Монголын хууль “Мон-Уран”-д үйлчилдэггүй

Хүүхдийн эрхийг хөсөр хаясан улс манайхаас өөр оронд байхгүй биз. Хүүхдийн гэх тодотголтой бүхэн хөрөнгө мөнгөтэй компанийн мэдэлд шилждэг “моод” дэлгэрээд удав. Үүний нэг жишээ бол Үндэсний соёл амралтын хүрээлэн. Тус байгууллагын өнгө үзэмж, техник, тоглоомыг сайжруулах нэрийдлээр газарт нь шунасан эрхмүүд дураараа дургиж байна.

Хүүхэд, багачуудын тоглож наадах эрхийг хязгаарласан тэдэнд хууль үйлчилдэггүй бололтой. Паркийн газар нутагт дур мэдэн барилга барьсан “Мон-Уран” компани хууль хянgлтынхнаар даажигнасан хэвээр байна. Учир нь тус компанийн гэх барилга байгууламжийг Үндэсний соёл амралтын хүрээлэнгиaн хашаанаас нүүлгэн шилжүүлэхийг шаардсан албан тоотыг удаа дараа хүргүүлж байсан ч нэмэр болсонгүй. Харин ч хууль хяналтынхнаас ч илүү эрх мэдэл гарган өнөөдрийг хүртэл газраа чөлөөлж өгөлгүй том толгойлж сууна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Үндэсний соёл амралтын хүрээлэнд 35.4 га газар ашиглуулахаар зөвшөөрөл олгосон байдаг. Гэтэл 2005 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргаж “Монголын үндэсний соёл амралтын хүрээлэн” гэх хувийн компанийг байгуулсан байдаг юм билээ. Тус компанийн 74 хувийг “Иточу” гэх Японы хөрөнгө оруулалттай компани эзэмшиж, үлдсэн 26 хувийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар эзэмших болжээ.

Өнөөх хүүхдийн төлөө “за” гэж хэлдэг нийслэлийн удирдлагуудын нүдэнд мөнгө харагдаж газраа түрээслэж байгаа хэрэг. Үүний нэг жишээ нь 2009 онд 324 мянга 965 ам.метр газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулахаар өөрчлөн газар ашиглах эрх бүхий 0000938 дугаартай гэрчилгээ олгосон. Энэ нь газрын хэмжээг хасч хувийн компаниас мөнгө зулгаах гэсэн башир арга байсан бололтой. Үүнийг нь “Мон-Уран” компани овжин ашиглаж 2004 оноос паркийн баруун хойд хэсэг болох Хүүхдийн ордны урд хэсгийн 1.2 га газарт дураараа хашаа хатгасан нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн юм.

Хашаа хатгаад ч зогсохгүй тэнгэр баганадсан өндөр барилга барьж эхэлсэн. Энэ нь Газрын тухай хуулийг зөрчөөд зогсохгүй, нийтийн эзэмшлиaн нутаг дэвсгэриaнх өөрийнх юм шиг захиран зарцуулсанд буруутгагдаж байгаа хэрэг. “Мон-Уран” компанийг буруутай гэдгийг шат шатны шүүхээс тогтоосон байдаг. Хуулийг гууль болгосон “Мон-Уран”-ынханд монголын төр хүлцэнгүй хандаж байна. Нэг ёсондоо монголын хууль “Мон-Уран” гэх компанид үйлчилдэггүй бололтой.

Эсвэл хуулиас илүү эрх эдэлдэг эзэнтэй учраас уу. Хүүхдийн паркийн газар нутаг хоёр компанийн эзэмшлийнх болсноос хойш хугацаа өнгөрлөө.  Гэтэл паркийн газраас хэд хэдэн компани хувь эзэмших эрхтэй гэх   хачирхалтай   мэдээлэл сонсогдсон. Эх сурвалжийн мэдээллээр бол “Сөүл”, “Мон-Уран”, “Монтоно”, “Монопол цонх” зэрэг-компаниуд паркийн газар нутгаас хумсалж өндөр үнээр бусдад заржээ. Хүүхдийн төлөө “май” гэсэн компаниудын ачаар өдгөө өндөр барилгууд шилээ даран босч ирсээр байна.

Паркийн хашаанд энд тэндгүй барилгын ажил өрнөж байна. Төмөр хашаагаар хаалт барьж, юу хийж буй нь үл мэдэгдэх орчинд барилгын компаниуд ажиллаж, харуул хамгаалалт ч чанга байх болж. Хаашаа л алхана хаа хүрэх гэж байгаа юм бэ. Хэнтэй уулзах гээ вэ гээд л асууж, шалгаах. Хүүхдийн паркийн хойд талд баригдаж буй барилгын гаднах талбайд “ШангриЛа Улаанбаатар” нэртэй зочид буудал баригдаж байгаа талаарх мэдээлэл бүхий самбар ч тавигдсан байна

Энэ нь Олон Улсын санхүүжилтийн корпорацийн төслийн хүрээнд баригдаж буй контор, үйлчилгээ,   зочид  буудлынзориулалттай барилга аж. Анх энэ газрыг “Монтоно” компани эзэмшиж байсан бол өдгөө “Эм Си Эс Пропертиз” компанид шилжүүлэн өгсөн гэнэ. Нэг компаниас нөгөөд шилжихдээ газрын хэмжээ нь өөрчлөгддөг журамтай болсон гэхэд хилсдэхгүй.

Учир нь “Эм Си Эс Пропертиз” компани анх байсан хэмжээнээс нь томсгож 30 мянган ам.метр болгожээ. Зарим эх сурвалжийн ярьснаар тус компани нь газрын хөлсөнд 13 сая гаруй төгрөг төлдөг байна. Ингээд бодохоор нийслэлийн удирдлагууд нийтийн эзэмшлийн газрыг бусдад түрээслүүлж улмаар ашиг олдог бололтой. Хэдхэн хоногийн дараа хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг үрсийн баяр болно. Гэтэл тэдний очих дуртай парк нь барилга байгууламжаар дүүрч, үзэх юм хомсхон байгааг дурьдах нь зүйтэй болов уу.

А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих