Монголын ашигт малтмалын 344 лицензийг номхон далайн бяцхан арал улсууд эзэмшдэг

Одоогоос арван жилийн тэртээ Монгол улсын газар нутгийн 60 гаруй хувийг ашигт малтмалын лиценз нэрээр гадаад,

дотоодын иргэд аж ахйн нэгжүүдэд олгосон гэх шуугиан гарч байлаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар энэ тоо хэрхэн өөрчлөгдсөн тухай “Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” хэмээх төрийн бус байгууллага мэдээлэл хийжээ. Тэдний хэлж буйгаар бол энэ 60 хувь өнөөдрийг хүртэл огт өөрчлөгдөөгүй байгаа гэнэ. Ямартаа ч Монгол улсын нийт газар нутгийн 60 гаруй хувьд 7200 лиценз олгогдсон байгаа аж.

Сүхбаатар аймагт гэхэд л 300 гаруй компанид ашигт малтмалын лиценз олгосон гэнэ. Гэхдээ Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас сүүлд гаргасан дүнгээр бол дээрх тооноос даруй хоёр мянга гаруйгаар цөөн лиценз олгогдоод байгаа юм гэсэн. Харин дээрх төрийн бус байгууллагын дэлгэсэн гадаадын ямар улс хэчнээн ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа тухай мэдээлэл нь их сонирхолтой аж. Монгол улсад ашигт малтмалын лиценз эзэмшигч гадаад орнуудаас хамгийн олон лиценз эзэмшдэг улсаар Англи улс тодорсон байх юм.

Тэд 443 ашигт малтмалын лиценз эзэмшдэг аж. Удаад нь манай хойд хөрш ОХУ 248, урд хөрш БНХАУ 232 лиценз эзэмшдэг юм байна. Тэгвэл Монголын гурав дахь хөрш хэмээгддэг арлын Япон улсын нэр дээр 141 лиценз бүртгэгдсэн байна. Гэхдээ эдгээр лицензийг тухайн улс эзэмшдэг гэсэн үг биш бөгөөд зөвхөн тэр орны иргэд, компани нэр дээрээ ийнхүү лиценз авсан гэсэн үг юм. Ингээд цааш нь жагсаавал Канад 76, өмнөд Солонгос 70, Шинэ Зеланд 36, Австрали 28, Герман 16, Франц 14, АНУ 12, Болгар 8, Люксенбург 8, Чех 4, Украин 3, Унгар 2, Малайз 1, Бельги 1, Ирланд 1 ашигт малтмалын лицензийг тус тус эзэмшдэг аж.

Хамгийн сонирхолтой нь дэлхийн газрын зураг дээр зөвхөн цэг төдийхнөөр тэмдэглэгддэг, хэн ч амьдардаг юм бүү мэд, арлын жижигхэн орны нэрээр хэдэн зуун лиценз олгогдсон байх юм. Кайманы арлууд 59, Антигуа-Барбуда арал 31, Багамын арал 98, Бермудын арал 156 ашигт малтмалын лиценз эзэмшдэг юм байна. Үүнээс харахад дээрх лиценз эзэмшигч орнууд бүгд арлын улс байгаа нь сонирхолтой.

Үнэндээ эдгээр арлын уугуул иргэд нь уул уурхайн томоохон компани байгуулах нь байтугай Монгол гэж хаана, ямар улс байдгийг ч бараг мэдэхгүй биз. Эдгээр улсад компани байгуулж бүртгүүлвэл татвараас бараг 100 хувь чөлөөлөгдөж болдог гэнэ.

Өөрөөр хэлбэл АНУ-ын  иргэн компани байгуулаад тухайн орондоо бүртгүүлвэл маш их хэмжээний татвар төлөх болдог аж. Харин тухайн иргэн дээрх арлууд дээр компани байгуулаад бүртгүүлчихвэл татвараас хөнгөхөн бултчихаж байгаа юм. Тэгэхээр энэ нь нэг талаараа луйврын, хууль бусаар мөнгө угаасан шинжтэй үйлдэл болон хувирч байгаа гэнэ. Тиймээс Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас дээрх арлуудын нэрээр олгогдсон лицензүүдийн цаад эздийг тодорхой болгох шаардлагатай байж мэдэх юм.


URL:

Сэтгэгдэл бичих