Эрүүл мэндийн тухай хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүсчээ

Эмч нар эрх ашгийнхаа төлөө “жагслаа”.

Учир нь саяхан батлагдсан Эрүүл мэндийн тухай хууль тэдний дургүйцлийг хүргэжээ. Эмч нар энэхүү хуулийг “Ард түмний эрүүл энхийн төлөө ажиллах эрхийг минь боомилсон” хэмээн үзэж байгаа юм. Эрүүл мэндийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-т зааснаар “Үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах тухай заалтыг зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно” гэжээ.

Эмч нар өвчний түүх бичих стандартыг зөрчөөд үг, үсгийн алдаа гаргасан тохиолдолд жижиг гэлтгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох аж. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 24 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 12 сарын, өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 36 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед авч байсан үндсэн цалингаас нь тооцож ажиллаж байгаа байгууллагаас нь авна” гэж заасан байна.

Энэ заалт орон нутгийн эрүүл мэндийн төвийн боловсон хүчний асуудлыг шийдэх нэг арга. Гэсэн хэдий ч төрийн өмчийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний ажилласан жилийг хэт өндөр тогтоож, ялгаварлан гадуурхсан зохицуулалт болсон гэж эмч нар Эрүүл мэндийн тухай хуулийг баталсан гишүүдийг буруутгаж байгаа юм.

Нөгөө талаар хууль хэт чанга болсон гэдэгтэй эмч нар санал нэг байгаа. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооныхон эмнэлгийн ажилтнуудад халтай болсон учир хориг тавихыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүсчээ. Тэдний материалтай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга танилцаж байгаа аж. Үүнийхээ дараа эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөхөд шилжүүлэх юм.

Эмч нарын хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн тухай хуульд хориг тавих үндэслэл байгаа эсэх талаар гаргасан үндэслэлээ Ерөнхийлөгчид танилцуулах юм байна. Харин хуульд хориг тавьж, эмч нарын талд зогсох эсэх нь Ерөнхийлөгчөөс шалтгаална. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат ч энэ талаар судалж эхэлжээ. Тэрбээр удахгүй Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж, Эрүүл мэндийн тухай хуулийн талаар санал солилцох төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Ц.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих