Төрөөс олгох мөнгийг хүлээвэл цагаан сар хийхгүй нь
Сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдээд байгаатай холбоотойгоор иргэдийн дунд цалин, хөгшдийн дунд тэтгэврийн нэмэгдэл багагүй хүлээлтийг үүсгээд байна. Энэ жил цалин, тэтгэврийн нэмэгдэлд 230 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүний 139 тэрбумыг цалин, үлдсэн 96 тэрбумыг тэтгэвэр тэтгэмж нэмэхэд зарцуулах юм. Өнөөдөр цалингийн нэмэгдлийн талаар сураг алга. Тэтгэврийн тухайд “Энэ сарын нэмэгдлийг ирэх сард хамтад нь олгоно” гэх мэдээлэл тархаад байгаа юм. Хөгшдөд горьдлого төрүүлсэн дээрх мэдээлэлд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ үгүйсгэсэн тайлбарыг хийсэн. Тэрбээр “Тэтгэвэр, тэтгэмж нэмэх шийдвэр албан ёсоор гараагүй. Засгийн газрын тогтоол гарсны дараа албан ёсоор нэмнэ. Иргэдийн дунд ийм ташаа мэдээлэл гарах болсон нь Ажилласан жилийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль энэ сараас хэрэгжиж эхэлсэн. Нэг ёсондоо 1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан дөрөв болон түүнээс олон хүүхэдтэй эх, улсад 27 жил ажилласан эмэгтэй, 32 жил ажилласан эрэгтэйчүүдийг ажилласан жил, туршлагыг нь үл харгалзан 40-45 настайд нь тэтгэвэрт гаргасан байдаг. Улсын хэмжээнд ингэж тэтгэвэрт гарсан 41 мянга орчим иргэний ажилласан хугацааг нь нөхөн тооцох бүртгэлийн ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлж, ажилласан хугацааны нэмэгдлийг баталгаажуулсны дараа буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн нэмэгдлийг олгох гэнэ. Үүнээс болж иргэдийн дунд ташаа мэдээлэл тархсан хэмээн салбарын сайд үзсэн ажээ. Засгийн газрын бодлогоор цалин, тэтгэвэр нэмэх хугацааг иргэд мэдэх ёсгүй гэж байгаа. Учир нь төдийд төчнөөн хувиар нэмнэ гэдгийг урьдчилаад зарлачихвал үнийн хөөрөгдөл бий болно. Тиймээс эл байдлыг бий болгохгүйн тулд нууцын зэрэглэлтэй мэдээлэл байх болно хэмээн үзэж байгаа хэрэг л дээ. Гэхдээ хугацаа зарлахгүй гэдгээр далимдуулан хоног хожиж, иргэдийн дунд хүлээлт үүсгэх учиргүй юм. Ялангуяа бүх нийтийн тэмдэглэлт баяр шил шилээ даран тохиож, иргэдийн халаасыг гөвж байгаа энэ цаг үед. Түүгээр ч үл барам иргэдэд мөнгөний хэрэгцээ их байгаа учир зээл авах хүсэлтэй иргэд, хөгшдийн материал арилжааны банкуудад жирийн үеэс огцом нэмэгджээ. Салбар хариуцсан сайдын тайлбараас харахад тэтгэвэр энэ сард нэмэгдээгүй, ирэх сард тэтгэврийн ямар ч нэмэгдэл байхгүй гэдэг нь тодорхой байна. Ямартай ч цагаан сараас өмнө цалингаа нэмэхээ байг гэхэд хөгшдийнхөө тэтгэврийг нэмчихвэл бага ч гэсэн нэмэр болох болов уу. Тэгээд ч бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, иргэд хөлд нь чирэгдэж байгаа энэ үед цагаа олсон шийдвэр болох биз ээ.
Олон хүүхэдтэй эхийг урамшуулах тухай хууль 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар эхчүүдийн одон авах нөхцөлийг хялбар болгосон гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хуульд нэмэлт өөрчлөлт орсноор дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эх “Эхийн алдар I” зэргийн одон авах боломжтой болсон. Үүнтэй холбоотойгоор шинээр одон авах эхчүүдийн тоо нэмэгдсэн гэж хэлж болно. Өмнө нь “Эхийн алдар” I,II зэргийн одонтой эхэд 50,100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог байсан. Дээрх хууль батлагдсанаар дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, I зэргийн одонтой эх 100, зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй II зэргийн одонтой эх 200 мянган төгрөгийн тэтгэмж авах болсон юм. Энэ жил улсын хэмжээнд 190 гаруй мянган эх одонгийн мөнгө авах аж. Өнөөдрийн байдлаар шинээр одон авах эхчүүдийн бичиг баримтыг харьяа сум, дүүрэг, хорооны нийгмийн ажилтнууд хүлээн авч бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Харин яг хэдийд олгох нь тодорхойгүй байгаа талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга М.Лхагвасүрэн хэлсэн. Уг нь жил бүрийн Мартын 8 эсвэл сар шинийн баярын өмнө олгодог. Нийгмийн халамжийн тухай хуулийн 19, Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын хавсралтаар “Эхийн алдар” одонтой эхчүүдэд мөнгөн тусламж хэрхэн олгох асуудлыг зохицуулсан байдаг. Түүнчлэн I, II зэргийн одонтой эхчүүдэд “Хоёр одонгийн мөнгө авах ёстой” гэсэн эргэлзээ байдаг. Үүнд албаны хүн “Хоёр одонтой эх давхацсан байдлаар тэтгэмж авахгүй. I зэргийн одонгийн 200 мянган төгрөгийг жилд нэг удаа л авна” гэх тайлбарыг өгсөн. Шинээр одон авах эхчүүдийн тухайд өөрийн иргэний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтаа бүрдүүлэх аж. Гэхдээ хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх шаардлагатай гэсэн.
Их, дээд сургуулийн оюутнуудад үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг дөрөв дэх жилдээ олгож буй. Өнгөрсөн арванэгдүгээр сард УИХ-ын зарим гишүүн үндэсний тэтгэлгийг нийт оюутанд хавтгайруулж олгох нь буруу гэж үзэн Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, тухайн их, дээд сургуулийн төгсөгчдийн 50-аас доошгүй хувь нь ажлын байраар хангагдсан, сурлагын голч дүн зэргийг нь харгалзаж олгохоор болсон юм. Энэ хичээлийн жилийн эхний улирлын үндэсний тэтгэлгийг хуучин журмын дагуу өнгөрсөн сард оюутнууд авсан. Үүнд улсын хэмжээнд 166 мянга гаруй оюутан хамрагдсанаас 136 мянга нь үндэсний тэтгэлэг, 30 мянган оюутан урамшууллын тэтгэлэгт хамрагджээ. Харин энэ сараас шинэ журам хэрэгжинэ гэж байсан ч ирэх намар хэрэгжих болсон талаар мэдээлэл гараад байгаа юм. Үүнийг Сургалтын төрийн сангийн дэд захирал П.Лхагвасүрэнгээс тодруулахад “Энэ улиралд шинэ журам хэрэгжихгүй. Тэгэхээр нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл хуучин журмаар оюутнууд тэтгэлгээ авна. Шинэ журам ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ” гэх тайлбарыг өгсөн. Түүнчлэн оны өмнөхөн оюутнууд тэтгэлгээ авахад дансандаа үлдээсэн мөнгийг нь эргүүлэн татсан гэх яриа гарсан. Үүнийг лавлахад “Ташаа мэдээлэл гарсан байна лээ. Төрийн сангаас банк руу шилжүүлсэн мөнгийг эргүүлэн татаж авна гэж байхгүй. Банк, оюутан хоёрын хооронд харилцаа үүсч байхад Төрийн сан мөнгөө татаж авна гэдэг боломжгүй. Төрийн сангаас тухайн сургуулийн оюутнуудын мөнгийг тоо ёсоор нь тушаасан” хэмээсэн юм.
URL: