Нярай хүүхэд хулгайлж, худалдсан эмчид цаазын ял оноожээ
Хятадын Шаньси мужийн Фүпин хотын нэгэн эмнэлгийн эх баригч эмчид нярай хүүхэд хулгайлж, хүний наймаачдад худалдсан хэргээр хоёр жилийн тэнсэн харгалзах цаазын ял оноож хорьсон байна. Эх баригч Жан Шуся нь дөнгөж төрсөн хүүхдийг эцэг эхэд нь нас барсан, эсвэл эдгэршгүй хүнд өвчтэй хэмээн хэлдэг байжээ.
Тэрбээр 2011 оны арваннэгдүгээр сараас өнгөрсөн оны долоодугаар сар хүртэл долоон нярайг хүний наймаачдад худалдсан аж. Тэдний хоёр нь ихэр байсан бөгөөд зургааг нь эсэн мэнд олсон бол нэг нь эндсэн байна.
Хятадад тэнсэн харгалзах цаазын ялыг ихэвчлэн бүх насаар нь хорих ял болгон өөрчилдөг. Түүнээс гадна энэ хэрэгтэй холбоотой хэд хэдэн сэжигтнийг баривчлан саатуулаад байгаа аж.
Эцэг эхчүүд энэ талаар цагдаад мэдээлэл өгснөөр хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ. Мужийн цагдаа үүнтэй адил 50 гаруй хэрэг шалгаж буйн 26 нь Жантай ямар нэг байдлаар холбоотой байжээ. Тус эмнэлгийн дөрвөн ч албан тушаалтны шүүх хурал үргэлжилж байна.
Eagle.mn
URL: