Харх өвөлдөө хөлдөөд хавар дахин амьдрах чадвартай

527-1388025943harh

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт харх гээч сүрхий амьтан бий болоод багагүй хугацаа өнгөрөөд байгаа.

Урьдны мэдээлснээр 35 ширхэг хархыг хавхаар барьж алсан гэж байсан бол хамгийн сүүлчийн мэдээгээр 45 хархыг хавхаар болон удаан үйлчилгээтэй хороор хордуулан барьж устгасан байна.
Аймгийн Онцгой байдлын газар, Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар, Зоонозын судлалын төвийн мэргэжилтнүүд газар дээр нь очиж устгасан хархнуудаас Улаанбаатар хот руу явуулж шинжлүүлжээ. Энэхүү харх нь 40см-ын урттай, 60 төрлийн хархнууд дундаас хамгийн аюултай бор харх гэдэг нь тогтоогджээ.
Тэр нь жилдээ дөрвөн удаа төрж өсөж үрждэг, байгалийн ямар ч нөхцөлд зохицож амьдрах чадвартайгаас гадна өвөлдөө хөлдөж хавар гэсэж дахин амьдрах чадвартай байж болзошгүй хэмээн үзсэн учир дулааны улиралд дахин шинжлэхээр болсон байна. Энэ аюултай харх гээч амьтан өдрийн цагаар үзэгддэггүй байна.

Шөнийн цагаар хоол тэжээл хайн нефть хайгуулын хятад компанийн ажилчдын махан хоол хүнс, борц зэргийг нь идсэн байна. Хархыг устгахаар явдаг жим дээр нь хавх зүүхэд тойрч яваад баригдахгүй болохоор нь удаан үйлчилгээтэй хор тавьж хордуулан барьсан тухай мэдээлсэн.
Үүнээс үзэхэд тодорхой хугацаа өнгөрч байгаа учир энэ муу санаатай амьтны тоо толгой нь өсөн үржиж, бүрэн гүйцэд илэрч устгагдаагүй үлдсэн байж болзошгүй юм.
Тиймээс нутаг орны холбогдох байгууллагуудаас анхааралтай ажиглаж, энэ амьтан газар авч тархахаас сэргийлж нутгийн ард түмэнд сайтар мэдээлэл өгч байх нь зүйтэй. Харх гэдэг амьтныг таньж мэдэхгүйгээс болж ямар нэг аюулд өртөх эрсдэл өндөртэй.




URL:

Сэтгэгдэл бичих