлан тунхаглаж, үүнээс зөөлөн бас амттай шар айраг гэж үгүй хэмээн мэдэгдсэн юм. Жинхэнэ монгол хөрсөнд ургасан зөрөг цэцэг тэргүүтнээр үйлдвэрлэсэн хэмээн цээжээ дэлдэж байтал тэр нь тийм биш болж таарлаа.
Саяхан иргэн Б худалдаанд гараад буй хоёр литрийн бор хуванцар савтай “Сэнгүр” шар айргийг худалдаж аваад байдал нэг л биш болохыг мэдэрсэн гэнэ. Бөглөөг нь мулталж буйдан дээрээ суугаад уг ундаанаас тамшаалан уувал амт нь нэг л биш байсан аж. Мань эр 20-иод жилийн тэртээ ганзагын наймаанд явж байхдаа Орост тийм амттай гашуувтар шар айргийг гүзээлж явсан учраас тэр үе түүний санаанд шууд буусан байна. Гайхан харвал шар айрагны шошгон дээр “Жинхэнэ монгол шар айраг” ОХУ-ын Санкт-Петербург хотноо савлагдсан болох нь тодорхой болжээ. Иймээс түүний сониуч зан хөдлөөд лавшруулан судласан гэнэ. Тэгтэл үнэхээр л MCS Asia Pacific Brewery LLC компанид шар айргийг том хуванцар саванд савлах бололцоо, төхөөрөмж байдаггүй нь илэрсэн аж. Тэгэхээр мань хүн харь орны хаана ч юм савлагдсан сэжигтэй ундаа уучихлаа хэмээн ихэд цэрвэн болгоомжилсон байна. Удаа ч үгүй байтал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дээрх компанийн үйлдвэрт жоом бэлчиж байна гэх мэдээлэл гарч, хөөрхий залууг муурч унагаах шахсан гэнэ. Тэрбээр хэрэглэгчдийг хуурч мэхлэн, гомдоож байгаа тус компанийн талаар судалж үзтэл саяхан Европын алдарт Heineken брэндийг үнэ цохин худалдаж авсан хужаа нарын охин компани болсныг нь олж мэджээ. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгч гэгдээд байгаа компанийн 55 хувийг хужаа нар авч, монголчууд тэдэнд хууртсанаар асар их хэмжээний хөрөнгө мөнгө гадагшлах үүд хаалга нээгдсэн байна. Энэ хэрээр хэрэглэгчдийн итгэл алдарч эхэлсэн аж. Шар айраг савлах цех, тоног төхөөрөмж зэрэг дээр нь бор гонжоомтой залуус гүйлдсэн гэх шуум дэгдсэнээр тус үйлдвэрийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд хааж байсан билээ.
URL: