“Ээж нь талх авах мөнгөө автобусанд өгчихлөө, уучлаарай”

“Өнөөдрөөс эхлэн автобусны үнэ 500 төгрөг болно”.

Ингэж Монголын том оврын автобус эрхлэгчдийн холбоо, “Автобус- 1”, “Автобус-2”, “Цахилгаан тээвэр” компанийнхан хэллээ. Автобусны тасалбарын үнийг 200 төгрөгөөр нэмэх болсон шалтгаан нь шатахууны хомсдол, дизель түлшний үнэ нэмэгдсэнтэй холбоотой аж. Том оврын автобус эрхлэгчдийн холбооныхон шатахуун, дизель түлшний хомсдол үүссэнээс болж нийтийн тээвэрт үйлчилдэг автобусны 30 хувь нь сул зогсч байгаа гэлээ.

Мөн нэг литр дизель түлшийг 1700-2200 төгрөгөөр авч байгаа нь алдагдалтай ажиллаж, нийтийн тээврийн ажил зогсоход хүрээд байгааг автобусны жолооч Л.Баяртогтох хэлсэн юм. Монголын том оврын автобус эрхлэгчдийн холбооныхон энэ талаар хотын удирдлагуудад мэдэгдсэн байна. “Нийслэлийн удирдлагууд нөхцөл байдлыг судалж үзээд, автобусны үнэ нэмэх асуудлыг нээлттэй үлдээсэн” гэж тэд ярилаа.

Өнөөдөр талхны үнэ 610-1300 төгрөг байна. Тэгэхээр автобусаар нэг удаа зорчиход нэг ширхэг талхны үнэтэй дүйхүйц мөнгөөр явах нь ээ. Өглөө хэтэвчиндээ 2000 төгрөгтэй гарсан ээжүүд орой ажил тараад харихдаа хүүхдүүддээ талх авч чадахгүй нь. Хичээлээ тарж ирсэн, дундуур гэдэстэй хүүхдүүд ээжийгээ ирэхийг хүлээнэ.

Харин ээж нь нэг л өдөр 200 төгрөгөөр өссөн автобусны тасалбарт талх авах байсан мөнгөө хураалгаснаа учирлана. Тавдугаар сар шувтарч байна. Сарын сүүлээр цалингаа хүлээсэн, халаасандаа хоёр гурван мянган төгрөгтэй яваа хүн олон. Унааны мөнгөнөөсөө хоногийн талхандаа хүргэж ядан байгаа ээжүүд ч цөөнгүй бий. Энэ сар цахилгаан, дулааны үнийн өсөлтөөр эхэлж, талх, шатахуун, дизель түлшний үнийн нэмэгдлээр үргэлжилсэн.

Тавдугаар сард өрнөсөн үнийн өсөлт энд хүрээд зогссонгүй. Дараагийн ээлж нь нийтийн унааны тасалбарын үнэ боллоо. Монголын том оврын автобус эрхлэгчдийн холбооныхон, автобусны жолооч нар “Энэ байдалд Засгийн газар ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол өнөөдөр өглөөнөөс эхлэн том хүн-500, хүүхэд-200 төгрөгөөр зорчино” гэлээ.

Э.Солонго


URL:

Сэтгэгдэл бичих