Бурхны ном уншуулахын учир
Аливаа амьтныг зовлонгоос гэтэлгэхээр Бурхан багш ном айлдсан тул түүний үрээс амар амгалан бүхэн гардаг аж. Тодруулбал, Бурханы зарлиг номыг ёсоор бүтээвэл энэ ба хойт насны санасан хэрэг сэтгэлчлэн бүтнэ гэсэн үг юм. Амьтныг зовлонгоос гэтэлгэж, амгаланд хүргэхэд номын хүч чадал орших, түүнчлэн цагаан зүгийн тэнгэр сахиус, лус савдаг тэргүүтэн баясч энэрэл ивээлдээ багтааснаар бидний энэ ба хойт насны үйл хэрэг сэтгэлчлэн бүтдэг хэмээн үздэг байна.
Хийморийн сан: муу санаа бодол, доройтсон хийморь сүлдийг ариусган сэргээж, сайн бодол санааг төрүүлж, цог заль, сүр жавхлантай болгож, аливаа ажил үйлсийг сэтгэлчилэн сайтар бүтээх болно.
Загд зүсэм: энэхүү дээдийн ном нь Бурхан багшийн туурвил бөгөөд хижиг өвчин, ад, хар тарни, хөлчүүрүүлэгч буг, гэнэтийн өвчин, хааны цааз, муу зүг, хорлол, өвчний зэтгэр, үхээрийн зэтгэр, насны зэтгэр, залуугийн зэтгэр, идэрийн зэтгэр, жил, сар, өдөр, цагийн зэтгэр, 360 ад, хорин мянган гэм, муу ёр, үл зохилдохуйн 81 хорлол бүхнийг амарлуулагч увдистай ном бөгөөд нялх балчир хүүхдийн амь насыг авран сахиж, “Нялхасын арван таван их ад”-ыг номхруулж, нялхаст ээлээ хайралмой.
Жанлав цогзол ма: айл гэр, улс эх орон, даян дэлхийд эрүүл энх сайн сайхан бүхэн дэлгэрэх, хүн, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, дайн дажингүй, муу үзэл бодолд автахгүй, эв тэй сайхан байх хотол чуулганыг дэлгэрүүлнэ.
“Ногоон дарь эх: гурван цагийн бурхадын үйлсийг тэтгэгч хорин нэгэн дарь эхдээ аврал залбиралыг үйлдэж, аюул бүгдээс гэтэлж, бидний хийморь лундаа, ажил үйлс бүхэн өөдлөн дэвжих болой.
Намсрай бурхны уншлага: дөрвөн Махаранзын нэг, шашныг хамгаалагч их сахиус Намсрай бурханы даллагын уншлагыг сонсож, Намсрай бурханыг шүтэх аваас сайн үйл бүхэн дэлгэрч, муу бүхнээс сахин хамгаалж, буян хишиг, эд агуурс, хөрөнгө зоорь бүхэн цугларч, орлогын үүд нээгдэн гарзын үүдийг хаадаг ажгуу.
Хорин нэгэн Дара эхийн ачлал: энэхүү дара эхийн ном хийгээд магтаалыг цаг үргэлж сонсож, даган баясаж байвал гай зовлон үтэр түргэн амирлаж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх увидастай ажээ.
URL: