Халхголчууд хятадаас хараат болж эхэллээ
Дорнод аймагт томилолтоор ажиллах явцдаа их сонин мэдээлэл сонслоо. Монголын зүүн өмнөд хязгаар, Дорнод аймгийн Халхгол сумынхан тэр чигээрээ хөрш орны гар утасны компанийн хэрэглэгчид болчихож. Мөн дээрээс нь цахилгааныхаа хэрэглээг ч зуун хувь өмнөд хөршөөс хангаж байна. Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн цахилгааны хэрэглээ, гар утасны эрэлт хэрэгцээг хятадууд хангаж байна. Энэ талаар орон нутгийн удирдлага, холбогдох салбарын мэргэжилтнүүд ямар байр суурьтай байгааг ч сонирхлоо.
Халхгол сум нь аймгийн төвөөс 340 км зайтай. Тус сумаас цааш 60 км-ийн зайд орших Ялалт баг нь өмнөд хөршийн Амгаланбаатар хоттой хил залгадаг учраас тухайн орны гар утасны сүлжээ сайн байдаг тул 2008 онд “Скайтель”, “Юнител” гэх мэт операторууд тус суманд үйл ажиллагаагаа албан ёсоор идэвхжүүлсэн ч иргэд Хятадын гар утасны компанийг сонгосон хэвээр.
Манай гар утасны операторууд нь сумын төвөөс гарвал сүлжээгүй болчихдог болохоор хэрэглэх нь тун ховор. Орон нутгийн иргэд сүлжээ сайн, мөн дээрээс нь өөр хоорондоо ярих өртөг нь хямд гэдэг утгаар нь ихэвчлэн Хятадын гар утасны операторыг сонгодог аж. Тэд гар утсыг нэгжийн хамт 100 юаниар худалдан авч Монгол руу 20-30 му, хоорондоо 20 му-гаар ярьдаг байж. Харин энэ жилээс Монгол руу ярих үйлчилгээг хаагаад харин нэг удаа мессеж бичихэд нэг юань унадаг болсон гэнэ. Гэсэн хэдий ч өөр хоорондоо ярих тариф хямдхан, сүлжээ сайн гэдэг утгаар нь Ялалтчууд Хятадын гар утасны үйлчилгээнд өнөө хэр үнэнч байна. Суманд нь гар утасны нэгж болон сунгалтыг хийж үйлчилдэг хэсэг бүлэг хүмүүсийн сүлжээ ч бий болсон сурагтай.
Дорнод аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох зөвхөн хил, гаалийн ажилтнууд хэрэглэдэг гэж булзааруулж байгаа ч Халхгол сумын иргэд үүнийг эрс үгүйсгэж байна. Аймгийн Засаг даргын орлогч үнэхээр үнэн байдлыг газар дээр нь очиж үзээгүйнх үү, эсвэл…?
Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ байдалд хяналт тавьж буй эсэх талаар тодруулахад тус хорооны дарга Б.Болдбаатар “Халхгол сумын Ялалт багийн иргэдийн буруу биш. Заавал суманд тавьсан өөрийн орны сүлжээг ашиглах, зэргэлдээ орны сүлжээ ашиглах эсэх нь ерөөсөө тэдний дур. Бас танай сүлжээ манайд ороод ирчихлээ, болохгүй гээд хориг тавих эрх бидэнд байхгүй. Хятадын Эрээнд манай сүлжээ барьдаг л биз дээ. Түүнтэй л адил. Тухайн гар утасны компани ч манайхаас эрх авах ямар ч үндэслэлгүй. Энэ талаар манай улсын хэмжээнд ямар ч хууль эрхзүйн зохицуулалт байхгүй. Энэ бол цэвэр зах зээлийн өрсөлдөөн. Харин манай гар утасны операторууд орон зай, хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэйг л харуулж байна” гэсэн хариултыг өглөө. Холбогдох салбарын удирдлага иймэрхүү байр суурь илэрхийлж байхад өөр ямар ч үйлчилгээгээр хил хязгаар нутгийн иргэдийг татах арга саам сэдэж болох нь.
Цахилгааны хэрэглээ нь ч мөн адил Халхгол сумын хувьд өмнөд хөршөөс хараат. Аймгийн төвөөс алслагдмал учир өндөр хүчдэл буюу гэрэл цахилгааны асуудлыг шийдвэрлэхэд өртөг зардал их гэсэн шалтгаанаар хаягдаж хоцорсон энэ сумыг хилээс 25 километрийн зайд орших Амгаланбаатар хотын эрчим хүчний сүлжээнд 2007 онд холбожээ. Тухайн үед орон нутгийн иргэд бөөн хөл хөөр болж. Арга ч үгүй биз. 1990-ээд оноос хойш гэрэл цахилгааны бараа хараагүй байсан юм чинь. Ядаж л зурагтаа үзэж, хувцсаа индүүдээд өмсөх нь тэдэнд чухал байв. Нэг киловатт цахилгаан хэрэглэхэд 200 төгрөг төлдөг байсан бол саяхнаас хамтран ажиллах гэрээ байгуулснаар 100 төгрөгөөр тооцохоор болжээ. Нийслэлийн бид чинь нэг киловатт цахилгааныг 79 төгрөгөөр худалдаж авах болсондоо ихэд бухимдаж байхад хязгаар нутгийн сумын иргэд 100 төгрөг болгосныг том харж үзсэн хэрэг гэж үзэх юм билээ. Нэг киловаттын үнэ өндөр мэт сонсогдох ч өрхийн хэрэглээнээс хамаараад сардаа 8-30 мянган төгрөг төлдөг. Халхголчууд нийслэлийн биднээс илүү ихийг гэрэл цахилгааны хэрэглээнд зарцуулж байгаа биз.
Гар утас, цахилгааны хэрэглээг хангаж буй өмнөд хөрш хүссэн үнээр нийлүүлэх, дуртай цагтаа хязгаарлах гээд Халхгол сумыг хараат болгох цаг ойрхон байна. Хуучнаар газар тариалангийн сангийн аж ахуйд илгээлт өвөрлөж Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн залуусын хөлд дарагдаж байсан эл сум өдгөө хоёр мянга хүрэхтэй, үгүйтэй хүүхэд, хөгшид голдуу хүн амьдарч байна. Халхгол сумын Ялалт багт 100 гаруй сурагч, 10 орчим багштай сургууль, 30 хүүхэдтэй цэцэрлэг, банк, холбоо, багийн даргаас бусад нь бүгд ажилгүй. Тиймээс дийлэнх нь амьдрахын эрхээр төв бараадан нүүжээ. Одоо ч нүүдэл үргэлжилсээр. Энэ нүүдэлд хязгаар нутгийн иргэдийг буруутгах арга алга. Их хот руу чиглэсэн нүүдлийн араар өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаараа хамгаалж үлдсэн эх орны минь зах хязгаар нутаг эзэнгүйдэж, гаднын эрхшээлд орж байна. Өөр бусад хязгаар нутгийн иргэд маань яажшуухан аж төрж байгааг ч харж хандах цаг болжээ.
Зохиогчийн эрх “Ардын эрх“
URL: