Гар утасны бүлэг хулгайчдыг илрүүлжээ
Нийслэлийн Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилтнууд өнгөрсөн есдүгээр сараас хулгайд алдагдсан Iphone төрлийн 300 мянгаас дээш үнэтэй гар утаснуудыг илрүүлэх арга мухардсан аж. Энэ төрлийн гар утсыг хулгайд алдсан тохиолдолд хэрэглэгчийнхээс өөр сим карт хийсэн ч байршил тогтоогдож, хэрэгтнийг илрүүлдэг байсан гэнэ.
Гэтэл есдүгээр сараас эхлэн хулгайд алдагдсан утаснууд дахин асахгүй, алга болсоор байж. Энэ хугацаанд Iphone төрлийн гар утсаа алдсан гэх 300 гаруй иргэнээс гомдол ирсэн байна. Ингээд чухам ямар учраас утаснууд ор сураггүй алга болоод байгааг тус албаныхан эрэн сурвалжилж эхэлсэн аж.
Ажиллагааны үр дүнд халаасны хулгайчид дээрх утаснуудыг хулгайлаад Монголд асаалгүй, БНХАУ-ын Эрээн хотод аваачин серийн дугаарыг нь өөрчлүүлж, буцаан авчирч өндөр үнээр худалдаалдаг байсан нь илэрчээ. Уг хэрэгт холбогдуулан одоогоор дөрвөн хүнийг саатуулаад байгаа юм байна. Тэд урд хөршийн Эрээн хотод утасны программыг өөрчилдөг олон газар байдаг талаар мэдүүлээд байгаа аж.
URL: