Д.Энхбат агсны дүү ноцтой баримт дэлгэнэ гэв
2003 онд Д.Энхбат агсаныг Олон Улсын эрх зүйн хэм хэмжээ зөрчин хулгайлж авчрах ажиллагаанд оролцсон тухайн үеийн тагнуулын ажилтан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц Лондонд баривчлагдан анхаарал татах, хурц сэдэв болоод байгаа. Гэтэл тухайн үед хулгайлагдан Монголд ирээд шоронд нас барсан Д.Энхбат агсны төрсөн дүү Д.Баяраа халдлагад өртсөн хэрэг дэгдээд байна. Энэ талаар Д.Баяраа өнөөдөр хэвлэл мэдээлэлд хандсан юм. Халдлагын талаар тодруулбал Д.Баяраа өнгөрсөн сарын 25-ны шөнийн 11.30 цагийн үед ажлаасаа харих замд нь үл таних эрэгтэй гал асуусан. Тэрбээр тамхийг асааж өгөх гэтэл гурван эрэгтэй араас нь гарч ирж суудлын автомашинд суулгаж дараа нь ам руу нь шингэн зүйл цутгаж биеийнх нь зүүн хэсэгт зөөлөн эдээр цохиж машинаас буулгаж гудамжинд хаясан байна. Түүнийг гудамжинд ухаангүй хэвтэж байхад нь төрсөн дүү ирж эмнэлэгт хүргэжээ. Одоогоор химийн хордлогын хам шинж гэсэн оноштой эмчлүүлж байгаа гэнэ.
-Таны халдлагад өртөх болсон шалтгааныг юутай холбож ойлгож байна вэ?
-Миний ах Д.Энхбатыг одоогоос долоон жилийн өмнө Монголын тагнуулын байгууллагын ажилтнууд Олон Улсын хэм хэмжээ зөрчин гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилж авчирч С.Зоригын аллагын хэрэгт буруутган эрүүдэн шүүж харамсалтайгаар амь насаа алдсан юм. Тухайн үед ХХЕГ, ТЕГ,ЦЕГ-аас зөрүүтэй мэдээлэл цацаж байсан баримтууд ч одоо надад бий. Одоо Их Британид хүн хулгайлсан хэргээр баривчлагдсан Б.Хурцын талаархи мэдээллийг сонсч манай гэр бүлийнхэн маш их баярласан. Эрх чөлөө, ардчиллыг уландаа гишгэсэн эрх мэдэлтнүүд ахад минь хилсээр ял хүлээлгэх гэсэн оролдлогоо нуун дарагдуулсан ч өнөөдөр Хүний эрхийг дээдэлдэг улс орон болох Английн хараанаас гарч чадсангүй. Манай бэр эгч /Д.Энхбатын эхнэр асан / Герман улсад ажиллаж амьдардаг. Бид хоёр ирэх сард болох Б.Хурцын шүүх хуралд Лондонд очиж өөрийн биеэр суух төлөвлөөтөй байсан. Тэр төлөвлөгөөний дагуу өнгөрсөн сарын 25-ны өдөр АНУ болон Германы элчин сайдын яаманд ахын амьд сэрүүндээ үлдээсэн баримт бичгийг хүргэж өгөх байв. Харамсалтай нь, миний биед халдсан этгээдүүд энэ төлөвлөгөөг минь мэдсэн бололтой.Тэгэхээр ахтай холбоотой баримтыг Европын элчин сайдын яаманд өгөх, мөн Б.Хурцын шүүх хуралд оролцох гэснийг тасалдуулах гэсэн оролдлого гэж ойлгож байна.
-Халдлагад өртсөн талаараа цагдаагийн байгууллагад хандаагүй шалтгаан нь юу вэ?
-Би Монгол Улсын хүчний байгууллагад итгэхгүй байна. Миний ахыг хилсээр гүтгэж амь насыг нь бүрэлгэсэн хууль хяналтынханд итгэнэ гэж юу байхав. Тухайн үеийн баримтуудаас ганц нэгийг дор дурдья. Тухайлбал Цагдаагийн Ерөнхий газраас доорх ташаа мэдээллийг гаргасан байдаг. “ Д.Энхбатыг эрэн сурвалжилж 2003 оны тавдугаар сарын 25-ны өдөр баривчилж холбогдох хэргийг шалгаж эхэллээ” гэсэн мэдээлэл гаргасан. Гэтэл ахыг Францаас хулгайлж авчирснаас хойш тавдугаар сарын 18-25-ны өдрийг хүртэл хаана байсан нь тодорхойгүй. Хил хамгаалах ерөнхий газраас хилээр орж ирсэн эсэх талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. Энэ мэтчилэн зөрүүтэй баримтууд маш олон байдаг. Хэдийгээр миний амь насанд аюултай ч би Олон Улсын хүний эрхийн байгууллагад хандана цаашид тууштай тэмцэнэ. Энэ сарын 15-ны өдөр болох Б.Хурцын шүүх хуралд ахыг хэлмэгдүүлж байсан талаархи баримтыг хүргүүлэхийг бодно. Одоогоор биеийн байдал маш хүнд байна. Химийн хор надад яаж нөлөөлөхийг би хэлж мэдэхгүй байна.
Н.Түвшин
URL: