Бусдын тарьсан үр

527-1389151810527-1352256517TopН.Энхбаяр бэрсээ хөдөлгөлгүй хүүгээ түлхэв. Даржин үгтэй, даахалзуур хүү бэрсээс ч илүү эрх мэдэлтэй гэж пээдэлзэж байна, цаана чинь. Намынхандаа нүд үзүүрлэгдэж, дарамт шахалтад амьдарч байгаагаа ч умартан “Экс надад хайртай” гэж хашгичиж байх юм гээч.

Пампарстай гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүртэл айлгаж байсныг бодоход аргагүй л арын хаалга томтойнх. Иймээс “76 ба түмний нэг”-ээр мань эрийг буландахаар шийдэв. Улс төр экс Ерөнхийлөгч Н.Энхбаяраар даажигнасан тэрхүү ширүүн өдрүүдэд О.Баасанхүү гэгч эр олны анхаарлыг татах болсон юм.

Тухайн үед тэр өндрөөс уруудаж яваа эксийн өмгөөлөгчөөр ажиллаж байлаа. Хачирхалтай нь, экс Ерөнхийлөгчийг төрийн нэрийн өмнөөс шүүж байхад Төрийн ордонд О.Баасанхүү, Ц.Цолмон нар УИХ-ын гишүүний тангараг өргөв. О.Баасанхүү. Энэ эрхэм Н.Энхбаярын хөлөө хөл хүрэх газар бүрт зарга хийж заншчихсан нэгэн.

Товчхондоо, экс Ерөнхийлөгч тэргүүтэй МАХН-ын гал улаан хамгаалагч. Ямартаа л тангараг өргөснийхөө дараахан дээрх шүүх хурлын ерөнхий шүүгчээр ажилласан С.Соёмбо-Эрдэнийг тагнах даалгаварыг сэтгүүлчдэд өгч “балайрав”. Сүхбаатар дүүргийн шүүгч С.Соёмбо-Эрдэнийг аль нутагт төрсөн, дунд сургуульд байхдаа хэд сурдаг байсан, их, дээд сургууль төгссөн эсэхийг тагнах ёстой гэнэ.

Тэр ч атугай хэдэн ээлжийн костюмтай, хаанахын ямар брэндийн сүрчиг хэрэглэдэг, бүр эхнэртэйгээ орой яг хэдэн цагт орондоо ордог нууц амрагтай эсэхийг нь хүртэл мэдэхийг хүссэн юм даг. Энэ бол их тэнэглэлийн дөнгөж эхлэл нь байв. Намхан нуруутай, навтгар хамартай тэрбээр “памперс”-тай гишүүдийнхээ дэргэд бол лут гар.

Хэлэх гэснээ хэнээс ч айлгүй хэлчихнэ. Энэ зангаараа улс төрд тийм ч удаан амьдрахааргүй гэж ангийнхан нь дүгнэдэг юм билээ. Олны яриа ортой. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва түүнийг намаасаа гарахыг зөвлөсөн. Мань эр тэр дор нь цахим хуудсаар цацаж, намын даргад ховлов.

Хариуд Н.Энхбаяр намын дэд даргадаа хандаж “Энэ намыг устгах гээд байгаа юм уу эсвэл ажиллуулах гээд байна уу. Ажиллуулмаар байвал одоо бодлогоо тодорхойл. Юундаа унтаад байгаа юм бэ” гэж мань эрээр хэлүүлсэн гэнэ лээ. Тэгэхээр хүү аврагдаж, бэрс гарзанд гарч байгаа бололтой юм.

Гэхдээ л намынхан нь утсаар, цахим ертөнцөөр үргэлж доромжилж байгаа гэсэн. Ам нээх бүртээ эвслийн эсрэг дуугарч байдаг юм хойно, яалтай. Магадгүй тэр зэргийн шийтгэл амсах ёстой ч юм бил үү. Нам бол багийн тоглолтоор амжилтад хүрдэг дүрэмтэй. Харин мань эр ганцаарчилсан тоглолтод гаршсан.. Тэгэхээр эвцэлдэж өгөхгүй нөхрийг эвсэлд байлгах хэрэг юусан.

Засгийн газрын нэр бүхий хоёр сайдын асуудлыг хэлэлцэх үеэр эвслийн бүлгээс эрс тэс өөр байр суурь илэрхийлсэн. Ч.Улаан намынх нь гишүүн байх эсэх түүнд падлийгүй. Мөн Чингэлтэй дүүргийн эмнэлгийн барилгын маргааны асуудал ч ялгаагүй.

Төрийн ордны баруун талын эмнэлгийн зориулалттай барилгыг төсвийг нь батлаад дуусгах ёстой байсан. Гэтэл барихад нь 20 тэрбум төгрөг орсон барилгыг найман тэрбумын өртөгөөр нураахаар шийдвэрлэсэн нь гишүүний эгдүүцлийг хүргэсэн юм.

Нураах гэсэн шалтгаан нь Хууль Зүйн сайдыг тансаглуулах гэсэн зорилготой байсан нь бүр ч таалагдаагүй. Иймээс барилгыг эмнэлгийн болгох шийдвэр гарахгүй бол намаасаа гарна гэж хатуухан мэдэгдсэн. “Ардчилсан нийгэмд намаас гарах, хөөгдөх, өөр намд орох хэнд ч нээлттэй асуудал биз дээ.

Намаасаа гарлаа, болилоо гээд яах ч үгүй. Гарсан, гараагүй ч миний л асуудал. Би АН-ын гишүүнээр 1994 оны зургадугаар сард элсч 2011 оны нэгдүгээр сарын 26-нд гарч байсан” гэж тэр хэлж байсан нь учиртай ч юм бил үү.

Ус зөөж, түлээ хагалж эмээ дээрээ өссөн О.Баасанхүүгийн аав нь жолооч, ээж нь хуучнаар түүхий эдийн баазад ажилладаг байсан. Чийгтэй орчинд төрсөн болохоор багын ракеттай, долоон нас хүртлээ хөлөөрөө биш бөгсөөрөө гулгаж явдаг нэгэн байсан гэдэг.

Хожим нь эрүүл агаарт гарч, эмчилгээ сувилгаа хийлгэсний хүчинд хөл дээрээ явдаг болсон ч 25 нас хүртлээ шүд муутай нэгэн байжээ. Оюутан ахуйдаа “Төрийн албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх асуудал” нэртэй илтгэл тавьж сургуульдаа тэргүүн байрт шалгарч байсан бол тухайн үед Х.Тэмүүжин сайд мань хүний ард эрэмбэлэгдсэн гэдэг.

1997 онд МУИС-ийн хуульзүйн сургуулийг төгсч, Удирдлагын академид хоёр жил багшилсан. Дараа нь олон улсын байгууллагад шашны эрх, хүний эрхийн чиглэлээр ажиллаж энэ хугацаандаа магистр хамгаалсан. Ерөнхийдөө бусдын итгэл үнэмшлийн тал дээр голлон ажилладаг.

УИХ-д орж ирэхээс өмнөх гурван жилд Японы Элчин сайдын яаманд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Нэлээд хэдэн хэрэг дээр ажиллаж байсан ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэргийг өмгөөлөх болсноор олонд алдаршиж, зам мөр нь гэрэлтэж эхэлсэн гэж тодотгож болохуйц.

Уг нь мань хүн АТГ-ын дарга Э.Амарбатыг гүтгэсэн хэрэг, Ч.Сангарагчаагийн тагнаж чагнасан хохирогчийн талын өмгөөлөгчөөр ажиллаж, байсан аж. Товч бөгөөд тодорхой танилцуулахад нэг иймэрхүү.

Парламентын босго алхсанаасаа хойш Нэмүү өртгийн албан татвар, Шонхор шувууг худалдахыг хориглох тухай, Тамхины эсрэг хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад буй. НӨАТ-аас зарим хүн айдаг. Мөнгөө буцаан авч чаддаггүй учраас үүнийг өөрчилнө.

Уг нь НӨАТ татварын том хөнгөлөлт хэмээн хууль санаачлагч тодотгож байсан. Харин Тамхины тухай хуулиас болж Л.Эрдэнэчимэг гишүүнтэй хонь, чоно болсон. Бизнес эрхлэгчдийн лоббид автаж, хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барилаа гэх шүүмжлэл өнөөдрииг хүртэл хөвөрдөг.

Бас Ерөнхий сайдыг мессежеер дарамтална шүү гэж айлгаж чадсан мундаг эр. Оюутнуудаас 70 мянган төгрөгөө шаардсан 70 мессеж аваад Н.Алтанхуяг шоконд орсон гэсэн. Тэгвэл би 7000 мессеж явуулах хөдөлгөөн өрнүүлэх болно гэж хэлээд дуугүй болгов.

Мөн АН-ын даргын утасны дугаарыг нийтэд зарлана гэж Н.Алтанхуягийн аргыг нь барсан даа, хөөрхий. Үндсэн хуулиас ч эмээдэггүй энэ Засгийн тэргүүнийг шинэхэн гишүүн жижигрүүлчихнэ лээ.

Мань хүний хэлснээр “Хүн эхлээд чамайг тоохгүй байна. Дараа нь чамайг шоолно. Дараа нь муулна. Эцэст нь чамайг дагана” гэгчээр эхэндээ түүнийг шоолж байсан бол одоо муулуулдаг араан дээрээ явж байна.

УИХ-ын эрхэм гишүүн О.Баасанхүү хуульчийн хувьд, төрийн түшээгийн хувьд тийм ч жижигхэн хүн биш гэдгээ харуулж, бас ойгуулж чадсан, өнгөрсөн хугацаанд. Гаднаасаа үзэгдэх байдлынх нь цаана шаггүй шазруун, барагтай хүнд бярдуулахгүй гэсэн тэмцэгч чанар нь нуугдаж байсныг нь олон хүн олоод харчихаж.

Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих